Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2020/00721/И |
Дугаар | 184/ШШ2020/01080 |
Огноо | 2020-04-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2020/01080
2020 04 02 184/ШШ2020/01080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М /рд:1111/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б /рд:2222/-д холбогдох
17,829,833 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Б болон Г.М бид нар харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №ЗГ8019Э тоот зээл, барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд С.Б өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18080/, Москвагийн гудамж, 66 байр, 4 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-226386 тоот дугаартай 25,8 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалан 6 сарын хугацаатай нэг сарын 3.5 хувийн хүүтэй 12,500,000 төгрөгийг зээлсэн. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бидний байгуулсан №ЗЭЗ тоот зээл, барьцааны гэрээний хугацаа дууссан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар С.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд С.Бгаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 11,500,000 төгрөг, зээл олгосон өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн гэрээний дуусах хугацаа буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал нийт 6 сарын хугацаанд хуримтлагдсан зээлийн хүүгийн үлдэгдэлд 579,833 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн гэрээний 1.2 дах заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги 100 хоног буюу /ИХ.232.4 анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/ гэсний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал алдангийн төлбөрт 5,750,000 төгрөг, нийт 17,829,833 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 247,099.17 төгрөгийн хамт барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: С.Б нь 2017 онд хүүхдийнхээ машиныг барьцаанд тавьж “Начин заан” ХХК-аас 6,000,000 төгрөгийг зээл авсан. Тухайн мөнгөө төлж чадахгүй хүүхдийнхээ машиныг алдах дээрээ тул байтал Начин заан ХХК-ийн зааж өгсөн Г.М гэдэг хүнтэй утсаар холбогдож 12,500,000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 489,000 төгрөг, тухайн өдөр 50,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 8-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2,452,667 нийт 3,041,667 төгрөгийг төлсөн. Мөн бэлнээр 1,000,000 төгрөг төлсөн. Үүнийгээ нь нэхэмжлэгч шүүх хуралдааны тайлбартаа хэлсэн гэж үзэж байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримтлан дээр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хүүгийн төлбөр 1,639,166.67 төгрөг гэж заасан байна. Гэтэл С.Б нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэхэд хүүгийн төлбөрт 3,041,667 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Үүнээс харахад хариуцагч нь хугацаандаа хүүгээ бүрэн төлж барагдуулснаас гадна илүү төлөлт хийсэн нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч үндсэн зээл 11,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч нь 1,402,501 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 10,097,499 төгрөгийг болно. Гэхдээ нэхэмжлэгч Г.М бол сонинд зар өгч зээлийн үйл ажиллагаа байнга эрхэлдэг хүн. Зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх ёстой. Иймээс хууль зөрчсөн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул өгсөн авснаа буцаах хүсэлтэй байна гэв.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Бгаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 11,500,000 төгрөг, алданги 5,750,000 төгрөг, нийт 17,829,833 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөө хангуулах шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 12,500,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-5/ Мөн өдрийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2201086 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 66 дугаар байрны 4 тоот, 25.8 м.кв талбайтай орон барьцаалжээ. /хх-6-7/
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, зээлийг шилжүүлэн өгсөн, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр сүүлийн төлөлтийг хийсэн үйл баримтад маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 3,041,667 төгрөг төлсөн гэснийг хариуцагч 4,041,667 төгрөг төлсөн гэх боловч уг тайлбараа нотолгооны бусад хэрэгслээр нотлоогүй тул тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.
Талуудын тохиролцооноос үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Хариуцагч тал нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагааг ашиг олох зорилгоор байнга эрхэлдэг учир зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл хэмээн тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогдохгүй байна. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч зээлийг хуваарь ёсоор биш боловч нийт 3,041,667 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь тэргүүн ээлжинд хүүд суутган, үлдсэнийг үндсэн зээлээс хассан хэмээн тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэж үзлээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-216.3-т үүрэг гүйцэтгэгч хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй байхаар, хэрэв сонгоогүй бол үүргийн хугацаа, шинж чанарыг харгалзан алийг тэргүүн ээлжинд гүйцэтгэх талаар зохицуулжээ. Дээрх нөхцөл мөн хангагдаагүй тохиолдолд хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр заажээ.
Хариуцагч 3,041,667 төгрөгийг төгрөг төлөхдөө нэхэмжлэгчийн суутган авсан дарааллаар сонголт хийгээгүй буюу шилжүүлгийн баримтын “төлбөрийн агуулга” хэсэгт энэ тухай бичээгүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллаар суутгах нь зүйтэй. Тодруулбал, зээлийн үндсэн төлбөр 12,500,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,041,667 төгрөгийг хасан үлдэх 9,458,333 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр гэж үзнэ. /хх-10-13/
Хариуцагчийн төлбөл зохих зээлийн үндсэн төлбөрөөс сарын 3,5 хувийн хүүг 6 сарын хугацаагаар тооцоход 1,986,249 төгрөг /9,458,333*0,035%*6/ байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ. Талуудын байгуулсан гэрээний 1.2-т алдангийн талаар тусгасан нь хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд 9,458,333 төгрөгийн 50 хувиар тооцоход алданги 4,729,166 төгрөг байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгах эрхтэй.
Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавартай. Хариуцагч зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, нийт 4 удаагийн төлөлт хийсэн байхад гэрээг цуцлан учирсан хохирлоо шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг харгалзан нэхэмжлэгчид гаргуулах 4,729,166 төгрөгийн алдангийг 50 хувиар бууруулж, 2,364,583 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан, 166 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч тус хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Бгаас зээлийн үндсэн төлбөр 9,458,333 төгрөг, хүү 1,986,249 төгрөг, алданги 2,364,583 төгрөг, нийт 13,809,162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгон, үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201026386 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 66 дугаар байрны 4 тоот, 25.8 м.кв талбайтай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх 4,020,671 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бгаас 13,809,162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгон, үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201026386 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 66 дугаар байрны 4 тоот, 25.8 м.кв талбайтай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх 4,020,671 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 317,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 297,196 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН