| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00147/И |
| Дугаар | 00181 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00181
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00181 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Хөндлөн багт оршин суух, ПЕ63070910 дугаарын регистртэй, Мөнхөө овогт Л.Э хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1963 оны 07 дугаар сарын 09-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1971 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1979 онд 8 дугаар ангиа төгссөн. Миний бие нь дунд сургуулиа төгсөөд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Хөндлөн бригадад малчин аав Мөнхөө овогтой Лхагвын суурьт туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн 029 дүгээр ангид алба хааж, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Хөндлөн буюу 5 дугаар бригадад мөн малчнаар ажилласан. Малчнаар ажиллаж байхдаа тракторчины курст суралцсан. Миний бие нь малчнаар ажиллаж байгаад 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн хадлангийн механикжсан салаанд тракторчиноор томилогдон ажиллаж байгаад нэгдэл тарахад буюу 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс чөлөөлөгдсөн. Миний бие нь 1986 онд Батаа овогтой Сайнбилэгтэй гэр бүл болсон. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад 1992 оны 03 дугаар сараас 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас нөхөн тооцож өгсөн. Иймд Л.Э намайг 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Л.Э нь 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Э нь 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 292 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн бригадын 1979 оноос 1981 он, 1984 оноос 1987 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 214901 дугаартай 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 842200821 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 610469 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0707842 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 03 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000190 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1989 оны төлөвлөгөө баримт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 126/001116 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 126/001115 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 55 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Т.Баатаржавын ...Миний бие 1980 оноос хойш Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малын эмч, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 1992 оноос хойш Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг зэрэг ажлыг хийж байсан. Миний бие Ховд аймгийн Зэрэг суманд төрж өссөн, ажиллаж амьдарч байгаа хүний хувьд Л.Э-г Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчин, тракторчноор ажиллаж байсныг гэрчилж байна... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Э ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мөнхөө овогт Лхагвын Э-г 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ