| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00203/И |
| Дугаар | 00170 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00170
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00170 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Аргалант багт оршин суух, ... дугаарын регистртэй, З овогт С-ийн Ч-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С.Ч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүрэн овогтой Ч миний бие 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. Ховд аймгийн Дөргөн сумын бага сургуульд 1968 онд 1 дүгээр ангид элсэн суралцаж, 1972 онд 4 дүгээр анги төгсөж, Мянгад сумын дунд сургуульд суралцаж 1976 онд 8 дугаар ангиа төгссөн. 1976 оноос 1978 оны хооронд Ховд аймгийн төвийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн 10-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1978 оноос 1979 оны хооронд ЗХУ-ын ТМС-д суралцаж тракторын жолоочоор төгсөж, Дорнод аймгийн Сүмбэр сумын Халх голын Сангийн аж ахуйд 1 жил ажиллаад, УБ хотод цэргийн алба хааж,1983 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж, Дөргөн сумын Үйлдвэр бригадад 1983 оны 6 дугаар сараас эхлэн ажилласан. 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс тракторын жолоочоор 1991 оныг дуустал ажилласан. Эдүгээ Ховд аймгийн Дөргөн суманд ээж, дүү нарын хамт амьдардаг. Ам бүл 3. Ээж 78 настай өндөр насны тэтгэвэрт, дүу Мөнхзул хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Үйлдвэр бригадад болон Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.Чын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл, үйлдвэр бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Ч нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл, үйлдвэр бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал,
Ховд аймгийн Дөргөн сумын архиваас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1987 оноос 1991 оны хөдөлмөрийн хөлс,
Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/16 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн иргэн С.Чын 1987он, 1988 он, 1989 он, 1990 он, 1991 онуудын цалин хөлс,
Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдар нээлгэсэн 01248968 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000175 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 790330 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороооос олгосон талархал, 1987 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичиг,
БХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/180 дугаар тушаалаар 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3162 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 126/001726 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 126/001727 дугаартай гэрлэлтбүртгэлгүй тухай лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл нь компани болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй тухай лавлагаа
Иргэн Л.Галсанжавын ...Миний бие С.Чтай Ховд аймгийн Дөргөн сумын Үйлдвэр бригадад 1983 оны 07 дугаар сараас 1984 оны 08 дугаар сарыг дуустал хамтдаа ажиллаж байсан. С.Ч нь тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн З.Ширбазарын ...Миний бие С.Чтай Ховд аймгийн Дөргөн сумын Үйлдвэр бригадад 1983 оны 07 дугаар сараас 1984 оны 08 дугаар сарыг дуустал хамтдаа ажиллаж байсан. С.Ч нь 1984 оны 08 дугаар сараас Сүхбаатарын зам нэгдлийн тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Чын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зуутраг овогт Сүрэнгийн Чыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл, үйлдвэр бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ