Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 54

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: О.Баттөмөр,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч: Г.Баярбат, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

           Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан үхэрт овогт Ганбаатарын Баярбатад холбогдох эрүүгийн 2016 2602 2516 дугаартай, 1 хавтас хэргийг  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамж, 23 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар ГО 89050172, Улаан үхэрт овогт Ганбаатарын Баярбат.

 

Шүүгдэгч Г.Баярбат нь 2016 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд иргэн Бурмаагийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Самсунг Эс 2” маркийн, “Айфоне 5 эс” маркийн гар утаснуудыг болон бэлэн 10 000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн, 540 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

                   ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Баярбат мэдүүлэхдээ:

Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үүнийг яллах дүгнэлтэд тодорхой бичсэнийг хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг өгөхгүй. Би дээрмийн гэмт хэрэг үйлдье гэж бодоогүй, санамсаргүй явж байгаад энэ хэрэгт холбогдлоо. Би өөрийн гэм бурууг хүлээж, гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлнө. 2 гар утсыг нь зараад, мөнгийг нь өөрийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад-Г.Баярбат мэдүүлэхдээ:

...тэнд ганцаараа 6 шил 450 граммын “Нийслэл” пиво уучихаад яг хэдэн цагийн үед гарснаа санахгүй байна. Гараад 25 дугаар эмийн сан орж найз хүүхэн Алтанбаганатай уулзахаар явж байгаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн баруун талын 29 дүгээр байрны гадаа ирсэн чинь манай найзын байрны гэрэл унтарсан байхаар урагшаа зам хөндлөн гараад явж байхад хажуугаар нэг эмэгтэй зөрөхөөр нь араас дагаж гүйж очоод “хөөе” гээд дуудаад урд талд нь очоод зогссон чинь “надад байгаа нь энэ” гээд 800-900 төгрөг гаргаад өгөх гэхээр нь би “наадхаар чинь яадаг юм” гээд буцаагаад өгсөн чинь хар өнгөтэй “Самсунг”-ийн гар утас гаргаад өгсөн. Дахиад өөр юу байна гэсэн чинь “Айфоне 5 эс” маркийн гар утас гаргаад өгөхөөр нь би тэр хоёр гар утсыг нь аваад гүйгээд явсан гэжээ. (хэргийн 39, 40 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Р.Бурмаа мэдүүлэхдээ:

...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн хажууд байх “КFС" хоолны газар 04.10 цагийн орчимд найз Болорын хамт хоол идчихээд, тэндээсээ гарч, Болорыг таксинд суулгаж өгчихөөд урагшаа байр луу ордог хэсэг дээр нэг нарийн гудамж байдаг юм. Тэрүүгээр гараад байр луугаа алхаж байсан чинь 62 дугаар байрны 3 дугаар орцны тэнд араас нэг залуу ирээд мөрнөөс татсанаа “байгаа юмнуудаа гаргаж надад өг, тэгэхгүй бол чамайг ийшээ аваачиж хүчиндэж ална” гэхээр нь би айсандаа гар цүнхэнд байсан хоёр ширхэг гар утас, түрүүвчинд байсан 10 000 төгрөг гаргаж өгсөн чинь тэрийг аваад явахдаа миний нүүр лүү их хүчтэй цохиод цаашаа гүйгээд явчихсан. Би гэр лүүгээ орж, цагдаад дуудлага өгсөн. “Ай фоне 5 эс” маркийн гар утсыг 2016 оны 3 дугаар сард Солонгос улсад байхдаа монгол мөнгөөр бол 700 000 төгрөгөөр худалдан авч байсан, алтлаг шар өнгийн гар утас байсан. “Самсунг Эс-2” маркийн хар өнгөтэй гар утас байсан. Би тэр утсыг хэрэглээд 4-5 жил болж байгаа тул 50 000 төгрөгөөр үнэлсэн. Миний гар утсыг авахдаа “чамайг хүчиндээд, алчихна” гэж хэлээд айлган сүрдүүлсэн. Тэгэхэд нь айсандаа гаргаад өгчихсөн чинь миний гар цүнхийг нэгжээд, тэгээд явахдаа намайг нүүр лүү цохичихоод яваад өгсөн гэжээ. (хэргийн 12, 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Равдандаш мэдүүлэхдээ:

  ...Р.Бурмаа эгчтэй хамт байдаг дүү Дэлгэрмаа нь 2016 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих өглөө үүрээр 06 цагийн үед надтай утсаар ярьж “Р.Бурмаа эгчийг хүнд зодуулж, дээрэмдүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь яваад очтол Р.Бурмаа эгчийн баруун нүд, хамрын дунд хэсэг хөхөрч хавдчихсан, уйлсан байж байсан. Тухайн үед эгч маань “намайг дээрэмдсэн хүнийг бариагүй байгаа” гээд их айсан “Айфоне 5”, “Самсунг эс 2” маркийн гар утаснуудаа дээрэмдүүлсэн байсан. Манай эгч Солонгос улс руу байнга явж, ирж байдаг учраас тухайн утаснуудыг надад үлдээдэг байсан. “Айфоне 5” утсыг энэ жилийн зун Солонгос улсад байхдаа худалдаж авсан, шинээрээ байсан гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...Тэгээд Г.Баярбат миний машинд сууж өглөөний 05 цаг болтол цуг явж байгаад Модны хоёрын “Алтан төгрөг” их дэлгүүрийн хажууд байдаг караокены гадна зүс таних Амгаа гэдэг залуутай тааралдаж, Г.Баярбат Амгаатай танилцаж “Ай фоне 5 эс” гар утас зарсан. Г.Баярбат тухайн үед тэр утсыг “эгч маань надад өгсөн, архи ууж, буудалд хономоор байна. Найз охинтойгоо хэрэлдчихсэн, утсаа зармаар байна” гээд Амгаад 100 000 төгрөгөөр зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед өглөөний 06 цаг болсон байсан учраас би Г.Баярбатыг “өглөө болчихлоо, чи буудалд хонож яах юм бэ, манайд очьё” гэж гэртээ дагуулж ирсэн. Тэгээд бид хоёр 2.5 литрийн пиво 1 савыг уусан. Г.Баярбат өглөө 09 цаг өнгөрч байхад манайхаас явсан. Хэд хоногийн дараа манайд дахиж ирээд “нөгөө зардаг утаснаас болж цагдаад баригдчихсан, мөнгө байна уу” гэхээр нь би “дахиж манайд битгий ирээрэй” гээд 3 000 төгрөг өгөөд явуулсан. Түүнээс хойш түүнтэй уулзаагүй. Г.Баярбат Амгаад цагаан цайвар өнгийн “Айфоне 5 эс” гар утас зарсан. Тухайн үед утсыг унтраасан байсан гэжээ. (хэргийн 15, 16 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13722 тоот дүгнэлтэд:

1. Р.Бурмаагийн биед хамар зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Үзлэгийг эхлэж уг флаш дискэнд хуулбарласан 3 хэсэг бичлэг байх ба эхний бичлэгийг нээж үзэхэд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Луна төвийн ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан хяналтын камерын бичлэг байх бөгөөд уг бичлэгт дэлгэцийн баруун дээд буланд 2016 оны 10 дугаар сарын 01-ний 04 цаг 30 минут гэсэн цаг хугацаатай байх бөгөөд 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын араас цайвар өнгийн богино куртик, бараан өнгийн өмд, цайвар өнгийн гутал өмсөж цайвар өнгийн цүнх барьсан, үсээ задгай тавьсан эмэгтэй хүн куртикнийхээ халаасанд хоёр гараа хийгээд ертөнцийн зүгээр зүүн зүгээс ганцаараа алхаж ирээд дэлгүүрийн баруун тал АТМ машинтай булангаар урагш эргэж нарийн гудамжаар оров. Түүний араас ертөнцийн зүгээр зүүн зүгээс бараан өнгийн малгай, хувцас өмссөн эрэгтэй хүн алхаж байснаа эмэгтэйг булан тойронгуут араас нь гүйж байгаа бичлэг байх бөгөөд гар утасны бичлэгийг нарийн гудамж хэсэг рүү харсан дэлгэц рүү шилжүүлэн харахад эмэгтэйн араас дөхөж ойртоод ард нь алхаж байгаа хар, цагаан бичлэг байв.

Хоёр дахь бичлэгт нэг эрэгтэй хүн эмэгтэй хүний араас дагаж байрнуудын дунд руу 04 цаг 31 минут 20 секундын үед гүйж ороод буцаад 04 цаг 33 минут 20 секундын үед эрэгтэй хүн ганцаараа байрнууд дундаас гарч нарийн гудамжаар гүйж, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замаар урдаас хойш зам хөндлөн гарч байсан бичлэг байх бөгөөд нарийн гудамжны бичлэгт тухайн эрэгтэй хүн баруун гартаа цагаан өнгийн жижиг зүйл барьчихсан, зүүн гараа халаасандаа хийчихсэн гүйж яваа хар, цагаан бичлэг байв.

Гурав дахь бичлэг нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “КФС” хоолны газрын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах ломбардын баруун зүгт харсан хяналтын камерын бичлэг байх бөгөөд уг бичлэгт тухайн эрэгтэй хүн хар өнгийн малгай, улаан хар өнгийн куртик, улаан өнгийн биеийн тамирын өмд, цагаан усан үзмэн ягаан өнгө алагласан пүүзэн гутал өмссөн баруун гартаа цагаан өнгийн зүйл барьчихсан, зүүн гараа халаасандаа хийгээд гүйж байгаа өнгөт бичлэг байсныг тус тус тэмдэглэл болгов гэжээ. (хэргийн 9, 10 дугаар хуудас)

           

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            Г.Баярбат нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх ажиллагааг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Баярбат нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөрт шилжсэн шөнийн 04 цаг 31 минутаас 04 цаг 33 минут 20 секунд хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд хохирогч Р.Бурмаагийн эд хөрөнгийг авах зорилгоор “байгаа юмнуудаа гаргаж надад өг, тэгэхгүй бол чамайг ийшээ аваачиж хүчиндэж ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, түүний 30 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс 2”, 500 000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 5 эс“ маркийн гар утаснууд, бэлэн 10 000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч, 540 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Бурмаа, гэрч Р.Равдандаш, Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13722 дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Баярбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй ба хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ.

Иймд Г.Баярбатыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, эд хөрөнгийг нь дээрэмдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Г.Баярбатад Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, ял оногдуулсан уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Баярбат нь хохирогч Р.Бурмаад 540 000 төгрөгийн төлбөртэй болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Cи Ди бичлэгийг хэрэгт хавсаргаж, хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах,

хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулна гэсэн шүүгдэгчийн хүсэлтийн дагуу Р.Бурмааг шүүхэд дуудсан боловч тэр мөрдөн байцаалтад өгсөн хаягт бүртгэлгүй, гар утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.