| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2021/0957/З |
| Дугаар | 128/ШШ2022/0304 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2022/0304
2022 04 20 128/ШШ2022/03*4
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т. Ч***********
Нэхэмжлэгч: Н.Б***********
Нэхэмжлэгч: М.Х***********
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд
Хариуцагч: Нотариатын мэргэшлийн хороо нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ч***********, Н.Б*********** , М.Х*********** , хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***********, хариуцагч Нотариатын мэргэшлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х*********** нар биечлэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*********** цахимаар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Хууль зүй, дотоод хэргийн сайд 2021 оны Нотариатын мэргэшлийн шалгалтын Бодлогын болон ярилцлагын шалгалтын тов тогтоогоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчдээс бодлогын болон ярилцлагын шалгалтыг нөхөж авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах,
1.2.Нотариатын Мэргэшлийн хорооны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02* , 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03*, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *02 тоот тогтоолуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” эцсийн байдлаар шүүхийн хэлэлцүүлгийн өмнө тодорхойлсон болно.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/191 дүгээр тушаалаар Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх, нотариатын тойрог шилжих мэргэшлийн шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс мөн сарын 17-ны өдөр зохион байгуулахаар товлож, ...нотариатчийн мэргэшлийн шалгалтын товыг нийтэд хууль заасан журмын дагуу мэдээлэхийг...нотариатчийн мэргэшлийн хороонд даалгасан[1].
Хожим 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/216 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар өмнөх тушаалын 1 дэх заалтыг “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдөр” гэснийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр” гэж өөрчилжээ[2].
2.2.Нотариатын мэргэшлийн хороо Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалд заасны дагуу Нотариатчдын мэргэшлийн шалгалтыг зарлан[3], 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Дотоод хэргийн их сургууль дээр нотариатчийн мэргэшлийн шалгалтыг зохион байгуулсан байна.
2.3.Нэхэмжлэгч нар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр явагдсан “сорилгын” шалгалтад 60 дээш оноо авч тэнцэн, цаашид бодлого шалгалтад оролцох эрхийг авчээ.
2.4.Хариуцагч Нотариатын мэргэшлийн хорооноос нэхэмжлэгч нараас бодлогын шалгалт авах товыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад товлоход бодлогын шалгалтад оролцох шалгуулагчид болох Т.Ч***********, Н.Б*********** , М.Х*********** нар товлосон цагтаа хүрэлцэн ирээгүй эсхүл хожимдож ирсэн байна.
2.5. Эдгээр шалгуулагч нар Нотариатчийн мэргэшлийн шалгалтын бодлогын шалгалттай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нотариатчийн мэргэшлийн хороонд гомдол гаргахад[4] тэдгээрт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 025 дугаар тогтоолоор “...Бодлого бодох шалгалтад нэр бүхий оролцогчид товлосон цагтаа хүрэлцэн ирээгүй явдал нь Нотариатчийн мэргэшлийн хорооноос бодлогын шалгалтыг дахин зохион байгуулах үндэслэл болохгүй, түүнчлэн бодлогын шалгалтад хоцорч ирсэн оролцогчдоос тусад нь шалгалт авах боломжгүй...” гэж[5], 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02* [6], 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолуудаар[7] “...Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.1.1-д “ шалгалт тусгайлан бэлтгэгдсэн байранд товлогдсон цагт шалгалтад орно”, 4.1.2-д “оролцогч нь товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд ирсэн байна”, гэж заасныг зөрчиж бодлого бодох шалгалтад хүрэлцэн ирээгүй оролцогчдоос тусад нь бодлогын шалгалт авах боломжгүй...” гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2.6.Улмаар дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар удаа дараа бүрдүүлбэр хангуулах захирамж гаргасан[8] боловч нэхэмжлэгч нарын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан шаардлагын бүрэн хангахгүй байсан.
2.7.Шүүхээс нэхэмжлэгчийн нарын шударга шүүхээр шүүлгэх эрхийг хүндэтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлийг тодруулахаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9423 дугаар “захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжийг гаргасан[9].
2.8.Гэвч нэхэмжлэгч нар өөрсдийн нэхэмжлэлийг шаардлагаа хуульд нийцүүлэн тодруулж чадахгүй[10] байсан ба эцсийн мөчид шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эцэслэн шаардлагыг нь тодруулан хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шийдвэрлэсэн болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: “...Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “ Мэргэшлийн шалгалтыг...явуулах эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр шийдвэрлэнэ”, 15.8-д “Мэргэшлийн шалгалт эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ”, Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журмын 3.1-т “Мэргэшлийн шалгалтын товыг ... олон нийтэд зарлана”, 4.5-д “Мэргэшлийн шалгалт нь сорилго, бодлого бодох, ярилцлага гэсэн хэлбэртэй” гэж заасан. Тэгэхээр шалгалт өгөхөөс 45 хоногийн өмнө сорилго, бодлого, ярилцлага, хэзээ хаана болохыг шалгуулагч болон сонирхогч хэн бүхэн мэдэх боломжтой байна.
Гэтэл зөвхөн сорилгын шалгалтын товыг тогтоосныгоо шалгалтын товыг тогтоосон хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шалгалтад оролцох тэгш боломжоор хангахгүй байна.
...Бодлогын шалгалтын товыг орой зарлаж өглөө шалгалтыг авч байгаа нь бүх оролцогчдыг хамруулахгүй гэсэн зорилготой байсан гэж харагдаж байна.
...Т.Ч*********** би 09:30 цагт ирсэн. 09:00 цагаас хойш хоцорч ирсэн хүмүүсийг оруулахгүй байхаар шийдвэрлэсэн юм бол 09:11 цагт хоцорч ирсэн хүмүүсийг оруулаад байгаа юм бэ?...тэгш бус зарчим алдагдаж байна.
...мэдээлэл аваагүйгээс болж хоцорсноос өөрсдийн буруугаас болж хоцроогүй.
...Дор хаяж 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд “Ажлаа чөлөөтэй сонгох нь иргэний баталгаатай эдлэх эрх” хэмээн заасан ба нотариатчаар ажиллах гэсэн эрхийг маань хязгаарлаж буюу зөрчиж байх тул уг эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна...” гэжээ.
3.2.Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 13 дугаар зүйлийн 13.1.4, 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн 2021 оны “Нотариатын Мэргэшлийн шалгалт зохион байгуулах тухай” А/191, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/216 дугаар тушаалын дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд Дотоод хэргийн их сургууль дээр нотариатчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Нотариатын Мэргэшлийн хороо нь 2011 оны Нотариатын тухай хуулийн 15 дугаар 15.1, Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Нотариатын Мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.8.1 дэх заалтад заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн.
Нотариатын Мэргэшлийн хорооны ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Мэргэшлийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс хуанлийн 45-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Нотариатын Мэргэшлийн хорооны вэб сайтуудаар шалгалтын товыг зарласан. Эхний шалгалтаас дараагийн шалгалт хамааралтай явагдахыг вэб сайтад мэдээлсэн. Шалгалтдаа оролцох хүсэлтэй хүмүүс сайтаас мэдээлэл авах боломжтой байсан.
...нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3.3.Хариуцагч Нотариатын мэргэшлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нотариатчийн мэргэшлийн шалгалт зарласнаас хойш шалгалттай холбогдох бүх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны вэб сайт /www.mojha.gov.mn/-аар олон нийтэд хүргэж байсан бөгөөд мэдээлэл бүрийн дор шалгалтын тов хуваарийг вэб сайтаар мэдээлэх тухай тодорхой бичсэн байсан.
...Шалгалтыг 25-31 өдрүүдэд шалгалт тус бур 3 төрлийн шалгалтыг зохион байгуулсан. Тухайлбал, эхний шалгалтаас дараагийн шалгалт нь хамааралтай бөгөөд шалгалтын дүнгээс хамаарч дараагийн шалгалтын цаг товлогдож, шалгалтын бэлтгэл, анги танхим, зохион байгуулалтыг хийх журамд заасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх зэрэг урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал байсан тул шалгалтын дүн, хуваарь товлосон зар, бусад мэдээллийг тухай бүр вэб сайтаар мэдээлэхээр эхний зарлал мэдээллээс эхлэн бүх мэдээллийн дор нийтэлж байсан.
... “Нотариатын Мэргэшлийн хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэн мэргэшлийн шалгалтад оролцогчдын бүртгэлтэй холбоотой гомдлыг нэрсийн жагсаалтыг олон нийтэд мэдээлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор, сорилгын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гарсан гомдлыг шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор Мэргэшлийн хороонд тус тус бичгээр ирүүлнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нараас уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй. Бүртгэлд хамрагдаж сорилын шалгалтад орсон. Сорилын шалгалтын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт авсан өдрийн 20 цаг хүртэл авсан. Тухайн өдөр сорилын шалгалттай холбоотой 14 гомдол ирсэн. 20 цаг хүртэл гомдлуудыг хүлээж авч хэлэлцээд сорилын шалгалтад цахимаар оноо нь бодогдож ирсэн хүмүүсийг баталгаажуулж, шалгалтад оролцох хүмүүсийг нэрсийг баталгаажуулж 20 цаг 37 минутад бодлогын шалгалтын зарыг тавьсан.
Бодлогын шалгалтад оролцох эрхээр хангагдсан 143 иргэний нэрс Хууль зүй, дотоод хэргийн яамны сайтад одоог хүртэл бий. Бодлогын шалгалтад бодлогын шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдөрт гомдол гаргах зохицуулалттай.
Үүний дагуу гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцсэн.
Нотариатын Мэргэшлийн хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.3-т “Гомдол гаргагч нь гомдолдоо үндэслэлээ тодорхой дурдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана” гэж заасны дагуу гомдлыг хүлээн авч гомдол гаргагч тус бүрийг оруулж ирж гомдолтой холбоотой өргөдлийг судалж тухайн шалгалттай өдрийн бичлэгийг өөрсдөд нь үзүүлсэн. Шалгалтын бодлогын тест задарсан байсан учраас нэхэмжлэгч нарыг оруулах боломжгүй байсан. Нэхэмжлэгч нар гомдолдоо хувийн хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан боловч уг үйл баримтаа баримтаар нотлоогүй. Уг өргөдлийг шийдвэрлэсэн Нотариатын Мэргэшлийн хорооны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02* , 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03* тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр, өргөдлийг шийдвэрлэсэн тогтоолууд...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.1.Хууль зүй, дотоод хэргийн сайд 2021 оны Нотариатын мэргэшлийн шалгалтын Бодлогын болон ярилцлагын шалгалтын тов тогтоогоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчдээс бодлогын болон ярилцлагын шалгалтыг нөхөж авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” шаардлагын тухайд:
4.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Нотариатын Мэргэшлийн шалгалт зохион байгуулах тухай” А/191[11], 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/216 дугаар[12] тушаалд заасны дагуу 2021 оны Нотариатын мэргэшлийн шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулах,...товыг нийтэд хуульд заасан журмын дагуу мэдээлэх, мэргэшлийн шалгалт зохион байгуулах бэлтгэл хангах, мэргэшлийн шалгалт зохион байгуулахад шаардах зардлын төсвийг мэргэшлийн шалгалтын хураамжийн орлогоос бүрдүүлж, холбогдох журмын дагуу зарцуулахыг Нотариатын мэргэшлийн хороонд даалгасан.
4.3.Нотариатын мэргэшлийн хороо нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалаар[13] батлагдсан Нотариатын Мэргэшлийн хорооны ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 2021 оны нотариатын мэргэшлийн шалгалтын сорилгын товыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08.00 цагт[14] товлон зарлаж, нэхэмжлэгч нар уг шалгалтад бүртгүүлсэн.
4.4.Улмаар товлогдсон цагтаа сорилгын шалгалтад оролцож, уг шалгалтынхаа үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна.
4.5.Үүнээс үзвэл хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “нотариатчийн мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах; 15 дугаар зүйлийн 15.7-д “Мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог, нотариатчийн орон тоо, хэрэгцээг харгалзан...мэргэшлийн шалгалт явуулах эсэхийг ...тухай бүр шийдвэрлэнэ” гэж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн байна.
4.6.Харин энэ тохиолдолд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд 2021 оны Нотариатын мэргэшлийн шалгалтыг хэрхэн зохион байгуулахыг Нотариатын Мэргэшлийн хороонд даалгасан.
4.7.Энэ үйлдэл нь холбогдох хуульд харшлах зүйлгүй тул Хууль зүй, дотоод хэргийн сайдыг 2021 оны Нотариатын мэргэшлийн шалгалтын бодлогын болон ярилцлагын шалгалтын тов тогтоогоогүй эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй юм.
4.8.Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” заасантай нийцэхгүй байна.
4.9.Иймд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын үйл ажиллагаанд хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчдээс бодлогын болон ярилцлагын шалгалтыг нөхөж авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Тав: Нотариатын Мэргэшлийн хорооны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02* , 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03*, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *02 тоот тогтоолуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
5.1.Дээр дурдсан маргааны үйл баримтаас үзвэл 2021 оны Нотариатын мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагааг Нотариатын мэргэшлийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шилжүүлэн авч хэрэгжүүлсэн байна.
5.2.Хариуцагч Нотариатын Мэргэшлийн хорооноос бодлогын болон ярилцлагын шалгалтын хуваарийг тухай бүр Хууль зүй, дотоод хэргийн яамны веб сайтаар мэдээлэх талаар шалгалтад оролцогч нарт 2021 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар урьдчилан мэдээлсэн байна[15].
5.3.Ингэх шалтгаан нь Нотариатын Мэргэшлийн хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэн мэргэшлийн шалгалтад оролцогчдын бүртгэлтэй холбоотой гомдлыг нэрсийн жагсаалтыг олон нийтэд мэдээлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор, сорилгын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гарсан гомдлыг шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор Мэргэшлийн хороонд тус тус бичгээр ирүүлнэ” гэж заасан[16].
5.4.Уг журамд заасны дагуу Нотариатын Мэргэшлийн хороо нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “сорилын шалгалт”-ын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт авсан өдрийнхөө 20 цаг хүртэл хүлээж авч, хянан хэлэлцээд сорилын шалгалтад цахимаар оноо нь бодогдож ирсэн хүмүүсийг баталгаажуулсан.
5.5.Улмаар бодлогын шалгалтад оролцох эрхээр хангагдсан 143 иргэний нэрсийг баталгаажуулж, бодлогын шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад авахаар товлон, шалгуулагчдыг бодлогын шалгалт авах байранд хуваарьт заасан цагаас 1 цагийн өмнө ирсэн байхыг анхааруулсан зарыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 37 минутад Хууль зүй, дотоод хэргийн яамны веб сайтад байршуулжээ[17].
5.6.Харин бодит байдалд зар оройтож тавигдсан эсэхээ үл хамаарч нэхэмжлэгч Т.Ч*********** “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө хүүхэд өвдөж /би өрх толгойлсон ганц бие эх/ сургуулиас нь очиж буцааж аваад иртэл шалгалт 25 минут хоцорсон...”[18], М.Х*********** “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8 цагийн орчимд өөрийн бага хүү Ж.Э*********** нь усан үзэмд хахаж амьсгалын зам нь бөглөрөн аюул тулгарч яаралтай түргэн тусламжийн дуудлага дуудаж, арга хэмжээ авахуулж амьсгал нь хэвийн болсны дараа шалгалт авах байранд яаравчлан ирэхэд шалгалт эхэлсэн гэх үндэслэлээр тус шалгалтын 9 цагийн ээлжийнхээс хоцорсон...”[19] зэрэг гэнэтийн тохиолдол бий болсон.
5.7.Нэхэмжлэгч Н.Б*********** хувьд “...шалгалтын зарлалыг шөнийн цагаар оройтож мэдээлсэн...,”[20] гэснээс үзэхэд нэхэмжлэгч нарыг мэдээлэл аваагүй гэж үзэх боломжгүй байна.
5.8.Гэвч Нотариатын тухай хуульд энэхүү маргааны үйл баримттай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах талаар тусгаагүй.
5.9.Мэргэшлийн хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Мэргэшлийн хороо нь мэргэшлийн шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдол, энэхүү журмын 4.13.1-13.4-д заасан зөрчил, шалгалтыг хүчингүй болсонд тооцсон тогтоол болон шалгалтын дүнтэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ” гэснээр нэхэмжлэгчийн нарын маргаж байгаа үйл баримттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх нарийвчилсан зохицуулалтгүй.
5.10.Тиймээс Нотариатын Мэргэшлийн хорооны ажлын хэсгийнхэн дээрх гомдолд дурдсан нөхцөл байдлыг хянан үзээд Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.1.1-д “шалгалт тусгайлан бэлтгэгдсэн байранд товлосон цагт эхэлнэ”, Оролцогч нь зөвхөн өөрийн хуваарьт заасан байр, цагт шалгалтад орно”, 4.1.2-д “оролцогч нь товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд ирсэн байна”, гэж заасныг зөрчиж, бодлого бодох шалгалт товлосон цагтаа ирээгүй...” гэж дүгнэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.
5.11.Өөрөөр хэлбэл хариуцагч Нотариатын Мэргэшлийн хорооны өөрийн хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэж гарсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02* [21], 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03*[22], 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *02 тоот[23] тогтоолууд нь хуульд үндэслэгдсэн, агуулга ойлгомжтой, тодорхой, бичгээр гарсан зэрэг байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, тэдгээрийг хууль ёсны захиргааны акт болсон гэж дүгнэхээр байна.
5.12.Эцэст нь хариуцагч Нотариатын Мэргэшлийн хорооны бодлогын шалгалтын тов мэдэгдсэн үйлдлийг “шалгалтад оролцогчдын бүгдийг хамруулахгүй гэсэн зорилготой байсан” гэх, бодлогын шалгалтын материалыг задлахаас өмнө амжиж ирсэн шалгуулагчийг оролцуулсан үйлдлийг “шалгалтад оролцох тэгш боломжоор хангаагүй” гэж буруутгах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 15 дугаар зүйлийн 15.8-д заасныг баримтлан иргэн Т.Ч***********, Н.Б*********** , М.Х*********** нараас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нотариатын мэргэшлийн хороонд холбогдуулан гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайд 2021 оны Нотариатын мэргэшлийн шалгалтын Бодлогын болон ярилцлагын шалгалтын тов тогтоогоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчдээс бодлогын болон ярилцлагын шалгалтыг нөхөж авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах, Нотариатын Мэргэшлийн хорооны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02* , 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03*, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *02 тоот тогтоолуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 44-45 хуудас
[2] Хавтас хэргийн 46 хуудас
[3] Хавтас хэргийн 72-75 хуудас
[4] Хавтас хэргийн 6, 76-81 хуудас
[5] Хавтас хэргийн 47-48 хуудас
[6] Хавтас хэргийн 49-50 хуудас
[7] Хавтас хэргийн 51 хуудас
[8] Хавтас хэргийн 16-17, 18-21,
[9] Хавтас хэргийн 23-26 хуудас
[10] Урьдчилсан хэлэлцүүлэг болон хойшлогдсон хуралдааны тэмдэглэл зэргийг үзнэ үү.
[11] Хавтас хэргийн 44-45 хуудас
[12] Хавтас хэргийн 46-47 хуудас
[13] Хавтас хэргийн 32-43 хуудас
[14] Хавтас хэргийн 71-72 хуудас
[15] Хавтас хэргийн 71-72 хуудас
[16] Хавтас хэргийн 39 хуудас
[17] Хавтас хэргийн 68 хуудас
[18] Хавтас хэргийн 76 хуудас
[19] Хавтас хэргийн 78 хуудас
[20] Хавтас хэргийн 77 хуудас
[21] Хавтас хэргийн 93-94 хуудас
[22] Хавтас хэргийн 95 хуудас
[23] Хавтас хэргийн 219-220 хуудас