| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 116/2025/0021/З |
| Дугаар | 221/МА2025/0713 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0713
“М т” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М
Гомдол гаргагч: “М т” ХХК
Хариуцагч: Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э
Гомдлын шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э-ын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот "Зөрчилд шийтгэл ногдуулах тухай" шийтгэлийн хуудас болон мөн өдрийн "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай" эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 116/ШШ2025/0039 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, хариуцагч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 116/2025/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “М т” ХХК-иас Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын ахлах байцаагч Д.Э-д холбогдуулан “2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас болон мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай" эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 116/ШШ2024/0039 дүгээр шийдвэрээр:
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.12, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, “Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э-ын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай" шийтгэлийн хуудас болон мөн өдрийн "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай" эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах" шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Захиргааны байгууллага анхнаасаа манай компанийг замын ажилд шаардлагатай хайрга, чулуугаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасан "түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг авсны үндсэн дээр авч ашиглах ёстой гэсэн шаардлага тавиагүй бөгөөд орон нутаг буюу Сумын Засаг даргатай гэрээ байгуулаад төлбөрөө төлөөд ашигла гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Гэтэл, төрийн байгууллагын үйл ажиллагааг хууль ёсных гэж итгэн, төрийн байгууллагатай гэрээ байгуулан ажилласан манай компанийг буруутгаж, уг гэрээ нь хууль бус, анхнаасаа тусгай зөвшөөрөл авах ёстой байсан гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон байна.
3.2. Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл манай компанийг гэрээнд зааснаас өөр талбайгаас хайрга, чулуу олборлосон гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулалгүй, алдаатай захиргааны актыг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Учир нь, хариуцагчийн гаргасан Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудаст манай компанийг Хэрлэн сумын 4 дүгээр баг /Зангиат/-д байрлах талбайгаас олборлосон гэж үндэслэлгүй тайлбар бичсэн байх бөгөөд энэ нь мөн л хариуцагч уг зөрчлийг бүрэн гүйцэт шалгаагүй гэж дүгнэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч болон шүүхийн аль нь ч манай компанийг хаанаас хайрга, чулуу олборлосныг үндэслэл бүхий тогтоож дүгнээгүй байна.
3.3. Хэдийгээр хайрга чулуу авч ашиглах үед манай гэрээний хугацаа сунгагдаагүй байсан боловч бид боломжит хугацаанд гэрээгээ сунгасан. Хэдийгээр, тухайн үед гэрээ сунгагдаагүй гэсэн асуудал үүссэн боловч зарчмын хувьд манай компани тухайн хайрга чулууг хувьдаа авч ашиглаагүй, худалдан борлуулаагүй, улсаас зарласан тендерийн ажилд авч ашигласан бөгөөд гэрээний дагуу авч ашигласан хайрга, чулууныхаа үнийг нь гэрээний дагуу төлөөд явах нь тодорхой байсан бөгөөд байгаль орчинд хохирол учруулсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна. Гэвч, гэрээ сунгагдсаны дараа шийтгэл ногдуулж байгаа нь хэрэв зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол зөрчлөө арилгах боломж олгох, иргэн, хуулийн этгээд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллах төрийн чиг үүрэг хангалтгүй бодит байдалд нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.
3.4. Хяналтын байцаагч анх дуудаж асуухдаа "танай гэрээ сунгагдаагүй" гэдэг асуудлыг ярьж шалгасан, гэвч шийтгэл ногдуулахдаа анхнаасаа ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй, орон нутаг /аймаг, сум/-тай байгуулсан гэрээ нь хууль бус гэх зэргээр шийтгэл ногдуулж, нөгөө талаас орон нутаг манай компанитай үргэлжлүүлэн гэрээ байгуулан хайрга, чулуу ашиглуулсаар байгаа нь төрийн байгууллага өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг үгүйсгэсэн шинжтэй байгаа нь ойлгомжгүй байна.
3.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Гомдол гаргагч “М т” ХХК-иас Геологи, уул уурхайн хяналтын ахлах байцаагч Д.Э-д холбогдуулан “2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас болон мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай" эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргажээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Э нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргаас 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч, “М т” ХХК-д холбогдуулан “...түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, хэвлий хөндөж, хайрга, чулуу олборлосон” зөрчилд эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2021000726 дугаартай Зөрчлийн хэрэг нээж, ажиллагаа явуулсан байна.
4.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн Хэрлэн сумын Хийморь 4 дүгээр багийн нутагт хууль бус үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0124905 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2.000.000 төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 2.617.192 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
4.3 Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай компанийн зүгээс тухайн хайрга, чулууг хувьдаа болон бусдад худалдан борлуулах зэргээр аливаа байдлаар ашиг олох зорилгоор авч ашиглаагүй бөгөөд гагцхүү гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд ашигласан, …2024 оны 9 сарын 19-нд байгуулсан гэрээ нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ганцхан сарын хугацаатай байгуулагдсан байсан, ...Захиргааны байгууллага анхнаасаа манай компанийг замын ажилд шаардлагатай хайрга, чулуугаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасан "түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг авсны үндсэн дээр авч ашиглах ёстой гэсэн шаардлага тавиагүй” гэж маргадаг.
5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг”, Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно”, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан” гэж тус тус заасан.
5.1. Гомдол гаргагч “М т” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээрх “Хүүхэд эмэгтэйчүүдийн гудамж” ...км-ийн урттай хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд тус авто замын далан барих газар шорооны ажилд 2025 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга олборлохдоо зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
5.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 11.2.4-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11.2.6-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлийг хянах” гэж тус тус заасан.
5.3. Түүнчлэн орон нутгийн замын ажил гүйцэтгэж буй “М т” ХХК нь зам, далангийн шорооны дүүргэлт хийх зориулалтаар элс, хайрга, чулууны хуримтлалыг ашиглахдаа Дорнод аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр олборлох ёстой боловч нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөлгүй олборлолт хийсэн байх ба үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.
5.4. Гомдол гаргагч “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “... далан хучилтын ажилд авч ашигласан” гэж тайлбарлаж байх тул Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан тусгай зөвшөөрлийн харилцаанд хамаарч байх тул хариуцагчид захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
6. “М т” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.” гэж заасан тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагаа явуулсан нь зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
6.1. Түүнчлэн зөрчлийг харьяаллын дагуу шалгуулахаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлснийг хяналтын улсын байцаагч хүлээн авч зөрчлийг илрүүлж, холбогдох Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулж, нөхөн төлбөр тавьсныг буруутгах боломжгүй.
6.2. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Дорнод аймгийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э-ын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №0124905 тоот "Зөрчилд шийтгэл ногдуулах тухай" шийтгэлийн хуудсаар “М т” ХХК-ийг 2.000.000 төгрөгөөр торгож, зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 2.617.192 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 116/ШШ2025/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР