Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 42

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо,

шүүгдэгч: А.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалжуут овогт Алтангэрэлийн Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, “Их далай чойнхор ван” дохиолол хамгаалалтын компанид жолооч, хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 1102п тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УМ 90020874, Шаргалжуут овогт Алтангэрэлийн Эрдэнэ-Очир.

 

Шүүгдэгч А.Эрдэнэ-Очир нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадокс” автобусны буудлын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлан Т.Золбоотыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Эрдэнэ-Очир мэдүүлэхдээ:

Би хэрэг гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч өөрийгөө удирдах чадвартай байсан. Би Л.Чулуунбүтээлтэй хамт явж байхад 2 охин гудамжинд сууж байхаар хажуугаар нь гарахдаа “шөнө болсон байхад юу хийж байгаа юм бэ, хариач” гэж хэлэхэд тэр охидууд “зайлаач” гэж байсан. Гэтэл араас нэг залуу дуудаад хохирогч Т.Золбоот намайг эхлээд 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд түүний зүүн шанаанд нь нэг удаа цохисон. Тухайн үед миний шанаа бага зэрэг хавдсан байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15303 дугаартай шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Цагдаа ирэх үед бид нар зодолдохоо больсон байсан. Би хохирогч Т.Золбооттой уулзаж, түүний нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг найзынхаа хүүхдийн хадгаламжийг барьцаалаад банкнаас зээл аваад төлсөн. Хохирогчид хэрэгт байх баримтаар 600 000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан боловч би түүнд 3 000 000 төгрөг төлж, түүнийг хохиролгүй болгон, бид эвлэрсэн. Би анх удаа ийм гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ нь надад маш том сургамж болсон. Надад алдаагаа засах боломж олгож, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Золбоот мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Эрдэнэ-Очир миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисоны улмаас дээрх гэмтэл миний биед учирсан. А.Эрдэнэ-Очирт цохиулснаас хойш миний хамар хугарч, хацрын яс бяцарсан. Би 600 000 орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Эрдэнэ-Очироос хохиролд бэлнээр 3 000 000 төгрөг авсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 11, 12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Чулуунбүтээл мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр 05-ны өдөр найз А.Эрдэнэ-Очир, Г.Гантөмөр, А.Гончигсумлаа, М.Шатар нарын хамт 21-22 цагийн үед байх Баянбүрдэд байрлах “Тансаг” нэртэй караокед ороод хүн тус бүр 3 шил пиво уугаад, дуулж байгаад 00 цагийн үед караокеноос гарч, хорооллын “Өргөө” кинотеатрын эсрэг талд байрлах бааранд орсон. А.Эрдэнэ-Очир 2-3 пиво авч, бүжиглэж байгаад 02 цагийн үед Г.Гантөмөр, А.Гончигсумлаа, М.Шатар нар баарнаас түрүүлж, А.Эрдэнэ-Очир бид 2 араас нь гараад явж байтал Парадоксын автобусны буудлын баруун талд замын боржур дээр танихгүй 23, 24 орчим настай гэмээр 2 охин сууж байхаар нь хажуугаар нь гарахдаа А.Эрдэнэ-Очир “харанхуйд юу хийж яваа юм бэ, гэртээ хариач” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэр 2 охин араас “зайлаач, та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлэхээр нь А.Эрдэнэ-Очир эргэж очоод хэрэлдэх гээд байхаар нь би А.Эрдэнэ-Очирыг зулгаагаад цаашаа аваад явах гэж байтал Парадоксын буудлын хажууд байсан “Приус 20” маркийн автомашинаас 30 орчим настай гэмээр 4 залуу бууж ирээд А.Эрдэнэ-Очир бид хоёрын араас Т.Золбоот гэх залуу дуудаад “дүү нарыг юу гээд өдөөд байна аа, энэ чинь манай дүү нар” гээд шууд А.Эрдэнэ-Очирын зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. А.Эрдэнэ-Очир уурлаад дээгүүрээ өмсөж явсан куртикээ тайлаад Т.Золбоотын нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиход тэр хоёр барьцалдаад газар унасан. Тэгээд Г.Гантөмөр, А.Гончигсумлаа нар Парадоксын автобусны буудал дээрээс гүйж ирээд тэднийг салгасан. Харин үед М.Шатар ертөнцийн зүгээр замын хойд талаас гүйж ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ таксинд суугаад явцгаах гэтэл Т.Золбооттой хамт явж байсан Б.Золжаргал гэх залуу ирээд таксины хаалга онгойлгоод явуулахгүй “цагдаа дуудсан” гээд А.Эрдэнэ-Очирыг таксинаас татаж буулгахдаа газарт унагаасан. Энэ үед А.Эрдэнэ-Очир босохдоо тэр залуугийн куртикнээс татаад урчихсан гэсэн. А.Эрдэнэ-Очир, Т.Золбоотын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон гэжээ. (хэргийн 14, 15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Гончигсумлаа мэдүүлэхдээ:

... Энэ үед манай хүүхэд халуураад байна гээд эхнэр дуудаад би ганцаараа түрүүлж гараад Парадоксын автобусны буудал дээр такси барих гээд зогсож байтал манай найз Г.Гантөмөр Парадоксын автобусны буудлын хажуу талаас над руу ирээд Парадоксын автобусны буудлын баруун хэсэг рүү баарны ойролцоо заагаад тэнд зодоон болоод байна гэж хэлэхээр нь би түүнтэй хамт А.Эрдэнэ-Очир руу гүйж очиход А.Эрдэнэ-Очир 30 орчим настай гэмээр өөрөөс нь арай намхан эрэгтэй хүнтэй тулаад маргалдаад зогсож байхаар нь Г.Гантөмөр, Л.Чулуунбүтээл бид нар А.Эрдэнэ-Очирыг салгаж аваад бүгдээрээ такси зогсоогоод таксинд суугаад явах гэж байтал А.Эрдэнэ-Очиртой маргалдаж байсан залуутай хамт байсан бага зэргийн махлаг, бараан өнгийн куртик өмссөн залуу ирээд явуулахгүй, цагдаа дуудсан гээд А.Эрдэнэ-Очирыг араас нь татаад газарт унагаагаад хамт өнхөрсөн. Тэгээд А.Эрдэнэ-Очир босохдоо тэр залуугийн куртикнээс татаад урчихсан гэж ярьж байсан. Тэгээд 2 цагдаа ирээд бид нарыг Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. А.Эрдэнэ-Очир, Л.Чулуунбүтээл нарын яриагаар бол А.Эрдэнэ-Очир, Т.Золбоот гэх хүнийг нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон гэсэн. А.Эрдэнэ-Очир л нилээн согтуу байсан гэжээ. (хэргийн 17, 18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Шатар мэдүүлэхдээ:

...Өргөө кино театрын ертөнцийн зүгээр замын урд талд нь байрлах “Маммут” нэртэй бааранд орсон. Бааранд ороод пиво уугаад бүжиглэж байгаад 02 цаг болж байхад баарнаас А.Гончигсумлаа түрүүлж гараад парадоксын буудал руу явсан араас нь би Г.Гантөмөртэй, Г.Гантөмөр бид 2-ын араас Л.Чулуунбүтээл, А.Эрдэнэ-Очир нар явж байсан ба би Парадоксын буудлаас түрүүлээд харилаа гэж хэлээд ертөнцийн зүгээр замын хойш гараад явж байтал араас манай найзуудын нэг нь “Шараа” гээд хашгирахаар нь би буцаад гүйгээд замын урагш гарахад Парадоксын буудлын зүүн талд А.Эрдэнэ-Очир 30 орчим настай үл таних хүнтэй маргалдаад зогсож байсан ба хажууд нь А.Гончигсумлаа, Г.Гантөмөр, Л.Чулуунбүтээл нар зогсож байсан. А.Эрдэнэ-Очиртой маргалдаж байсан хүнтэй хамт мөн 3 эрэгтэй хүн байсан. Юу яриад маргалдаж байсныг яг сайн санахгүй байна. Тэгээд Г.Гантөмөр, А.Гончигсумлаа, Л.Чулуунбүтээл бид нар А.Эрдэнэ-Очирыг салгаж аваад таксинд суугаад явах гээд такси зогсоогоод би таксины урд талд сууж байтал А.Эрдэнэ-Очиртой маргалдаж байсан залуутай хамт явж байсан бас нэг танихгүй залуу ирээд явуулахгүй цагдаа дуудсан гээд А.Эрдэнэ-Очирын хувцаснаас зулгаагаад А.Эрдэнэ-Очиртой хамт газарт уначихсан. А.Эрдэнэ-Очир унахдаа тэр хүний өмсөж явсан куртикнээс нь татаад урчихсан гэжээ. (хэргийн 19, 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би найз Т.Золбоот, Б.Золжаргал, Орхон нартай уулзаад Парадокс пабд ороод 0.75 литрийн Хар Чингис архи хувааж уугаад цагийг нь сайн санахгүй байна паб хаах гэж байна гэхээр нь пабаас гараад пабын гадаа байрлуулж тавьсан байсан Т.Золбоотын 64-05 УБХ улсын дугаартай улаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор дуудлагын жолооч хүлээгээд сууж байтал манай машины урд танихгүй 2 охин сууж байхад хажуугаар нь үл таних 2 залуу өнгөрөхдөө өдөж хоргоогоод, хэрэлдэж маргалдаж байгаа юм шиг харагдахаар нь Т.Золбоот машины цонхоо онгойлгоод “та нар одоо болиоч, зүгээр хүн явуулаач” гэсэн утгатай зүйл хэлэхэд нөгөө 2 залуу өөдөөс нь нэг зүйл хэлэх шиг болсон ба би сайн сонсоогүй. Тэгээд Т.Золбоот машинаасаа буугаад
тэр 2 залуу руу ганцаараа очсоноос хойш 1 минут ч хүрэхгүй хугацааны дараа Б.Золжаргал “Золбоотыг цохичихлоо шүү дээ” гэж хэлээд машинаас буусан. Тэгээд
Орхон бид хоёр машин дотроос хараад сууж байтал Т.Золбоот өндөр залуутай
маргалдаад байх шиг байсан ба араас 3-4 залуучууд гүйж ирэхээр нь Орхон бид хоёр машинаас бууж очоод салгасан. Энэ үед Т.Золбоот цагдаа дуудаад харин нөгөө залуучууд такси бариад очих гээд байхаар нь Т.Золбоот цагдаа дуудчихсан байгаа наад хэдээ байлгаж байгаарай гэж хэлэхэд Золбоотыг цохисон залуу дахин ирж Т.Золбоотын нүүр рүү нь гараараа цохиод унагаачихсан. Тэгээд дээрх залуучууд такси бариад явах Золжаргал араас нь очиж ноцолдож байсныг Орхон салгаж авсан...Т.Золбоот А.Эрдэнэ-Очирыг цохихыг би хараагүй ээ. Т.Золбоотыг машинаас буухад ч би тоогоогүй ээ. Т.Золбоот цохиулчихлаа гэж Б.Золжаргалыг хэлэхэд л би анзаарч харсан. Ямар ч байсан намайг очиход Т.Золбоотын хамраас цус гарчихсан байсан гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Гантөмөр мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр 05-ны өдөр Өргөө кино театрын ертөнцийн зүгээр замын урд талд нь байрлах “Маммут” нэртэй бааранд орсон. Бааранд ороод пиво уугаад бүжиглэж байгаад 02 цаг болж байхад баарнаас гарцгаасан. Баарнаас Гончигсумлаа түрүүлж гараад Парадоксын буудал руу явсан. Араас нь М.Шатар бид 2, М.Шатар бид 2-ын араас Л.Чулуунбүтээл, А.Эрдэнэ-Очир нар явж байсан. Тэгээд А.Гончигсумлаа бид 2 парадоксын буудал дээр харих санаатай такси барих гээд зогсож байтал автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талд эрэгтэй хүмүүс бужигнаад байхаар нь харахад А.Эрдэнэ-Очир, Л.Чулуунбүтээл нар үл таних эрэгтэй хүмүүстэй маргалдаж байх шиг байсан ба А.Эрдэнэ-Очир бид нарыг дуудаад байсан. Тэгээд А.Гончигсумлаа бид хоёр зам хөндлөн гарч байгаа М.Шатарыг дуудаад А.Эрдэнэ-Очир, Л.Чулуунбүтээл нар руу очиход А.Эрдэнэ-Очир үл таних 4 залуутай маргалдаж байсан ба 30 орчим настай нэг залуугийн хамраас нь цус гарчихсан байхаар нь бид нар А.Эрдэнэ-Очирыг салгаад такси бариад явах гэж байтал А.Эрдэнэ-Очирын араас хар хөх өнгийн куртик өмссөн залуу ирээд явуулахгүй, цагдаа дуудсан байгаа гээд А.Эрдэнэ-Очирыг татаж унагаахдаа өөрөө хамт газарт унасан. А.Эрдэнэ-Очир унахдаа юу эсвэл босохдоо юу би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан тэр залуугийн өмсөж явсан куртикнээс нь татаад урчихсан. Тэгээд цагдаа нар ирээд А.Эрдэнэ-Очир болон түүнтэй муудалцсан Т.Золбоот гэх залууг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Миний ойлгосноор Л.Чулуунбүтээл, А.Эрдэнэ-Очир хоёр гудамжинд байсан танихгүй 2 охинтой маргалдсанаас болж 4 залуу машинаас бууж ирээд өмөөрөөд маргалдсан гэж ойлгосон. А.Эрдэнэ-Очир, Т.Золбоот хоёр л бие биенийгээ цохиж зодсон. Эхлээд Т.Золбоот А.Эрдэнэ-Очирыг цохиж, А.Эрдэнэ-Очир зөрүүлээд Т.Золбоотын нүүрэн тус газарт нэг удаа цохисон гэсэн гэжээ. (хэргийн 23, 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Золжаргал мэдүүлэхдээ:

...Т.Золбоотыг машинаас буугаад удаагүй 1 минут ч хүрэхгүй хугацааны дараа Т.Золбоот үл таних хүнд зодуулж байх шиг харагдахаар нь би “өө Золбоот зодуулж байна” гэж хэлээд ганцаараа машинаас буугаад түүний машинаас ертөнцийн зүгээр зүүн тийш 10 метр хүрэхгүй газарт очиход Т.Золбоотын нүүрнээс нь цус гарчихсан байж байсан ба Т.Золбоотын хажууд 4, 5 залуу зогсож байсан. А.Эрдэнэ-Очир гэх өндөр залуу нэлээн согтуу, хамаг хувцсаа тайлчихсан “алнаа” гээд орилоод байсан. Энэ үед Т.Золбоот наад хүмүүсээ байлгаж байгаарай, цагдаа дуудчихъя гэж хэлээд утсаа гаргаад цагдаа дуудсан. Энэ үед А.Эрдэнэ-Очир Т.Золбоотыг “чи муу цагдаа дуудлаа” гэсэн шалтгаанаар дахин нүүр рүү цохих шиг болсон. Ингээд А.Эрдэнэ-Очир найзуудтайгаа такси бариад зугтаах гэхэд нь би араас нь очоод таксины жолоочид “цагдаа дуудчихсан байгаа шүү, наад хүмүүсээ аваад явж болохгүй шүү” гэж хэлээд А.Эрдэнэ-Очиртой зууралдаад газарт унасан. Энэ үед миний өмсөж явсан цэнхэр өнгийн богино өвлийн куртка халаас, хажуу хэсгээрээ урагдсан байсан гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15265 тоот дүгнэлтэд:

1. Т.3олбоотын биед хамрын нуруу, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн
гайморовын хөндийн урд ханын хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн эрүүний
үений мултрал, зүүн гайморовын хөндийн ард хананд цус хуралдалт, шүдний гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд
үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Эрдэнэ-Очир ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Эрдэнэ-Очир нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадокс” автобусны буудлын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж Т.Золбоотыг зодож, бие махбодид нь хамрын нуруу, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн гайморовын хөндийн урд ханын хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн эрүүний үений мултрал, зүүн гайморовын хөндийн ард хананд цус хуралдалт, шүдний гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Золбоот, гэрч Л.Чулуунбүтээл, А.Гончигсумлаа, М.Шатар, О.Мөнх-Эрдэнэ, Г.Гантөмөр, Б.Золжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15265 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч А.Эрдэнэ-Очирыг бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Т.Золбоотыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч Т.Золбоот нь “Удвалдент” шүдний эмнэлэгт үзлэг хийлгэж, 20 000 төгрөг, “Люкс мед” эмнэлэгт компьютер томограф хийлгэж, 120 000 төгрөг тус тус төлжээ. Шүүгдэгч нь хохирогч Т.Золбоотод 3 000 000 төгрөгийг сайн дураар төлсөн тул түүнийг бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлсөн гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдлаар төлөв томоотой зэргийг харгалзан А.Эрдэнэ-Очирт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Эрдэнэ-Очир цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг, А.Эрдэнэ-Очир нь өөрийгөө өмгөөлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.