Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0326

 

 

 

 

 

 

     2022        04            27                                    0326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Р.О****

            Хариуцагч: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*** Б.А***

            Гуравдагч этгээд: Г.Б*** нарын хоорондын “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай “Р.О****-ыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.О****, түүний өмгөөлөгч Ч.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*** Б.А***, гуравдагч этгээд Г.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэрэнханд нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Р.О**** нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай “Р.О****ыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.

            2. Нэхэмжлэгч нь анх 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд гэрээт ажилтан, мөн оны 8 дугаар сараас тус зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар томилогдон ажилласан, шүүхийн шийдвэрээр Б.Б***г Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилсон гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн атлаа Г.Б***ийг томилсныг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж,  2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/1641 дугаартай албан бичгээр хариуг авч шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.О**** миний бие 2001 онд *** сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002 онд *** улсад сурч, ажиллаж байгаад 2016 онд Монгол Улсад ирсэн. 2017 оны 3 дугаар сараас эхлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд гэрээт ажилтнаар ажиллаж байгаад тус албан тушаалд томилогдон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын албыг дөрвөн жилийн хугацаанд хуульд нийцүүлэн үнэнч шударгаар ажилласан. Гэтэл шүүхийн шийдвэрээр өмнө нь ажиллаж байсан Б.Б***г томилно гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас маань  чөлөөлсөн. Намайг тус ажлаас чөлөөлөгдсөний дараа Б.Б***г тус албанд томилоогүй Г.Б***ийг томилсон байгаа нь үндэслэлгүй байна” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Б.Б***г ажлын албаны даргаар эргүүлэн тогтоож байгаа учир Р.О****ыг тус албан тушаалаас чөлөөлж байна” гэсэн ** дугаартай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр гаргасан. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр буюу Р.О****ыг ажлаас чөлөөлснөөс хоёр сарын дараа түүнийг ажлын албаны даргаар томилж, 7 хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 05 дугаартай тогтоолоор Г.Б***ийг тус ажлын албаны даргаар томилсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Үүнээс шүүхийн шийдвэрийн дагуу ажлын албаны даргаар томилогдсон Б.Б*** гэж хүн биш Г.Б*** гэж хүн томилогдоод байна.

Р.О****ыг эргүүлэн ажилд нь авъя гэхээр “төрийн албаны шаардлага шалгуур хангаагүй” гэсэн тайлбар гаргаж байгаа үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг дүгнэх бөгөөд энэ хүрээнээс хэтэрсэн дүгнэлтийг өгөхгүй. Маргаан бүхий Р.О****ыг ажлаас чөлөөлсөн тогтоолын хууль зүйн үндэслэлийг харахаар зөвхөн шийдвэр, магадлал, тогтоолын хүрээнд “Б.Б***г ажилд нь эргүүлэн томилох шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн гэх бөгөөд Р.О****ыг төрийн албаны шаардлага шалгуурыг хангасангүй гэсэн зүйл байгаагүй. Хавтаст хэргийн 98-99-р талд Р.О****ыг ажлаас чөлөөлөх талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд “Б.Б***г ажилд эргүүлэн томилохгүй ээ”, Б.Б***г ажилд нь эргүүлэн томилохоос хоёр хоногийн өмнө Г.Б*** гэдэг хүнийг ажлын албаны даргаар томилъё” гэж зуун хувийн саналтайгаар түүний томилох тухай хуралдааны тэмдэглэл зэргийг үзэхэд энэ Р.О****ыг ажлаас халсан тушаал нь бүхэлдээ Г.Б***ийг ажлын албаны даргаар томилохын тулд Б.Б*** гэдэг хүнийг шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэдэг үндэслэлээр дүр үзүүлэн Р.О****ыг ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 5 дугаар сард Р.О****ыг ажлаас чөлөөлсөн. Бодит байдал дээр ямар үйлдэл бэ гэхээр 2021 он буюу Корона вирусийн оргил үе байсан. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулахыг хуулиар хориглосон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн журам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан тушаалаар сэлгэх, шилжүүлэн ажиллуулах гэсэн зохицуулалтууд байдаг. Тухайн үед хамгийн боломжтой хууль зөрчихгүйгээр тухайн албан тушаал дээр томилгоо хийх тохиромжтой хувилбар бол сэлгэн ажиллуулах хувилбар байсан. Тухайн нөхцөлд Б.Б*** нь Корона вирусийн халдвар авсан байсан ба өвчний эмчилгээний хугацаа урт, эмчилгээний дараа тусгаарлалтад байх шаардлагатай гэж  байсан. Үүний улмаас би ажилдаа орох боломжгүй байна гэж Б.Б***гаас хүсэлт ирсэн. Энэ үед Р.О****ыг ажлаас чөлөөлсөн тогтоол гарсан байсан. Р.О****ыг томилъё хүсэлтээ өгөөч гэхэд хүсэлтээ өгөөгүй. Тухайн үйл явдалтай зэрэгцээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүтцийн өөрчлөлт гарч Засгийн газрын тогтоолоор Г.Б***ийн ажил, албан тушаал байхгүй болж татан буугдсан. Энэ баримт хавтаст хэрэгт байхгүй ч нийтэд илэрхий баримт юм. Г.Б*** нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын нэгжийн даргын ажлыг эрхэлдэг байсан. Г.Б*** нийгмийн баталгааг тус яамны зүгээс хангах ёстой.

Учир нь Г.Б*** төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн албаны шалгалтаа өгч, тангаргаа өргөсөн байсан. Иймээс Б.Б***г иртэл түр орон тооны албан тушаал дээр томилсон. 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Б***г “та одоо ирэхгүй бол таныг ажлаас чөлөөлөх тухай саналыг зөвлөгөөний хурлаар орууллаа” гэж сануулсан. Гэтэл Б.Б***гаас би эрүүл мэндийн шалтгаанаас тухайн ажил дээр ажиллаж чадахгүй байна. Тухайн ажлаас татгалзаж байна гэсэн хүсэлтээ албан ёсоор үрүүлсэн байдаг. Иймээс энэ ажлын албаны даргаар томилогдохтой холбоотой асуудал бол хуулийн дагуу явагдсан бөгөөд хууль зөрчсөн асуудал байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            5. Гуравдагч этгээд Г.Б*** шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Ажлын албаны даргаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гарсан. Яагаад гэвэл ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс байхгүй, бусад байгууллагууд руу явуулах албан бичиг хоцрогдоод байна гэж намайг түр ажиллах тушаалтайгаар тус албанд томилсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас миний тушаалыг гаргахдаа сэлгэн ажиллуулах тушаал гарсан. Тэгээд ажиллаж байх хооронд шүүхийн шийдвэр биелүүлж байна гээд тус ажлаас чөлөөлөгдсөн. Хэсэг хугацааны дараа Б.Б*** нь ажиллах боломжгүй болсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар тус  Ажлын албаны даргаар ажиллуулахаар хурал болсон, тус хурлаар өөрийг чинь зуун хувийн саналтайгаар дэмжсэн гэснээр энэ ажилд томилогдсон.

Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Төрийн албаны шаардлага шалгуур хангаагүй Г.Б***ийг томилсон тул тус томилсон тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байсан. Би өөрийгөө Төрийн албаны шалгуурыг хангаагүй гэж үзэхгүй байна. Би төрийн албанд тасралтгүй 13 жил ажиллаж байгаа, цэргийн алба хаасан, 2016 оноос хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд  Бодлогын хэлтсийн даргаар  ажилласан. Энэ албан тушаалд ажиллах шалгуур нь төрийн албанд таваас доошгүй жил ажилласан байх гэж заасан байдаг бөгөөд би энэ шалгуурыг хангалттай хангасан, тус яаманд ажиллаж байх үеийн ажлын үр дүнгийн үзүүлэлтүүдийг үзэж дүгнэгдсэн байдаг. Ажлын албаны даргаар түр томилогдож байх хугацаанд Авлигатай тэмцэх газраас тус албан тушаалд томилогдоход зөрчилгүй байна гэсэн мэдүүлэг ирсэн. 2012 онд төрийн албаны шалгалтыг өгч тэнцэж байсан. Эрүүл мэндийн даатгалын дэд дарга гэсэн албан тушаал дээр 2013 онд төрийн албаны тангаргаа өргөж байсан. Иймээс төрийн албан хаагчийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Р.О****-ыг ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            1/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.Б***г шүүхийн шийдвэрийн дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэгт ажлаас  2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс чөлөөлжээ.

            2/ Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-т “Улсын Их Хурал нь Засгийн газар даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана”, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн 4.4-д “Ажлын албаны даргыг талуудтай зөвшилцөж Үндэсний зөвлөлийн дарга, ажлын албаны ажилтнуудыг ажлын албаны дарга тус тус томилж чөлөөлнө” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга тус зөвлөлийн ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрхтэй байхаар зохицуулжээ.

            3/ Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 418 дугаар тогтоолоор “...Нийгмийн даатгалын үндэсний гишүүдийн тухайд Улсын Их Хурлаас хугацаатай томилогдож байгаа учраас улс төрийн албан хаагч гэж үзэх үндэслэлтэй, харин Ажлын албаны даргын тухайд уг Зөвлөлд байнгын, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар энэ албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтгаж үзэхээр байна” тайлбарласан байна.

            4/ Анх нэхэмжлэгч Р.О**** нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байжээ.

            5/ Гэвч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2021 оны 4 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/**** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/*** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны *** дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

            6/ Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Б***г Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллаа явуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдад 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б.Б***г Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр мэдэгдэл хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлүүд болон шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            7/ Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2021 оны 4 дүгээр тогтоолыг буруутгахгүй гэх боловч “...Б.Б***г эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, намайг ажлаас чөлөөлсөн атлаа Г.Б***ийг томилж хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “... Г.Б***ийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн 15 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар хууль тогтоомжийн дагуу томилсон болно” гэж маргалдаж байгаа болно.

            8/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 4 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Б.Б***г уг албан тушаалд эгүүлэн томилсон боловч, Б.Б*** нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон албан тушаалд ажиллахаас татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Б***гийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтүүдээр болон холбогдох тогтоолоор нотлогдож байх бөгөөд энэхүү хүсэлтийг үндэслэн түүнийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

            9/ Дээрх нөхцөл байдлуудаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д “хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно”, 37.1.5-д “ ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална...” гэснийг зөрчөөгүй байна.

            3. Гуравдагч этгээд Г.Б***ийн тухайд:

            1/ Гуравдагч этгээд Г.Б*** нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Нийгмийн хамгааллын хэлтсийн даргаар томилогдож, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/50 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3-д заасныг үндэслэн түүнийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд сэлгэн ажиллуулж байгаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэгт ажилд томилохоор шийдвэрлэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолоор зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасантай нийцсэн, дээрх тушаалууд нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

            2/ Мөн шүүхээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Р.О****ыг ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

            3/ Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагад “Төрийн албанд 5-аас доошгүй жил, улсад 8 ба түүнээс дээш жил ажилласан байх” шаардлага тавигдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд 2017 оны  8 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд төрийн албанд ажилласан, мөн Авлигатай тэмцэх газрын 2017 оны 03/6119 дугаартай албан бичигт түүнийг “төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй байна” гэсэн байх тул дээрх шалгуурыг хангахгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тогтоол болон төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            4/ Хэдийгээр нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, тангараг өргөх албан хаагчдын нэрсийн жагсаалтад байгаа хэдий ч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02/485 дугаартай албаны бичигт “Р.О****ын төрийн албанд ажилласан хугацааг тогтоох боломжгүй” гэж, мөн шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолын нийслэлийн Б дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын дүнгийн 27-д Р.О****ын нэр байгаа хэдий ч дээрх албан тушаалын тусгай шаардлагыг хангахааргүй байна.

            5/ Харин хариуцагчаас “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэх тайлбарын тухайд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж, гомдлын хариуг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр хүргүүлж, давж заалдах шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн Р.О**** шүүхэд анх 2021 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргасан байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

            6/ Иймд дээрх үндэслэлүүдээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            4. Нэгэнт шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.О****ын “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай “Р.О****ыг ажлаас чөлөөлөх” тухай тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ