Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 202

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч А.Цэвэгмэд, М.Амарсанаа тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Авирмэдийн Цэвэгмэдэд, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Улаанхашлага овогт Мягмаржавын Амарсанаа нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626022327 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 Монгол Улсын иргэн, Боржигон овогт Авирмэдийн Цэвэгмэд, /РД:ТЕ91052859/ 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хороолол ЦС-1-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, Улаанхашлага овогт Мягмаржавын Амарсанаа, /РД: ОЗ9020714/ 1994 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, яс үндэс баяд, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхон 11 дүгээр байрны 83 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч А.Цэвэгмэд нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо нэртэй бааранд М.Амарсанаатай бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн Э.Энхманлайг ямар ч шалтгаангүй зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч М.Амарсанаа нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо нэртэй бааранд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж  бусдыг  илтэд үл хүндэтгэн Т.Насанжаргалыг ямар ч шалтгаангүй зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн А.Цэвэгмэдтэй бүлэглэн Э.Энхманлайг ямар ч шалтгаангүй зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч А.Цэвэгмэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Кензо бааранд орж архи уусан байхдаа нэг мэдэхэд хүнтэй маргалдсан байсан. Яагаад зодоон болсныг санахгүй байна. Сүүлд нь ухаан ороод зодоон болсныг мэдсэн” гэв.

Шүүгдэгч М.Амарсанаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Кензо бааранд дөрвүүлээ ороод архи уугаад бүжиглэж байсан. Тэгээд бүжиглэж байгаад 2 давхарт гараад бүжгийн талбай руу харахад манай найз хоёр залуутай муудалцаад байх шиг байсан. Тэгэхээр нь салгах санаатай бууж очоод бид хоорондоо түлхэлцэж байгаад би махлаг залууг нэг удаа цохьсон. Тэндээс гараад баарны гадаа шар үстэй залууг нь нэг удаа цохиод цагдаа ирж байна гэхээр нь зугтаасан” гэв.

Шүүгдэгч А.Цэвэгмэд нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо нэртэй бааранд М.Амарсанаатай бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн Э.Энхманлайг ямар ч шалтгаангүй зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч М.Амарсанаа нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо нэртэй бааранд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж  бусдыг  илтэд үл хүндэтгэн Т.Насанжаргалыг ямар ч шалтгаангүй зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн А.Цэвэгмэдтэй бүлэглэн Э.Энхманлайг ямар ч шалтгаангүй зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.Энхманлайгийн “2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр … найз Насанжаргалтай ... Кензо шөнийн цэнгээний газар луу 24 цаг өнгөрч байхад ороод нэг шил 0.5 литрийн Тайгер нэртэй пиво авч уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгсэн Насанжаргал хоёулаа явъя гэж дуудахаар нь цүнхээ авах гээд сууж байсан ширээн дээрээ очоод цүнхээ аваад эргээд хартал Насанжаргалыг нэг цагаан фудволктой залуу шууд цохиж байгаа харагдсан. Яг хамар ам хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Насанжаргал цохиулсаны дараа шууд газар суугаад хамарнаас нь цус гарч эхэлсэн. Тэгэхэд цагаан фудволктой залуу болон бор өнгийн савхин куртиктай залуу шууд над руу дайраад эхэлсэн. Бор савхитай залуу эхлээд миний нүүрэн тус газар нэг удаа хүчтэй цохисон, дараа нь цагаан фудволктой залуу цохиж харагдсан. Би тэр үед нүүрээ муухай болгохоос айгаад гараараа дараад доошоо суучихсан болохоор хэн нь хаашаа цохиж байгааг хараагүй. Тэгсэнээ хоёр залуу нь намайг үсдчихсэн бүжгийн талбайгаас чирээд үүдний хэсэгт байх буйдан дээр аваачиж түлхээд, хэвтүүлээд цагаан фудволктой залуу нь боож эхэлсэн. Хамт явж байсан залуу нь намайг цохиод байсан. Хэн нь хаашаа цохиж байгааг хараагүй. Гэнэт намайг зодохоо болиод өөр хүмүүстэй буюу Кензо баарны дижи гэх залуутай зодолдож эхэлсэн. Миний гутал сугарсан байсныг өмсөөд цүнхээ аваад цагдаа дуудсан. Зодуулсаны дараа хуйх их өвчтэй байсан. Гэмтлүүдийг хэн хэн нь үүсгэснийг хэлж мэдэхгүй байна, хэн хаашаа яаж зодсоныг хэлж чадахгүй. Яг хэдүүлээ явж байсныг санахгүй байна. Нүүрээ дараад сууж байхад өшиглөж цохиод байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

Хохирогч Т.Насанжаргалын “2016 оны 09 дүгээр сарын 02-ны ... 22 цаг болж байсан байх ... Ачлал их дэлгүүрийн урд талд очиж Энхманлайтай уулзаад ... шууд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо баар руу такси барьж очсон юм. Ингээд баар руу 24 цагийн орчимд ороод нэг нэг шил нийслэл нэртэй шилтэй пиво авч уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. 02-03 цагийн үед гарах дөхөөд Энхманлайг бүжиглэж байхад нь за гаръя гэж хэлсэн. Тэгсэн Энхманлай хүмүүсийн дундаас гараад ирэхэд бор савхитай үсээ хойш нь самнасан залуу урдуур нь өнгөрч явсанаа эргэж хараад Энхманлай руу зодох гээд дайрахаар нь би урдуур нь ороод тэр залууг болиулаад байж байтал Энхманлайн хажуу талаас нь хар цамцтай залуу дайрахаар нь хоёуланг нь хориод зогсож байтал цагаан фудволктой  залуу шууд хүрч ирээд үгийн зөрүүгүй хамран тус газар аль гараараа цохисныг нь санахгүй байна маш хүчтэй цохисон. Тэгсэн шууд тухайн үед хамарнаас цус гаран үүдэн 2 шүд нилээн хөдөлгөөнтэй болчихсон доошоо нүүрээ дараад сууж байгаад Энхманлайгийн зогсож байсан зүг рүү хартал бүжгийн талбай дундуур цагаан фудволктой залуу буйдан дээр аваачиж хэвтүүлээд доор нь орчихсон араас нь  бугуйлдаж боож байсан ба тухайн үед бор савхитай залуу нь дээрээс нь гараараа цохиж байсан. Энхманлай больё гэж орилж байсан. Удалгүй хамгаалагч дижи нар нь ирээд тэдгээр залуусыг салгаад баарнаас хөөж гаргасан ба би цагдаа дуудсан. Бид хоёрыг баарнаас гаргахад Энхманлайг цохисон гэх залуус цагдаа ирэхэд цагаан цамцтай болон бор савхитай залуу зугтаагаад явсан. Хар цамцтай болон өөр нэг зодоогүй, надад ямар хамаатай юм гэх залуу хоёрыг цагдаад аваад явсан. Цагаан фудволктой залуу нь миний хамран тус газар нэг удаа цохиод уг гэмтэл үүссэн. Намайг тэр цагаан цамцтай залуу цохиод л тэгээд бүгд Энхманлай руу дайрчихсан. Цагаан фудволктой залуу юуг нь ойлгоогүй байж шууд ирээд миний нүүрэнд цохьчихсон. Урьд өмнө ерөөсөө харж байгаагүй танихгүй залуус байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч Г.Золбаярын “2016 оны 09 дүгээр сарын 02-03 нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Бугат 16 чиглэлд цагдаа жолооч Ууганбаярын хамт үүрэг гүйцэтгэж байхад 03 цаг 20 минутын орчимд Кензо бааранд хүн зодууллаа гэсэн дуудлага өгсөн. Уг газар очиж шалгахад зодсон гэх хүмүүс нь явчихсан. Хамт явсан хоёр найз нь үлдчихсэн, бид зодоогүй гээд байж байсан. Тэгэхэд нь найзыгаа олж өг гээд Даавка гэх найз нь зугтаасан. Найзынхаа утас руу залгаад хаана байна гэхэд таван шарын 18 дугаар байрны сагсны  шийдэн дээр байна гэхээр нь уг хаягийн дагуу очиход зугтааж явсан. Амарсанаа нь нэг найзтайгаа муудалцаад дээр доороо орчихсон байж байсан. Очиж салгаад муудалцсан болон зааж өгсөн найзтай нь суулгаад  Кензо бааранд очиж хамгаалагчтай нь уулзахад  зодсон гэх залуу нь энэ яг мөн байна гэж хэлэхээр нь түр саатуулсан. Сагсны шийдэн дээр очих үед Амарсанаа нь дотуураа цагаан фудволк өмсчихсөн байсан. Найз нь ямар хувцастай байсаныг санахгүй байна. Энхманлай, Насанжаргал нар ямар байдалтай байсныг санахгүй байна, дуудлагын хуудсаа бөглөөд гэмтлийн эмнэлэг рүү яваад эмчилгээ хийлгээд буцаж хүрч ирээд өргөдлөө өг гэж хэлээд явуулсан. Амарсанаа нь нэлээд их хэмжээний согтолттой байсан. Амарсанаа болон түүний найзуудад ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/

Гэрч П.Алтаншагайгийн “...шөнө 02-03 цагийн орчимд баарны үүдэнд зогсож байхад үйлчлэгч Алтанцэцэг гэх эмэгтэй ирээд 2 давхарт бүжгийн талбайд зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгээд дээшээ гараад харахад дээгүүрээ цагаан фудволк өмссөн залуу шар үстэй толгойтой залуу буюу хохирогч залууг текний хажуу талын буйдан дээр дээрээс нь тэвэрчихсэн толгой руу нь өвдөглөж байсан. Тэгэхэд нь би хойноос нь очиж тэвэрч салгаад холдуулаад цагаан фудволктой залууг хөөж буулгаад 1 давхарт оруулсан. Буцаад ирэхэд бор савхитай залуу нь хохирогч залууг үсдээд дарчихсан байхаар нь очиж салгаад баарнаас хөөж гаргасан. Манай баарны дижи Эрхэмбаяр тухайн үед надтай хамт уг зодооныг салгаад зодоон хийсэн цагаан  фудволктой, бор савхитай залуу хоёрыг гадна талд баарны үүдэнд гаргатал бид хоёр луу дайраад байсан. Хамт явсан хоёр найз нь бид хоёр зодоон цохион хийгээгүй гээд зогсож байсан. Шар үстэй залуу нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, арай махлаг залуу нь гайгүй эрүүл шахуу байсан ба гарч ирээд миний хамар луу цохьчихлоо гэж байсан. Хяналтын камер байсан хэдий ч хард дискгүй тул бичлэгээ хадгалаагүй байсан. Тухайн үед 9 сард хэн хэн ажиллаж байсныг санахгүй байна. Шинэ зөөгч нар орж гараад л байсан. Хэн нь байсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

Гэрч Г.Энхтуулын “2016 оны 09 дүгээр сарын 02 ны өдөр Энхманлай манай ажил тарсны дараа намайг бичил хороолол дах гэрт явган хүргэж өгсөн. Бид хоёр орцонд жаал ярьж зогсож байгаад 23 цаг өнгөрч байхад Энхманлай гэртээ харина гээд явсан. Тухайн үед Энхманлай зүв зүгээр ямар нэг бэртэл гэмтэлгүй байсан. Маргааш нь манай гэрт ирсэн ба баруун гар нь гипстэй, эрүүний доод хэсэгт хөхөрчихсөн хамар нь хөхрөөд үл ялиг муруйчихсан буюу хугарсан, баруун нүд улайлттай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12335 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

“1.Э.Энхманлайгийн биед баруун 2 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 41 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12336 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Насанжаргал биед хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 42 дугаар хуудас/

М.Амарсанаагийн яллагдагчаар өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ... 19 цаг гэж байхад ...Ихэрборгио гээд дэлгүүрийн хоёр давхарт байдаг паб руу орж 0.75 литрийн Хар Чингис архи хоёр шилийг авч уусан. Ингээд уугаад сууж байтал 23 цагийн орчимд Цэвэгмэд би гарчаад ирье гэж хэлээд гадагшаа гарсан ба тухайн үед Түвшинжаргал, Давка бид хэд Ихэрборгиогоос гараад шууд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Кензо бааранд орсон ба удалгүй Цэвэгмэд хүрээд ирсэн. Ингээд бааран дотор сууж байхдаа дахиад нэг шил  0.75 литрийн Хар чингис архи авч уугаад ууж дуусаад босоод бүжиглэж байсан ба хэсэг хугацаанд амраад сууж байтал Цэвэгмэд нэг шар үстэй туранхай болон бор арьстай биерхүү залуутай маргалдаж хэрэлдээд хоорондоо түлхэлцэж байсан. Тэгэхэд нь би шууд хоёр давхрын шатнаас нь доош уруудаж буугаад бор залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа баруун гараараа хүчтэй цохисон. Тэгэхэд уг бор залуу нь газар шалан дээр унаад өгсөн ба тэр үед би согтуу байсан болохоор уг залуутай хамт шалан дээр унаад өгсөн. Ингээд Цэвэгмэд бид хоёр шар үстэй залуутай зууралдаж зодолдож эхэлсэн бөгөөд нэг мэдсэн Кензо баарны буйдан дээр аваачаад би доороос нь боочихсон байсан ба тухайн үед Цэвэгмэд дээрээс нь цохиж байсан. ...нэг мэдсэн баарны үүд хэсэгт буйдан дээр хохирогчийг боож байхад баарны хамгаалагч залуу ирээд Цэвэгмэд бид хоёрыг салгаад баарнаас гаргаад баарны үүдэнд зогсож байгаад зугтах санаатай хойшоогоо зам хөндлөн гартал Түвшинжаргалыг дотор тасраад үлдсэнийг санаад шууд буцаж ороод Түвшинжаргалыг авч гараад такси бариад Таван шар дээр байрны дунд очоод байж байсан. ...Ер нь л муудчихсан хөл дээрээ явж байсан. Гэхдээ манаралттай явж байсан. ...Цэвэгмэд эхлүүлсэн. Гэхдээ яг зодоон болоогүй. Яг маргалдаж эхэлж байсан юм.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64 дүгээр хуудас/

 А.Цэвэгмэдийн яллагдагчаар өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Таван шарын байрнуудын ойролцоо ... найз Амарсанаа Түвшинжаргал хоёртой таараад ...09 дүгээр байрны ойролцоо байх Ихэрборгио дэлгүүрийн хоёр давхарт байх пабад ороод нэг шил 0.75 литрийн Хар чингис нэртэй архи авч уусан. Уг пабад яг хэдэн цагт орсоноо санахгүй байна. Тухайн үед бид хэдийг Ихэрборгиогийн дотогшоо орох үед Давка ирчихсэн байсан ба бид дөрөв хамтдаа дотогшоо орсон юм. ...01 цагийн орчимд Кензо бааран дээр очоод дотогшоо ороод хоёр давхарт байх ширээн дээр нь ороод суусан. Бид дөрөв хамтдаа дахиад 0.75 литрийн Хар чингис мөн ус, ундаа аваад хувааж уугаад жоохон юм ярьж сууж байгаад бүжиглээд байж байсан ба архиа уугаад нэлээд муудчихсан бүжгийн талбай дээр бүжиглэж байсан ба нэг мэдсэн Кензо баарны үүдний ойролцоо байх буйдан дээр нэг шар үстэй, туранхай залууг зодож байсан ба яг тэр үед намайг баарны хамгаалагч залуу нь салгаад бид хэд доошоогоо буугаад “Кензо” баарны гадна үүдэнд зогсож байгаад Амарсанаа бид хоёр зугтаж хойшоогоо зам гарсан ба Түвшинжаргалыг дотор тасраад уначихсан байсаныг нь мэдээд буцаж орж Түвшинжаргалыг гаргаад бид гурав такси бариад таван шар руу явсан. ...Мэдэхгүй байна, би тухайн үед бүжгийн талбай дээр гараад юу болсоноо санахгүй байна. Нэг мэдсэн баарны үүдэнд буйдан дээр шар үстэй залууг зодож байсан. ...Буйдан дээр зодож байхдаа хохирогчийн нүүр рүү хоёроос гурван удаа цохисон. ...Амарсанаа бид хоёроос өөр хүн зодоон хийгээгүй.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбарууд /хэргийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч А.Цэвэгмэд, М.Амарсанаа нарын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжтэй бөгөөд уг гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн, мөн М.Амарсанаа нь уг гэмт хэргийн давтан үйлдсэн учир хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар А.Цэвэгмэдэд, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дах хэсэгт заасан М.Амарсанаад ял оногдуулах үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч А.Цэвэгмэд, М.Амарсанаа нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 85-86 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул тэдгээрийг урьд ял шийтгүүлж байгаагүй анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хэрэгт Э.Энхманлайд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт авагдсан байх бөгөөд /хэргийн 19, 23 дугаар хуудас/ хохирогч Т.Насанжаргал, Э.Энхманлай нар нь  шүүгдэгч нараас  400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг бэлнээр авав. ... Хохирлоо бүрэн барагдуулж авсан учир цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 124 дүгээр хуудас/

Иймд шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Цэвэгмэд, М.Амарсанаа нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан тэдгээрт шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Боржигон овогт Авирмэдийн Цэвэгмэдийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

            Улаанхашлага овогт Мягмаржавын Амарсанааг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар А.Цэвэгмэдийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

           Мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дэх хэсэгт зааснаар М.Амарсанааг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар А.Цэвэгмэдэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг,

М.Амарсанаад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.          

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.3.1, 298 дугаар зүйлийн 298.1.1 , 298.1.2 дах хэсэгт зааснаар А.Цэвэгмэд, М.Амарсанаа нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар А.Цэвэгмэдэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, М.Амарсанаад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд А.Цэвэгмэд, М.Амарсанаа нарт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дах хэсэгт зааснаар А.Цэвэгмэд, М.Амарсанаа нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Цэвэгмэд, М.Амарсанаа нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ