Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00180

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00180

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн 5-17 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Ц овогт Д-ийн М-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүх нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дамдингийн М нь 1965 оны 3 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1981 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургууль, 1983 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгсөж, 1983 оноос 1986 онд ЗХУ-ын техник мэргэжлийн сургуулийг хүнсний технологич мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн хүнсний үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 29-нд хүнсний үйлдвэрийн даргын 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 65 тоот тушаалаар чихрийн цехэд нормчиноор ажиллаж байгаад 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүнсний Буян ХХК-ны захирлын 46 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Хүнсний Буян ХХК-ийн 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46 тоот тушаал олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Мгийн Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Д.М нь 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор, 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буян ХК-д нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.М нь 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор, 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буян ХК-д нормчноор ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 111 дугай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугай ажилд түр авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 51 дугай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 179078 дугай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000034 дугай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 7669 дугай мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугай Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Хүнсний үйлдвэр нь 1992 оны 05 дугаар сарын 09-нд Буян ХК, 1996 оны 04 дүгээр сарын 10-нд Алтайн буян ХК болж өөрчлөгдсөн тухай лавлагаа,

Иргэн Б.Бат-Энхийн ...Миний бие Д.Марттай 1986 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт хамт ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Мгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цорос овогт Дамдингийн Мг 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор, 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буян ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ