Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0778

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 126/ШШ2025/0018 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунхүслэн

Хэргийн индекс: 126/2025/0006/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н нь Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 126/ШШ2025/0018 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Шүүх шүүх хуралдааны явц нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Б.Н нь иргэний хэргийн шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүхэд хандахад Эрүүл мэндийн төвийн дарга захиргааны албан тушаалтан мөн гэдэг үндэслэлээр шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүгч эсэргүүцсэн. Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 6.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Р сумын Эрүүл мэндийн төвийн даргыг үйлчилгээний удирдах албан тушаалтанд хамруулсан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийг эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар “ Энэ хууль болон хууль тогтоомжийг бусад актаар тогтооно” гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4 дэх хэсгийг баримтлах байтал тус захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу гэж дурдсан. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 320/ШЗ2020/01620 дугаар захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн гэх боловч тус шүүхийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтад эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалтны жагсаалтад сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн дарга гэсэн албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын адилтган оруулсан гэж тогтоол гарсан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт Ренчинлхүмбэ сумын эрүүл мэндийн даргыг төрийн үйлчилгээний албан хаагч гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасанд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга аймгийн Эрүүл мэндийн газрын даргад зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасан ч Б.Н сумын Засаг даргатай болон аймгийн Эрүүл мэндийн төвийн даргатай хоорондоо зөвшилцсөн зүйл байхгүй. Үүнд нотлох баримт, албан бичиг байхгүй. Захиргааны актад 947 дугаар албан бичгийг үндэслэл болгосон байхад анхан шатны шүүх нь уг баримтыг үл харгалзаж нэхэмжлэлийн шаардлагаас хальж 925 дугаартай албан бичгийг үндэслэл хэсэгт оруулсан. 925 дугаар албан бичгийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж үндэслэлгүйгээр тайлбарлаж хариуцагч тал ашигтай байдлаар дүгнэлт хийсэн. Уг албан бичигт Р сумын Засаг дарга Х.Бүрэнжаргал нар тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н нь Улаанбаатар хотод ажилтан албан хаагч нараа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулахаар явахдаа орон нутгийн удирдлага болон Эрүүл мэндийн газарт танилцуулаагүй. Энэ үеэр хүүхэд хүндэрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдэлтэй байдалд үүссэн тул удирдлагад хариуцлага тооцож, эрүүл мэндийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллана уу гэсэн албан бичиг. Уг албан бичигт төрийн албан хаагчийг албан тушаалаас бууруулахад хэд хэдэн үндэслэл буюу Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан. Энэ хуульд “Хууль тогтоомж болон албан тушаалын талбарт заасан чиг үүрэг, үүрэг зорилгыг хангалттай биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин, тухайн албан тушаалын эрх шаардлага хангахгүй болсон, хуульд заасан бусад үндэслэл” гэж заасан. Б.Н нь хангалттай биелүүлсэн гэх дүгнэлт байхгүй. Хангалттай биелүүлсэн гэдгийг гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр батлан гаргасан. Улирлын шинжтэй болон жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр тухайн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх байсан. Хэрвээ үүнд зөрчил гарсан бол хариуцлага тооцох боломжтой. Үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшин тухайн албан тушаал эрхлэх шаардлагад хангахгүй болсон гэж байгаа. Үүнд хяналт шинжилгээ буюу дотоод аудитын дүгнэлт болон бусад уг албан тушаалтан тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй болсон зөрчил гарсан гэдгийг үнэлсэн дүгнэлт байхгүй. Тус сумын Засаг дарга зөвхөн албан бичигт үндэслэн тухайн шийдвэрийг гаргасан. Албан бичгийн агуулгад захиргааны актаа сольсон 925 дугаар албан бичигт удирдлага хариуцлага тооцох, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын уялдаа холбоог сайжран хамтран ажиллана уу гэсэн нь тодорхой заагдсан. Хэрвээ хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, эсвэл үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин, тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх үзэх хангалттай нотлох баримт, үнэлгээтэй албан тушаал бууруулах үндэслэл болж болно. Гэтэл ажлын уялдаа холбоог сайжруулах гэх ерөнхий шаардлага нь шууд албан тушаал бууруулах үндэслэл болохгүй гэдгийг тайлбарлаж байна. Мөн шүүхийн шийдвэр, захиргааны актад үндэслэх хэсэгт Б.Нг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны акт гарсан. Б.Н тэтгэврийн дээд насанд 2025 оны 01 дүгээр сарын 29-нд хүрсэн. Гэтэл үндэслэх хэсэгтээ тэтгэврийн дээд насанд хүрсэн гэж заасан нь тухайн захиргааны акт хууль бус захиргааны акт гэдэг нь илт байна. Эдгээр зүйлүүдийг харгалзан үзэх нь зүйтэй. Мөн чиглэл хүргүүлэх бичиг саналуудыг анхан шатны шүүх хуралдааны явцад дурддаг. Б.Нгийн ажил үүрэг давтамжтай хийгдээгүй гэх байдлаар тайлбар өгсөн. Чиглэл хүргүүлэх бичиг нь албан хэрэг хөтлөлтийн нэг хэлбэр байгууллагын албан тушаалтнаас өөр албан тушаалтанд тодорхой асуудлаар зааварчилгаа, зөвлөмж үүрэг даалгавар өгөх зорилгоор хийгддэг албан бичиг. Санал хүргүүлэх албан бичиг тухайн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх, шинэ санаа оруулах, нөхцөл байдлыг сайжрах эсвэл тодорхойлох нь оршдог албан бичиг. Эдгээр албан бичгүүдийг үндэслэн албан тушаал бууруулж байгаа хэлбэр нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Нгаас Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Б.Н нь Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байжээ.

3.2. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/94, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалуудаар томуу, томуу төст өвчний эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелэлтийг тооцож ажиллахыг харьяалах нутаг дэвсгэрийнхээ төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон байна.

3.3. Улмаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Р сумын Засаг даргад  “... тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н нь аймгийн хэмжээнд тохиолдлын удирдлагын баг идэвхэжсэн, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд эрсдэл үүссэн нөхцөл байдал бий болгон Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлүүдэд зааснаар хяналт тавьж, арга хэмжээ авах саналыг хүргүүлье” гэсэн албан бичгийг хүргүүлжээ.

3.4. Дээрх албан бичгийг үндэслэн Р сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Б.Нг Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас бууруулж, их эмчээр ажиллуулахаар шийдвэрлэж, түүний ажлыг их эмч Х.Ч хүлээлгэж өгсөн байна.

3.5. Мөн өдөр тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ч Б/02 дугаар тушаалаар хүүхдийн их эмч Б.Нгийн тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр энэхүү маргаан үүсжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.1. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх” гээд 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.1-д “эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.4-д “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэж заасны дагуу дээр дурдсан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/94, А/101 дүгээр тушаалуудаар томуу, томуу төст өвчний эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелэлтийг тооцож ажиллахыг харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон үйл баримт тогтоогдож байна.

4.2. Хэрэгт авагдсан сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтод “Сумын удирдлага болон Эрүүл мэндийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг хуулийн дагуу шуурхай биелүүлэх эргэн мэдээлэх” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Б.Н нь Р сумын Эрүүл мэндийн төвийн даргын хувьд тус төвийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн албан бичгүүдийн дагуу улирлын томуу, томуу төст өвчин, бусад шинэ сэргэж байгаа халдварт өвчний үед дэгдэлтээс сэргийлэх, тандалтыг эрчимжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулан зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан байна.

4.3. Гэтэл Б.Н нь тус төвийн 14 эмч, ажилтныг 2024 оны 12 дугаар сард Улаанбаатар хот руу эрт илрүүлэг, үзлэгт хамруулахаар 7 хоногийн хугацаатай явуулсан, ингэхдээ Р сумын удирдлага болон Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт мэдэгдээгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Н нь Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон тус ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байх тул түүний эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Р сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын ангилал болон тус төв нь 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулсан эсэх, өмнөх онуудад хэрхэн дүгнэгдсэн байдал нь энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй.

5. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө”, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гээд 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус заасан.

5.1. Дээрхээс үзвэл, маргаан бүхий Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/03 дугаар захирамж нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... маргаан бүхий актад “947” дугаартай албан бичгийг “974” гэж тэмдэглэсэн, захирамжлах хэсгийн хуулийн заалтад алдаа гаргасан” гэх боловч энэ нь техникийн шинжтэй бөгөөд захиргааны актыг хүчингүй болгох, нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

6. Түүнчлэн, Б.Н нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээрээ хүүхдийн их эмчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.Нг чөлөөлсөн Хөвсгөл аймгийн Р сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/02 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа, уг тушаалаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болж, тэтгэврийн эрх зүйн харилцаа нэгэнт үүссэн байх тул урд эрхэлж байсан Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдсоноор түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах нь ойлгомжгүй байна.

6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... улс төрийн шинжтэй, өөрийн хүсэл сонирхлоор тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байсан” гэж маргах боловч нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Р сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй тул шүүх энэ талаарх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

6.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 126/ШШ2025/0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ