| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1751/Э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 215
2020 02 13 2020/ДШМ/215
М.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Оюунжаргал,
шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/1797 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 6 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М.Б-т холбогдох 1903010300462 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Р овгийн М-ын Б, Баянхонгор аймагт 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй. /регистрийн дугаар: 0000000000/
2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
М.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 16 цагын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Gitar house” төвийн зүүн хойд замд “Hyundai Sonata 7” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Зг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн зүйл, хэсгийн 2.3 дахь заалтад заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, мөн зүйл, хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн өдрөөс эхлэн тоолж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хуваагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, М.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С ангилалын 513099 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл шүүгдэгч М.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэхдээ ямар хугацаа тогтоосон, үүргээ зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлагын талаар тусгаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1797 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.
Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... прокурор Э.Намууны бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.
Шүүгдэгч М.Б- тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1797 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Үүрэг хүлээлгэх асуудал нь шийтгэх тогтоолын 10 дахь хэсэгт зааснаар уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болсон. Иймээс хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхээс М.Б-ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн гэж ойлгож байна. Үүрэг хүлээлгэх хугацааг нарийвчлан тогтоосон хуулийн заалт байхгүй ч үүнийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 16 цагын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Gitar house” төвийн зүүн хойд замд “Hyundai Sonata 7” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Зг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч М.Згийн “... автобуснаас буугаад зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн ...” /хх 19-20/,
гэрч Ц.Дэлгэрмаагийн “... нөхөр 13 цагийн үед найзынхаа автомашинтай ирсэн. Бид “Амгалан” зах орж хүнс цуглуулахаар 12-ын буудлын орчимд явж байтал гэнэт нэг хүн гарч ирээд автомашины урд талын хэсгээр мөргүүлсэн ...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд,
хохирогч М.Зд цээжний зүүн 4, 5, 6, 8 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн шингэн хуралт, баруун шуу ясны хугарал, зүүн талын умдаг ясны хугарал, зүүн талын суудал яс, ууцны 1 дүгээр нугалам, бүсэлхийн нугаламын хугаралууд бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10730 тоот шинжээчийн дүгнэлт /хх 36/,
зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /хх 3-9/,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Замын хяналтын камерын бичлэг / хх 16-17/,
яллагдагч М.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Би энэ өдөр автомашин жолоодож яваад 12-ын буудлын орчимд зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг мөргөсөн ...” гэх мэдүүлэг /хх 77-78/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёрдугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэг хүлээжээ.
Шүүгдэгч М.Б- нь явган зорчигч зам хөндлөн гарч буйг харах, тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох боломжит зай, хугацаа байсаар байтал ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан замын хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээний тухай зохицуулалтаас үзвэл үүрэг хүлээлгэх, эрхийн хязгаарлалт тогтоох хугацааг шууд заагаагүй боловч албадлагын арга хэмжээ нь хууль зүйн үр дагавар бүхий тодорхой хугацаатай, тэр хугацааг шүүхээс тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6, 7, 8 дахь хэсгийн зохицуулалтуудаас тодорхой харагдаж байна.
Гэтэл анхан шатны шүүх, шүүгдэгч М.Б-т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ хугацаа заагаагүйн улмаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй, үүнээс шалтгаалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн хугацаатай холбоотой үүдэн гарах хууль зүйн асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/1797 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Б-т сануулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах”, мөн зүйл, хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН