Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *************,

Улсын яллагч М.Мөнхтайван,

Иргэний нэхэмжлэгч ********,

Шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************овгийн ********* **********-д холбогдох 2226004510038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Монхайц Партнер” ХХК-д угсралтын техникч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны ** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************овгийн ********* **********. Регистрийн дугаар ***********,

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч ************ нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 2 дугаар багийн нутаг “Бажийн дөрөлж” гэх газар хатуу хучилттай авто замд “Ланд Круйзер-200” загварын ********* улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч **************-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлнө гэв.

Иргэний нэхэмжлэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...Миний хүүхэд машин барьж явсан. Хүүхдээсээ нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

             Шүүгдэгч ************ нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 2 дугаар багийн нутаг “Бажийн дөрөлж” гэх газар хатуу хучилттай авто замд “Ланд Круйзер-200” загварын ********* улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т  “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч **************-ы эрүүл мэндэд  “L1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

 Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч **************-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас гарч явж байгаад зам тээврийн осолд орсон. Тус ослоос болоод миний нуруу хугарсан, нэг хавирга хугарсан, эгэм гэмтсэн. Өөрөөр бол том хэмжээний гэмтэл аваагүй. Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг явах гээд Ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийн арын зорчигчийн суудалд сууж явсан. Тус автомашин жолоодож явсан гэх хүн болон хамт сууж явсан хүмүүсийг огт танихгүй. Тус автомашин нь засмал замын халтиргаан дээр онхолдсон. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын төвд нугас чөлөөлөх, нурууны яс бэхлэх хагалгаанд орж 3 ширхэг нурууг төмрөөр хадуулсан. Одоогийн байдлаар өөр хагалгаанд ороогүй, хэвтрийн дэглэм сахиж эмийн эмчилгээтэй байна. Миний бие бүрэн гүйцэд эдгээгүй, эмчилгээтэй байгаа. Цаашид буюу 1 жил 6 сарын дараа хоёр дахь хагалгаанд орно, өөрийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг харж байж гомдол, саналын асуудлыг шийднэ. Тус гэмт хэргээс болж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын орлогчийн ажил үүргээс татгалзаж гарсан. Яагаад гэвэл эмчилгээтэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор би ажилгүй байх үеийн тэтгэмж, нөхөн олговор болон цаашид эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой манай хүү ************ утасдаад Өвөрхангайд осолд орсон гэж хэлсэн. Өглөө нь 07 өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос гэрээсээ миний нэр дээр байдаг ********* улсын дугаартай 200 загварын машинтайгаа явсан юм. Хоёр хүн аваад Говь-Алтай явна гэж байсан юм. Зорчиж явсан нэг хүн нь нурууны сэртэн хугарсан гээд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Бусад хүмүүсийг эмнэлэгт үзүүлсэн, зүгээр байсан. Машин дээр очиж үзэхэд урд тал нь ер нь эвдрэлтэй, зүүн хойд тал хонхойсон зэрэг гэмтэлтэй байсан. Улаанбаатарт очоод ************* гэдэг хүний эм тариаг авч өгсөн, хагалгааны зардал энэ тэрийг нь өгсөн. ...Энэ миний нэр дээр байдаг миний автомашин байгаа юм. Манай хүү ************ бас унаж ашигладаг, бид хоёр хоёулаа л унадаг юм. ...Манай хүү унаж явсан юм чинь нэхэмжлээд байх юм байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Гэрч ************-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос хүргэн ************-ын хамт ахиад гурван хүн аваад Говь-Алтай аймаг руу гарсан. ************ өөрөө машинаа жолоодоод би хажууд нь урд суудал дээр суугаад Өвөрхангай өнгөрч өгсөж яваад зам дээр халтираад замын урд тал руу ороод онхолдсон. Миний биед бол гэмтэл учирсан зүйл байхгүй. Ард сууж байсан нэг хүний нуруу нь гэмтсэн гэсэн. 17 цагийн үед осол гарсан байх, гэгээтэй байсан, цас ороогүй, зүгээр замын өгсүүр хэсэгт цас тогтсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах гээд унаа хайж байгаад унаа олсон, өглөө явахаар болсон. 200 загварын машин байсан. Жолооч нь эрэгтэй хүн байсан. Жолоочоос гадна дөрвөн зорчигч байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн морьтой хөшөө өнгөрч явж байгаад гулгаад замын урд тал руу эсрэг урсгалын урд талд онхолдсон. Миний биед гэмтэл учраагүй, хойд талын суудал дээр зүүн гар талын хамгийн захад сууж явсан хүн гэмтсэн. Би жолоочийн эсрэг талын ард захад сууж явсан.  40 км цагийн хурдтай явж байсан. Жолооч өөрөө их зөөлөн явдаг хүүхэд байсан. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах гээд зараар унаа олоод өглөө осолд орсон. 200 загварын машинд суусан.  09 цагийн үед хотоос гарсан. Жолоочтойгоо таван хүн явсан. Би хойд суудал дээр голд хоёр эрэгтэй суугаад урд жолоочийн хажууд жолоочийн дүү нь гээд залуу суугаад явж байсан. Машин шарваад замын урд шороог мөргөөд онхолдсон, машин баруун талаараа унасан байсан. ...Би хойд дээш харсан хаалгаар гарсан хойно миний хоёр талд байсан хүмүүс эмнэлэг явсан. Миний бие зүгээр, ил харагдах гэмтэл бол байхгүй. Миний зүүн талд сууж явсан залуугийн хамар нь халцарсан байсан, нуруу нь өвдөөд байна гэж байсан. Их хурдтай яваагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

Шүүгдэгч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:... 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос аавын нэр дээр байдаг ********* улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн машиныг жолоодоод дүү ***********-г суулгаад, зардал авч 3 хүнийг суулгаж 08 цагийн үед гарсан. Замдаа “Хаан Бууз” дээр зогсож хоол идсэн. Өөр зогсоогүй. Өвөрхангай аймгийн төвд ирээд шатахуун нэмэх гэхэд шатахуун олдохгүй болохоор нь шууд гарсан. Өгсүүр замаар явж байсан. Зам гулгаатай байсан. Тэгээд гулгаад байхаар нь тоормосоо гишгэхэд гулгаад л  байсан. Тэгээд замын урд тал руу онхолдчихсон. Миний биед гэмтэл учраагүй. Ард сууж байсан Баатарчулууны биед гэмтэл учирсан болохоор замын унаанд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Араас нь ********, ***********хоёр явсан. Өвөрхангай аймгийн эмнэлэгт ирээд үзүүлтэл нуруу нь гэмтсэн байсан гэсэн. Зорчигчдоос **************-с өөр хүн гэмтээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2013 онд Улаанбаатар хотод “Авто сургууль арга зүйн төв” сургалтын төвд сургалтад хамрагдаж жолооч болсон. Тэр үеэс хойш жолоо барьж байгаа. В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. Би тухайн үед 50-60 км/цагийн хурдтай явсан. Өгсөж явсан болохоор хурдаа сааруулсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 714 дугаартай:... 1. Үзүүлэгч **************-ы биед L1 дүгээр нугалам их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой,

3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/,

Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай:... 1.Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “...зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”,

2. ********* улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ************ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3.Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.

4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №151 дугаартай “...Авто машины эвдрэлийн үнэлгээ 7,200,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-57 хуудас/,

            Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 хуудас/,

            Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “************ нь №*****дугаартай В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй” гэсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 76 хуудас/,

           Хохирогч **************-ы шүүхэд ирүүлсэн:... Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний эмчилгээ, хагалгааны зардал болон ор хоног, эм тарианы мөнгөнд ************оос 3,500,000 төгрөг төлсөн. Ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэсэн хүсэлт,

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №14 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 96-97 хуудас/,

 Шүүгдэгч ************ын хувийн байдлыг тодорхойлсон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-81 хуудас/, шүүгдэгч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хохирогчид учирсан хохирлыг төлөхөө хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ************ нь жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “************ нь №******** дугаартай В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй” гэсэн жолоочийн лавлагаагаар /хх-ийн 76 хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч ************ын 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 2 дугаар багийн нутаг Бажийн дөрөлж гэх газар хатуу хучилттай авто замд “Ланд Круйзер-200” загварын ********* улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч **************-ы эрүүл мэндэд “L1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ************овгийн ********* **********ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ************-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ************ нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бажийн дөрөлж нэртэй газарт байрлах хатуу хучилттай авто зам дээр “Ланд Круйзер-200” загварын ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч **************-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч  **************, иргэний нэхэмжлэгч ********, гэрч **************,  гэрч Ч.********, гэрч ********* нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 714 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээч Болдбаатарын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, зам тээврийн ослыг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч ************ын буруутай үйлдэл нь хөдөлгөөнд аюул саад учирсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох шаардлагатай, зохист хугацаа, самбаачлах боломжийг үгүйсгэх бөгөөд энэ нь осолд өртсөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримттай шууд шалтгаант холбоотой болбол шүүгдэгчийн үйлдэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч О.**************-с хохирол төлбөрийн талаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид 3,500,000 төгрөгийг нотлох баримт шаардахгүйгээр сайн дураараа төлсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилсэн тохиолдолд төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин буюу 8 сарын цалинг нэхэмжилнэ гэсэн бөгөөд сард 1,100,000 төгрөгийн цалинтай гэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 1,100,000 төгрөгийн цалин авдаг талаарх тушаал, цалингийн цэс, дансны хуулга зэрэг баримт байхгүй. Мөн хэдий хугацаанд ажилгүй байсан талаарх эрх бүхий байгууллагын албан бичиг хэрэгт авагдаагүй. Тухайн Засаг даргын Тамгын газрын тушаал нь хуулбар үнэн, тамга тэмдэг байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа өгсөн боловч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр авсан лавлагаа байсан. Уг лавлагаа нь 1 сарын хүчинтэй ч хүчинтэй хугацаа дууссан байдаг. Эдгээр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч ************ нь бусдад төлөх төлбөргүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ************ нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.           

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

Хохирогч ************* нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэжээ.  

Шүүгдэгч ************ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч **************-ы эрүүл мэндэд “L1 дүгээр нугалам их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учирсны улмаас Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын орлогчийн албан үүргээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дугаартай “-***********-г Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар, хохирогчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа  зэргээр тогтоогдож байна.

Хохирогч ************* нь Бигэр сумын Засаг даргын тамгын газар болон аймгийн ИТХ-аас тус тус цалин хөлс авдаг талаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа хэрэгт авагдсан бөгөөд  түүний ажилгүй байсан хугацааны цалинг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг үндэслэн шийдвэрлэх боломжгүй, түүний сард хэдэн төгрөгийн цалин хөлс авдаг, хэдий хугацаанд ажилгүй байсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ************* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ************ нь хохирогч хохиролд 3500000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч ************ хохирогч ************* нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлэн болох нь шүүгдэгч ************, хохирогч ************* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ************ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдэгдсэн хэргийн шинж хохирол, хор уршгийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч ************шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчид 3,500,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ илэрхийлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэсэн хуулийн заалт байгаа. Шүүгдэгч ************ын холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаартэнсэж болно” гэж хуульчилсан.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

           Шүүгдэгч ************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг  жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ************ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************д оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ************д тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *************-д 3,500,000 төгрөг төлсөн, шүүгдэгч ************ хохирогч *************-д ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************* цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч ************* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч ************ын №***** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ************овгийн ********* **********ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ************ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************од оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ************од тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *************-д 3,500,000 төгрөг төлсөн, шүүгдэгч ************ хохирогч *************-д ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************* цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч ************* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч ************ын №***** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ             Х.ОТГОНЖАРГАЛ