Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00177

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00177

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дарви сум, Булаг багт оршин суух, ... дугаарын регистртэй, Түмбэлэг овогт Л С-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1968 оны 08 дугаар сарын 04-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 52 настай. Ам бүл 5. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 1976 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад амьдралын шаардлагаар 1983 онд 7 дугаар ангиасаа сургуулиас гарч Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлийн Булаг багт эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1991 онд Л.Гүнтэвстэй гэр бүл болсон. Нөхөр Л.Гүнтэвс нь өвчний учир 2019 онд нас барж, хөгжлийн бэрхшээлтэй охины хамт өнөөдрийг хүртэл Дарви сумын Булаг багт мал маллаж амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр холбогдох бичиг баримтыг нэгдэл тарах үед бидэнд өгөөгүй би ч хөдөлмөрийн дэвтэрт нэг их ач холбогдол өгөлгүй явсаар өдий хүрчээ. Иймд намайг Ховд аймгийн архивын тасгаас авсан лавлагааг үндэслэн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Булаг багт 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Сгийн 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Булаг багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.С нь 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Булаг багт малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 295 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан буюу 3 дугаар бригадын 1985 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

0707648 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000670 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 000186 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 126/000094 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Иргэн М.Баасандоржийн ...Би 1981 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад илгээлтээр малчин болж байсан. Миний бие Л.Стэй 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Ч.Долгормаагийн ...Миний бие Л.Стэй 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Сгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Түмбэлэг овогт Лодойн Сг 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Булаг багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ