Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00173

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00173

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт багийн 5-43 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Р-ийн Б-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Р.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Буурлууд овогт Рагчаагийн Б миний бие нь 1964 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1972 онд Ховд аймгийн Цэцэг сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1980 онд 8 дугаар ангиа төгссөн. 1980 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 9 дүгээр ангид орж, 1982 онд 10 дугаар анги төгсч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Миний бие нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Монголын Хувьсгалт Зэлуучуудын Эвлэлийн илгээлтээр Дархан хотын Хөтөл тосгоны Цемент, шохойн Комбинатын Шохойн заводод хуваарилагдаж очоод Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэлийн дадлагаар Дозоторчин /Жин хэмжүүрчин/ мэргэжил эзэмшиж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Мэргэжил эзэмшүүлэх үйлдвэрлэлийн дадлага нь шууд үйлдвэрлэл дээр ажиллаж, цалин хөлс авч дадлагажуулан мэргэжлийн үнэмлэх олгодог байсан. Р.Б миний бие нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын Хөтөл тосгоны Цемент, шохойн комбинатын Шохойн заводод дозоторчиноор ажилласан. Миний бие нь 1988 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Авирмэд овогтой Равданшаравтай гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тэр үед миний нөхөр А.Равданшарав нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд нягтлан бодогчоор ажилладаг байсан учир би ажлаасаа гарч Ховд аймаг руу шилжсэн. Р.Б миний бие нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Чанарын газарт ажилчнаар ажилласан. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1992 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Буурлууд овогт Рагчаагийн Б намайг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хотын Хөтөл тосгоны Цемент, шохойн комбинатын Шохойн заводод Дозоторчиноор /Жин хэмжүүрчин/, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Чанарын газарт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хотын Хөтөл тосгоны Цемент, шохойн комбинатын Шохойн заводод Дозоторчиноор /Жин хэмжүүрчин/, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Чанарын газарт ажилчнаар тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Р.Бгийн 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хотын Хөтөл тосгоны Цемент, шохойн комбинатын Шохойн заводод Дозоторчиноор /Жин хэмжүүрчин/, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Чанарын газарт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Р.Б нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хотын Хөтөл тосгоны Цемент, шохойн комбинатын Шохойн заводод Дозоторчиноор /Жин хэмжүүрчин/, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Чанарын газарт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь

0249406 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 0249406 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нээлгэсэн 097131 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 049490 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үедээ авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 126/001488 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 126/001487 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 88 дугаартай Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэл нь 1991 оны 12 дугаар сард Цэцэглэх ХК, Мянган угалзат ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн У.Бямбацогтын ...Ц.Уламбаяр нь 8 дугаар анги төгсөөд хөдөө гарч 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Ч.Дагвын ...Р.Б нь 1964 онд төрсөн. Сургууль төгсөж ирээд 1990 оноос 1993 оны хооронд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн чанарын бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

 

Иргэн З.Лхагвын ...Р.Б нь 1964 онд төрсөн. Сургууль төгсөж ирээд 1990 оноос 1993 оны хооронд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн чанарын бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан нь үнэн Би тухайн үед чанарын албаны түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Р.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буурлууд овогт Рагчаагийн Бг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хотын Хөтөл тосгоны Цемент, шохойн комбинатын Шохойн заводод Дозоторчиноор /Жин хэмжүүрчин/, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Чанарын газарт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ