Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00184

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00184

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Баянбулаг багт оршин суух, ПЭ60092016 дугаарын регистртэй, Шеруши овогт Р.Г хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Р.Г нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт Рахманы 6 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1968 онд 1 дүгээр ангид элсэн орж 1972 онд Ховд аймгийн Жаргалант сумын одоогийн Цаст-Алтай цогцолбор сургуульд шилжиж ирсэн. 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургуульд орж 1979 оны 05 дугаар сарын 20-нд төгсөөд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 203 дугаар ангид цэргийн албанд татагдаж, 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагад хот тохижилтийн хог тээврийн машины жолоочоор орж ажиллаж байгаад 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Барилга угсралтын трестийн авто гражид жолоочоор орж 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний холбогдох бичиг баримтууд болон миний нэр нь үсэгний зөрүүтэй бичигдсэн учраас ажиллаж байсан жил тогтоолгох шаардлагатай болсон. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд миний нэрийн үсэгнүүд зөрүүтэй гарсан байна. Иймд намайг 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагад хот тохижилтийн хог тээврийн машины жолоочоор, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөө 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестийн авто гражид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Р.Гы 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагад хот тохижилтийн хог тээврийн машины жолоочоор, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестийн авто гражид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Р.Г нь 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагад хот тохижилтийн хог тээврийн машины жолоочоор, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестийн авто гражид жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн СХ-ын нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 46 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал,

Ховд аймгийн СХ-ын нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал,

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал,

Хүсэлт гаргагчийн 0209846 дугаартай овог, эцгийн нэр өөрчилсөн тухай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 116689 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 07704169 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 06 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000068 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/191 дугаар тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1990 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 126/001862 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 126/001860 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

Иргэн Х.Батчулууны ...Миний бие Р.Гтай Ховд аймгийн Барилга угсралтын трестийн авто гражид 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Я.Батмөнхийн ...Миний бие Р.Гтай Ховд аймгийн Барилга угсралтын трестийн авто гражид 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Н.Баяндоржийн ... Миний бие Р.Гтай Ховд аймгийн Барилга угсралтын трестийн авто гражид 1982 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1958 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Р.Гы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шеруши овогт Рахманы Г-ыг 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагад хот тохижилтийн хог тээврийн машины жолоочоор, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестийн авто гражид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ