Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/006

 

Т.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Т.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/314 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Т.А гаргасан давж заалдах гомдлоор Т.А холбогдох эрүүгийн 1914005080380 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Т.А, ............ бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Т.А нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Дөхөм” гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 96-86 БНА улсын дугаартай портер маркийн автомашиныг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөж уг мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан З.Б амь насыг хохироосон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Т.Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар Т.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.А оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Т.Ааас 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч *******ид олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Т.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар  Т.А эзэмшлийн таван тооны хонь Портер маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг таван хонь болон авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Т.А буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хохирогч З.Б 444830 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн СД нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 21, 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 444830 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих журмын дагуу устгуулахаар ЦЕГ-ын лицензийн төвд шилжүүлж, СД нэг ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А гаргасан давж заалдах гомдолдоо: Болсон хэрэг явдалд би их харамсаж байгаа. Шүүх хурлаас өмнө хохирлоо төлөх гэсэн боловч мөнгө дутаад өгч чадаагүй юм. Одоо миний ар гэрийнхэн хохирогчид гарсан төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Миний ар гэрийн хувьд бие муутай ээж, төрөхийн хүндрэлийн улмаас өвчтэй болсон эхнэр минь 3 сартайгаас 12 насны гурван хүүхэдтэй үлдсэн. Хийсэн хэрэгтээ гүнээ гэмшиж ухаарч сууна. Иймд эрхэм та бүхнээс ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэн давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Цаашдаа аливаа асуудалд хянуур болгоомжтой ул суурьтай хандах ёстойг ойлголоо гэжээ.

Шүүгдэгч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр хоёр ихэр хүүхэд төрүүлээд нэг нь төрөхийн хүндрэлээс болж нас барсан, биеийн байдал нь муу байгаа тул ар гэрийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч  Т.А эхнэр нь хоёр ихэр хүүхэд төрүүлсэн боловч нэг нь нас барсан. Эхнэр нь одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт сэтгэцийн эмчийн хяналтанд эмчлүүлж байгаа. Иймд ар гэрийн нөхцөл байдал, хохирлыг төлсөн байгаа зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ:  Т.А үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Т.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Хьюндай Портер маркийн 96-86 БНА улсын дугаар бүхий өөрийн эзэмшлийн автомашиныг жолоодон Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг болох “Баян-Дөхөм” гэх газарт замын хөдөлгөөнд оролцон явахдаа улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөж уг мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн З.Б амь нас хохирсон буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч *******ийн “...******* нь миний 3 дахь төрсөн дүү бөгөөд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байсан юм, тэгээд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө осолд орж нас барсан...” гэх, /хх-ийн 1-р хавтас 73-74-р тал/

Гэрч *******гийн “...манай нөхөр ******* нь 20:00 цаг өнгөрөөгөөд ******* гэдэг айлд очоод тамхи аваад ирье гээд өөрийнхөө цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор явсан, тэгээд тэрнээс хойш шөнө гэртээ ирээгүй, тэгээд өглөө л би нас барсаныг нь мэдсэн...” гэх, /хх-ийн 1-р хавтас 78-р тал/

Гэрч *******гийн “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн шөнө 00:00-01:00 цагийн үед манайхныг гэртээ байж байхад ******* гэдэг хүн ирээд манай нөхөр *******ыг дагуулаад явсан, тэгээд удалгүй эргэж ирээд намайг утсаараа 103 залгаадах осол болсон байна 103 дуудаатах, гэсэн тэгээд би өөрийн гар утсаараа 103 дугаар руу залгаж осол болсон талаар хэлж дуудлага өгсөн юм...” гэх, /хх-ийн 1-р хавтас 86-р тал/

Гэрч *******ы “...Баян дөхөм гэх газрын нэг толгод дээр машины гэрэл гараад байгаад байхаар нь би тэр газарт нь машинаараа яваад очсон чинь Т.А цэнхэр өнгийн Портер маркийн машинтайгаа байж байсан ба машиных нь доор нь нэг хүн хэвтэж байсан, машиных нь хойд талд нь нэг мотоцикль газарт уначихсан байж байсан тэгээд би тэрийг нь харчхаад тэр газрын ойролцоо байдаг  Т.А төрсөн дүү нь болох *******ынд очоод түүнийг дагуулаад Т.А дээр эргээд ирсэн...” гэх, /хх-ийн 1-р хавтас 87-88-р тал/

Гэрч ын “...манай нутгийн ******* гэдэг хүн машинаараа манай гэрт хүрээд ирсэн, тэгээд ах чинь ослын хэрэг хийчихсэн байна гэхээр нь би цуг очъё гээд тэр осол болсон газарт нь очсон чинь  Т.А цэнхэр өнгийн портер маркийн машин урагшаа хараад зогсчихсон, машиных нь доогуур нь нэг эрэгтэй хүн ороод уначихсан байсан, машиных нь ар талд нь мотоцикль нь байж байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 89-90-р тал/ мэдүүлгүүд болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 31 тоот зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 1-р хавтас 130-131-р тал/ мөн нэмэлтээр гаргасан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 136-137-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шүүгдэгч Т.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч  Т.А гаргасан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий СД-г шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хадгалахаар шийдэрлэсэн, цаашид шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараагаар уг СД-г хэрхэх талаар дурдаагүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Т.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 39 хоног цагдан хоригдсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1, 1.5-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/314 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дугаар заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хохирогч З.Б 444830 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн СД нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 21, 10 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 444830 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих журмын дагуу устгуулахаар ЦЕГ-ын лицензийн төвд шилжүүлж, СД нэг ширхгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хадгалсугай...” гэснийг

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хохирогч З.Б 444830 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн СД нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 21, 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 444830 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих журмын дагуу устгуулахаар ЦЕГ-ын лицензийн төвд шилжүүлж, СД нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай...” гэж өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Т.А гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.А 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ,

Б.БОЛОР-ЭРДЭНЭ