| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 110/2024/0061/З |
| Дугаар | 221/МА2025/0711 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0711
М.Хийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2025/0071 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Одавж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч Л.Одбаатар
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Х
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 110/2024/0061/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баян-Өлгий дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2025/0071 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан "Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 6.254 га газрыг М.Х-т эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Өлгий сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.254 га газрыг М.Х-т эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг тус тус Өлгий сумын Засаг даргад даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч М.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Маргаан бүхий газар нь Бугат сумын нутаг дэвсгэрээс Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон явдалд иргэн М.Х миний ямар нэгэн буруутай йл ажиллагаа байхгүй гэж үзэж байна.
2.2. Анх уг газрыг М.Х надад худалдаагаар эзэмшүүлэх тухай шийдвэр гарч байгаагүй, газар нь усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд хамрагдаж байгаа тухай ямар нэгэн нотлох баримт захиргааны хэрэгт авагдаагүй учраас анхан шатны шүүх уг газар усны сан бүхий газар, дуудлагын худалдаагаар эзэмшүүлэх ёстой газар гэж тус тус дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3. ...Иргэн М.Х би тухайн маргаан бүхий гэх газрыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаартай захирамжаар хууль ёсоор эзэмшиж, түүнд уг газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгон, уг газарт үл хөдлөх эд хөрөнгө барьж, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, уг газар нь Монгол улсын газрын нэгдсэн сангийн кадастрын зураглалын мэдээллийн санд орсон байна. Өөрөөр хэлбэл М.Х надад Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаартай захирамж гарахад иргэн М.Хын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Иймээс анхан шатны шүүхийн дээрхи дүгнэлт нь хууль зүйд нийцэхгүй байна.
2.4. М.Х миний маргаж буй Өлгий сумын нутаг дэвсгэрт хамааралтай 6.2 га газарт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон 277 м.кв агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө байгаа нь шүүхийн үзлэгээр нотлогдсон юм. Үзлэгийн үеийн схем зургаас үзэхэд эдгээр нь нэхэмжлэгчийн тайлбарласнаар малын хашаа, малын битүү байр, байшин, амбаар, худаг зэрэг хөрөнгүүд байх ба эдгээрээс 277 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр иргэн М.Х намайг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Гэтэл анхан шатны шүүх М.Х миний хууль ёсоор бүртгүүлсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй обьектын доод талын газрыг эзэмшүүлэхгүй байгаа явдалд гомдолтой байна.
2.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110\ШШ2025-0005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон, М.Х миний тус шүүхэд гаргасан "Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэх захирамж байршилтай 6,254 га газрыг М.Х-т гаргахгүй байгаа Өлгий сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6,254 га газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг тус тус даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Өлгий сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагч Өлгий сумын Засаг даргад маргаан бүхий газарт Газрын тухай хуульд заасан журмаар нэхэмжлэгч М.Х-т газар эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч М.Хт Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 68 дугаартай захирамжаар Мешелийн буйр гэх газраас олон наст ургамал тариалах зориулалтаар 20 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тариалан эрхлэх зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
2. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хилийн цэсийг 3 дугаар хавсралт, мөн аймгийн Бугат сумын хилийн цэсийг 4 дүгээр хавсралтад заасан тус тусын хилийн цэсийн солбилцолын дагуу өөрчлөн баталж, уг тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
3. Баян-Өлгий аймгийн Өлгий болон Бугат сумын хилийн цэсийг шинэчлэн баталснаас хойш нэхэмжлэгч М.Х 2008 оны 68 дугаартай захирамжаар олгосон 20 га газрыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
4. Дээрх тогтоолоор Өлгий болон Бугат сумын хилийн цэсийг өөрчлөн баталснаар нэхэмжлэгч М.Х-ийн Бугат суманд эзэмшиж байсан20 га газрын 6.254 га газар нь Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах болсон байна.
5. Нэхэмжлэгчээс дээрх тогтоолоор Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон 6.254 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар Өлгий сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч 2024 оны 2/365 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгснийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч шийдвэрлэхгүйгээр гомдлыг холбогдох Бугат болон Өлгий сумдын Засаг дарга нарт шилжүүлжээ.
6. Нэхэмжлэгч М.Х шүүхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 6.254 га газрыг М.Х-т эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Өлгий сумын засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.254 га газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг тус тус даалгах нэхэмжлэлийг гаргажээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд:
7.1 ...Газрын тухай хуульд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон тул онцгой хамгаалалтын бүсэд хамаарч буй 2.8 га газрыг эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын татгалзал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.6-д заасантай тус тус нийцсэн байна,
7.2. ...Маргаан бүхий 6.254 га газрын үлдсэн 3.454 га газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр мөн үндэслэлтэй байна,
7.3 ... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан,
7.4 ...Нэхэмжлэгчид анх Бугат сумын нутагт олон наст ургамал тариалах зориулалтаар 20 га газрыг эзэмшүүлсэн 2008 оны 68 дугаартай захирамж одоогоор хуулийн хүчин төгөлдөр байгаа хэдий ч уг газрыг хуульд заасан болзол, журмын дагуу эзэмшээгүй байх тул Монгол улсын Их Хурлын 2020 оны 22 дугаар тогтоолоор Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон 6.254 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг шаардах эрх нэхэмжлэгчид хууль ёсоор үүсэхгүй, иймд нэхэмжлэгчид 3.454 га газрыг өмнөх зориулалтаар үнэ төлбөргүйгээр шууд эзэмшүүлэх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасантай тус тус нийцсэн байна,
7.5 ...Нэхэмжлэгч дээрх байдлаар 20 га газрыг тариалангийн зориулалтаар нь огт ашиглаагүй, уг газар бүхэлдээ хоосон газар байх тул Өлгий сумын Засаг дарга нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал үгүй байна,
7.6 ...Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад 20 га газрыг бага багаар ашиглаж , барилга байгууламж барьсан гэж тайлбарласан ба Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон маргаан бүхий 6.254 га газрын 612.6 м.кв талбай бүхий хэсэгт нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө барьсан нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон ... хэдийгээр дээрх эд хөрөнгүүдийг Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар 20 га газрыг эзэмшсэнээс хойш барьсан байх боловч газрын эзэмшил хууль ёсны дагуу үүсээгүй болох нь тогтоогдсон тул үл хөдлөх эд хөрөнгө барьсан нь түүний доорх газрыг эзэмшүүлэх үндэслэл болохгүй гэх дүгнэлтүүдийг анхан шатны шүүхээс хийсэн бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн гэж дүгнэхээр байна.
8. Тухайлбал нэхэмжлэгч М.Х нь 2008 онд Бугат сумын Засаг даргад Мешелийн буйр гэх газарт 20 га газар эзэмших хүсэлт гаргасныг Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд болох Бугат сумын Засаг дарга 2008 оны 68 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгож, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, мөн газар эзэмшиж эхэлснээс хойш маргаан бүхий 6.254 га газрын 612.6 м.кв талбай бүхий хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө барьсан, мөн Бугат сумын Засаг даргын 2008 оны нэхэмжлэгч М.Хт газар эзэмшүүлсэн захирамж одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
8. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч М.Х-т 2008 онд хууль ёсны дагуу газар эзэмших эрх үүссэн гэж дүгнэхээр байна. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 33 дугаар зүйлд аливаа зориулалт, хэмжээ бүхий газрыг эзэмшүүлэх эрхийг зөвхөн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч М.Х-ийн хүсэлтээр Бугат сумын Засаг дарга 68 дугаартай захирамж гарган 20 га газар эзэмшүүлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн үед буюу 2008 онд усны сангийн онцгой хамгаалалтын бүстэй 2.8 га газар давхардуулан, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгч М.Х-т 20 га газар эзэмшүүлсэн асуудалд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
9. Тодруулбал Газрын тухай хуульд заасан журмаар иргэн буюу нэхэмжлэгч М.Х нь зөвхөн газар эзэмших хүсэлт, холбогдох баримтыг сумын Засаг дарга, газрын даамалд гаргаж өгөх эрхтэй бол хариуцагч байгууллага буюу сумын Засаг дарга, газрын даамал нь Газрын тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс хүсэлт гаргасан этгээдийн хүсэлт, холбогдох баримтыг хүлээн авах мэдээллийн цахим системд бүртгэх, хянах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах гэх мэт үүрэгтэй байна.
10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Х-ийг хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид 2008 онд 20 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлээгүй /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүй/, хууль зөрчиж газар эзэмшүүлсэн үйлдэлтэй нь холбогдуулан газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
11. Нөгөөтээгүүр Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаартай захирамжаар газар эзэмших эрх нь үүссэн нэхэмжлэгчийн хувьд эзэмшлийн газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьсан байх бөгөөд Монгол улсын их Хурлын 2020 оны 22 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтын дагуу өмчлөх эрх зөрчигдөх эрх зүйн үр дагавар үүссэн байна.
Мөн Бугат сумын Засаг дарга нэхэмжлэгч М.Х-т 2008 онд 20 га газрыг эзэмшүүлэхдээ хууль бусаар эзэмшүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
12. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “Хууль ёсны итгэлийг хамгаалах” /тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно/ гэж заасан тусгай зарчмыг захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч М.Хийн хувьд баримтлаагүй байх бөгөөд Бугат сумын Засаг даргын гаргасан 2008 оны 68 дугаартай газар эзэмшүүлэх тухай шийдвэр, 2021 оны 05 сард газрын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэж шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдэлд итгэсэн нэхэмжлэгчийн итгэл хамгаалагдах учиртай.
13. Иймд хариуцагч буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын зүгээс нөхцөл байдлыг нарийвчлан тодруулж, нэхэмжлэгч М.Х-ийн 2008 оны 68 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” хүчин төгөлдөр /одоо ч хүчин төгөлдөр/ захирамжаар үүссэн газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хөндөхгүйгээр Өлгий суманд хамаарах маргаан бүхий 6.254 га Газрын тухай хуульд заасны дагуу зохих журмаар нэхэмжлэгч М.Хт эзэмшүүлэхийг хариуцагч Өлгий сумын Засаг даргад даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Мөн хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо болон шүүхийн шийдвэрийг огноог зөрүүтэй байдлаар бичсэн байх тул цаашид энэхүү алдааг гаргахгүй байхад анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.2 -т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2025/071 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 6.254 га газрыг М.Х-т эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Өлгий сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагч Өлгий сумын Засаг даргад маргаан бүхий газарт Газрын тухай хуульд заасан журмаар нэхэмжлэгч М.Х-т газар эзэмшүүлэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч М.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР