| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00196/И |
| Дугаар | 00172 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00172
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00172 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Сээр багт оршин суух, ... дугаарын регистртэй, Г овогт Ч-ийн Т-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие нь 1962 оны 09 дүгээр сарын 17-нд Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт Чимэдийн ууган хүү болон төрсөн. 1970 оноос 1975 оны хооронд Ховд аймгийн Дөргөн сумын бага сургууль төгсөж 1978 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл эмээ О.Өлмөөгийн хамт Дөргөн сумын Сүхбаатарын Зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж ирээд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймаг дахь тракторын жолоочийн курсад суралцаж төгсөөд 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Иймд 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл эмээ О Өлмөөгийн хамт мал маллаж байгаад 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын Зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. О.Өлмөө гэдэг нь миний ээж Бямбаагийн ээж юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ч.Тийн 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Т нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1823 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1978 оноос 1980 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,
Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1058164 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000465 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 126/001716 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 126/001715 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл нь компани болсон бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй тухай лавлагаа,
Иргэн Б.Зуноровын ...Миний бие Ч.Т-тэй 1978 оноос 1990 оныг хү ртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Г.Мандахын ...Миний бие Ч.Т-тэй 1983 оноос 1990 оныг хү ртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Т-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гахайнхан овогт Чимэдийн Т-ийг 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ