| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2020/01029/и |
| Дугаар | 184/ШШ2020/01308 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2020/01308
| 2020 оны өдөр | 04 сар 17 р 184/ШШ2020/01308 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт С.Б /РД: /. Хаяг: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, байр, тоот
Нэхэмжлэгч: Д овогт Т.Б /РД: /. Хаяг: Хан-Уул дүүрэг,-р хороо, дүгээр хороолол, байр, тоот
Нэхэмжлэгч: Б овогт Ж.О /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Дунд дарь эх дүгээр гудамж, тоот
Нэхэмжлэгч: Б овогт Б.М /РД: /. Хаяг: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Тахилтын дугаар гудамж, тоот
Нэхэмжлэгч: Б овогт Г.Б /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Мон лаа дугаар гудамж, тоот
Хариуцагч: “Г” ТӨҮГ /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж өөрийн байр
Сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан Геологийн төв лабораторийн захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г”-ийн хамт олон хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэж Үйлдвэрчний эвлэлийн хороогоо байгуулан Монголын эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд элсэн өнөөдрийг хүртэл МҮЭ-ийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн арвин түүхтэй. 2017, 2018 онуудад манай хамт олон нийт ажилчдын хурал хийж, байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороог эмхлэн зохион байгуулсан боловч тухайн үед байгууллагын ҮЭХ-ны даргаар ажиллаж байсан Э.Т нь хурлыг захиргаа санаачилсан, хурлын ирц хүрээгүй шалтгааны улмаас шүүхэд өгч хурлыг хүчингүй болгосон шалтгаан нь 160 ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын хуримтлалаас 5,721,184 төгрөгийг Монголын Геологи Эрчим хүч, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд шилжүүлэх Төв үйлдвэрчинд татвар нэрийдлээр бэлэн аваад хувьдаа завшсан үйлдэл байсан юм. Байгууллагын нийт ажилчид хамт олны хуримтлалын сангаас мөнгө завшсан этгээд Э.Т-г эрс эсэргүүцэн Цагдаагийн байгууллагад хандсаны дүнд албан тушаалаа урвуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан байж болзошгүй хэргээр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2019 оны 1 дүгээр сараас одоог хүртэл шалгаж, прокурорын даалгавар бичигдэн холбогдох материалыг албадан гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 467 тоот тогтоолоор “Г”-ийн захирлаар ёс зүйгүй, хариуцлагагүй Э.Т томилогдон ирсэн нь ихээхэн хор уршиг дагуулан өнөөдрийн байдлаар түүний томилгоог эсэргүүцэн тэмцсэн 2 ажилтан ажлаас халагдан, 2 ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд буруу шилжүүлж, ҮЭХ-ны 5 сонгуульт ажилтан, идэвхтэнд сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр оногдуулаад байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, Үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй хэмээн заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 27-нд Геологийн төв лабораторийн 80 инженер техникийн ажилчид хуралдан ҮЭХ-гоо байгуулж, ҮЭХ-ны даргаар С.Б томтлогдон Ж.О, Б.М, Б.М, Т.Б, Э.Э, Л.Э нарыг тэргүүлэгчдээр сонгосон. Гэвч Э.Т-ийн зүгээс надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй ҮЭХ-г байгуулсан тул би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн дарамтыг үзүүлж, хуулийг уландаа гишгэж, хамт олны эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд дахин халдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйл, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн захиргаанаас хийсэн бүх ажилчдын хурлын тэмдэглэлийг үндэслэн, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн ҮЭХ-ны сонгуульт ажилтай С.Б, Ж.О, Б.М, Т.Б, Г.Б нарт сахилгын арга хэмжээ авах 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар бүхий хууль бус тушаал гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй. Э.Т-ийн энэ үйлдэл нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйл Үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгаа, 6.2-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Энэхүү тушаалаа 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулж, арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Хөдмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Г”-ийн захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Хүдрийн бус ашигт малтмалын шинжилгээний инженер С.Б, тэргүүлэгч гишүүн Цөмийн физикийн шинжилгээний аргачлал хяналтын инженер Ж.О, Химийн шинжилгээний гүйцэтгэгч инженер Б.М, Т.Б, идэвхтэн Харилцагчийн үйлчилгээний ажилтан Г.Б нарт ҮЭХ-ны сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан оногдуулсан сахилгын шийтгэл /сануулах арга хэмжээ/ ногдуулсан “Г”-ийн захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” нь геологийн эрдэс түүхий эд болон төрөл байгаль орчны дээжинд шинжилгээ судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг өөрийгөө санхүүжүүлэгч үйлдвэрийн байгууллага бөгөөд харилцагчаас ирсэн захиалгын дагуу шинжилгээ судалгааг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээдэг байгууллагын хувьд ажлын цагийг чанд мөрдөн ажилладаг. Манай байгууллага ажлын цагийг Хөдөлмөрийн дотоод журмаар хортой нөхцөлд ажилладаг ажилчид 9-16, энгийн нөхцөлд ажилладаг ажилчид 9-17 цагийн хооронд ажиллахаар зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 5.1-д ажлын цаг бол ажил олгогчийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхтэй цаг гэж ойлгож болно. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогчоос зөвшөөрөл авахгүйгээр ажлын цагаар үйлдвэрлэлийн ажлыг тасалдуулсан, зохион байгуулалттайгаар ажилчдын хурал зохион байгуулсан тул ажил олгогч эрхийнхээ хүрээнд гол зохион байгуулагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б, Ж.О, Б.М, Т.Б, Г.Б нар нь хариуцагч “Г” ТӨҮГ-т холбогдуулан сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан байгууллагын захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 28.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.3 дахь хэсгүүдэд сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг болон хуульд заасан бусад гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлүүдээ Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргаагүй байхад ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, эрх ашигаа хамгаалах зорилгоор хийгдсэн үйлдвэрчний эвлэлийн хурлыг ажлын цагаар зохион байгуулсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан, тушаалд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул уг тушаал хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм хэмээн тайлбарлана.
Хариуцагч “Г” ТӨҮГ-ын захирал Э.Т нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар Хүдрийн бус ашигт малтмалын шинжилгээний инженер С.Б, Цөмийн физикийн шинжилгээний аргачлал хяналтын инженер Ж.О, Химийн шинжилгээний гүйцэтгэгч инженер Б.М, Т.Б, Харилцагчийн үйлчилгээний ажилтан Г.Б нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Сахилгын арга хэмжээ авах тухай захирлын Б/34 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйл, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн бүх ажилчдын хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчсөн тохиолдолд ажилтанд хүлээлгэхээр зохицуулсан байх бөгөөд тушаалд дурдсан бүх ажилчдын хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч нарт /ажилтнуудад/ сахилгын шийтгэл ногдуулах талаар хэлэлцээгүй, тодорхой шийдвэр гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн хурал зохион байгуулсан нь буруу гэх, нэр бүхий ажилтнууд нь уг хурлыг зохион байгуулсан гэх байдал тогтоогдоогүй, чухам ямар сахилгын зөрчил гаргасан талаар дурдаагүй мөртлөө сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.
Хариуцагч байгууллагын захирал Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдвэрчний эвлэлийн хурал зохион байгуулсан гэх асуудлаар байгууллагын бүх ажилчдын 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тушаал гарган нэхэмжлэгч нарт сахилгын арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй байна.
Иймд “Г” ТӨҮГ-ын захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаартай “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Хүчингүй болгосон Б/34 тоот тушаалаар зөвхөн нэхэмжлэгч нарт сануулах арга хэмжээ авсан байх тул уг тушаалыг хүчингүй болгосноор ногдуулсан сахилгын шийтгэл хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Г” ТӨҮГ-ын захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаартай “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ