Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00175

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00175

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, Магсаржав багийн 5-13 тоотод оршин суух, дугаарын регистртэй, Б овогт Б-ийн Дгийн хүсэлттэй цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Даваасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Бадамсүрэнгийн 2 дах хүү болон мэндэлсэн. 1969 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1977 онд 8 дугаар ангиа төгсөж Баян-Өлгий аймгийн ТМС-ийн барилгын анги төгсөөд 1980 оны 06 дугаар сарын 14-нд 451 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0182 дугаар алба хааж байгаад улиран Хилийн ба Дотоодын цэргийн улсын Ерөнхий газрын даргын 303 дугаар тушаалаар 1981 оны 07 дугаар сарын 15-нд барилга инженерийн батальонд сантехникчээр ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан 3 жилийг тогтоох шаардлагатай болсон учраас Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаа, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн лавлагааг тус тус авсан боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна. Иймд намайг 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл улирлан ажиллаж байгаад чөлөөлөгдсөн хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Даваасүрэнгийн 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот, Хилийн цэргийн ангийн Барилга инженерийн батальонд саниехникчээр алба хаасан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Даваасүрэн нь 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот, Хилийн цэргийн ангийн Барилга инженерийн батальонд саниехникчээр алба хаасан болох нь

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/1961 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Даваасүрэн нь НАХЯ-ын сайдын 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0182 дугаар ангид алба хааж байгаад улиран Хилийн ба ДЦУЕГ-ын даргын 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар тушаалаар Барилга инженерийн батальонд сантехникчээр /түрүүч цол/ мөн өдрөөс томилогдсон тухай архивын лавлагаа

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/1869 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Даваасүрэн нь Ховд аймгаас НАХЯ-ын сайдын 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 451 дугаартай тушаалаар 0182 дугаар ангид цэрэгт татагджээ. гэх архивын лавлагаа

Хүсэлт гаргагчийн 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон 610568 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1982 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн алба хааж байхдаа авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг,

Иргэн Ш.Отгонбаярын ...Миний бие Б.Даваасүрэнтэй хамт 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгаас 451 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0182 дугаар ангид хамт 3 жил алба хааж байгаад 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Даваасүрэн бэлтгэлээр халагдсан нь үнэн. Б.Даваасүрэн нь алба хаах хугацаандаа түрүүч цолтой байсан... гэх тодорхойлолт

Иргэн Д.Баясгалангийн ...Миний бие Б.Даваасүрэнтэй хамт 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгаас 451 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0182 дугаар ангид хамт 3 жил алба хааж байгаад 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Даваасүрэн бэлтгэлээр халагдсан нь үнэн. Б.Даваасүрэн нь цэргийн алба хаах хугацаандаа түрүүч цолтой байсан.... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Б.Даваасүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Боржигон овогт Бадамсүрэнгийн Дг 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот, Хилийн цэргийн ангийн Барилга инженерийн батальонд саниехникчээр алба хаасан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ