Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00179

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00178

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ... дугаарын регистртэй, Я овогт Т-ын Цын хүсэлттэй эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн талийгаач нөхөр Х.Амаржаргалтай 2011 онд Увс аймгийн Өлгий суманд хуримаа хийсэн. Бид хамтдаа Ховд аймгийн Мянгад суманд амьдарч байсан. Нөхөр маань Увс аймгийн Өлгий сумын харъяат байсан ба шилжилт хөдөлгөөн хийлгэсний дараа гэрлэлтээ батлуулна гэж ярьдаг байсан. Бидний дундаас 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин Алтанхүү 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Дөрвөнсайхан нар төрсөн. Хүүхдүүд миний асрамжинд эрүүл бойжиж байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул охиноо би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Нөхөр маань мал хайж яваад 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр усанд осолдож нас барсан. Хүү Дөрвөнсайхан аавыгаа нас барснаас 2 хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Миний бие 2 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн боловч гэрлэлтийн баталгаа байхгүй байна гэсэн учир би Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийдвэрээр нөхөр Х.Амаржаргалтай хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Шүүхийн шийдвэрийг үндэслэн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрээ авч байтал НДХ-т шалгалт ирж нөхөр бид 2-ыг хамтын амьдралтай байсан байна. Хүүхдүүдийн эцэг болохыг тогтоолгох шаардлагатай гэж тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зогсоож миний хүүхдүүдийг хохироож байгаа тул шүүхэд хандан миний нөхөр талийгаач Х.Амаржаргалыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Алтанхүү, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Дөрвөнсайхан нарын эцэг болохыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц нь талийгаач нөхөр Х.Амаржаргалтай 2011 онд Увс аймгийн Өлгий суманд хуримаа хийсэн. Тэдний дундаас 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин Алтанхүү 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Дөрвөнсайхан нар төрсөн. Х.Амаржаргал нь мал хайж яваад 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр усанд осолдож нас барсан. Хүү Дөрвөнсайхан нь аавыгаа нас барснаас 2 хоногийн дараа төрсөн. Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийдвэрээр хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Иймд талийгаач Х.Амаржаргалыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Алтанхүү, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Дөрвөнсайхан нарын эцэг болохыг тогтоож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Ц нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар хангаж шийдвэрлэв.

Шангас овогт Хишгээгийн Амаржаргал /ОИ89031739/ нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барсны бүртгэлийн 843400005 дугаарт бүртгэсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 126/000214 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар,

Хүсэлт гаргагч Т.Ц, талийгаач Х.Амаржаргал нар нь 2011 оноос эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин Алтанхүү 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Дөрвөнсайхан нар төрсөн болох нь  8434000099, 0000886584 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичиг, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийдвэрийн хуулбар,

Иргэн Б.Ганхүүгийн ... Би Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн иргэн У.Төрбатын бэр бөгөөд 2010 оны 07 дугаар сард хадам дүү болох Т.Ц нь Увс аймгийн Өлгий сумын харъяат Хишгээгийн Амаржаргалтай гэр бүл болж хурим хийсэн. Тухайн үед би бэргэнээр явж байсан. Т.Ц, Х.Амаржаргал хоёр нь албан ёсоор хурим найраа хийсэн бөгөөд хоёр хүүхэд төрүүлсэн нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Ц.Даваанямын ...2010 оны 07 дугаар сард Т.Ц нь Увс аймгийн Өлгий сумын харъяат Хишгээгийн Амаржаргалтай гэр бүл болж хурим хийсэн. Т.Ц, Х.Амаржаргал хоёр нь албан ёсоор хурим найраа хийсэн бөгөөд хоёр хүүхэд төрүүлсэн нь үнэн... гэх тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин Алтанхүү 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Дөрвөнсайхан нарын төрсөн эцэг Шангас овогт Хишгээгийн Амаржаргал /ОИ89031739/ мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин А 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Д нарын төрсөн эцэг Ш овогт Х-ийн А /.../ мөн болохыг тогтоосугай.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ