| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Н.Баасанжав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Хохирогч *******,
Гэрч *******, *******, *******
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2324000070010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, алт мөнгөний дархан ажилтай, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 19-1950 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай ******* овогт .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын төвд *******ын алтан ээмгийг засварлана гэж охин *******гаас авч хувьдаа завшиж, хохирогч *******д 1,045,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын төвд *******ын алтан ээмгийг засварлана гэж *******гаас авч хувьдаа завшсан үйл баримт нь:
Хохирогч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний дүү , миний охин гийн хамт ирээд Тосонцэнгэл сумаас алт мөнгөний дархан ирсэн байна гээд манай охин өөрийнхөө тасарсан гинжээ гагнуулах, бага охиндоо ээмэг хийлгэх, манай дүү мөнгөн бугуйвч хийлгэх гээд 16 цаг өнгөрч байхад хамт явахаар нь би өөрийнхөө алтан ээмгийг янзлуулахаар өгөөд явуулсан. Тэгээд манай охин , дүү нар орой 18 цагийн үед ирэхээр нь охиноосоо ээжийнхээ ээмгийг яаж гагнуулав үзье гэхэд ээжээ нөгөө алт мөнгөний дархан өнөөдөр гагнаж амжихгүй маргааш ав гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд маргааш өглөө эрт 09 цагт охиныгоо за чи одоо яв алт мөнгөний дархан ирсэн гээд хүмүүс шавчихна гээд охиноо эрт явуултал манай охин миний ээмгийг байхгүй гээд алт мөнгөний дархан нь өгөхгүй байна гэж над руу утсаар ярьсан. Тэгээд би очоод юу болов гэтэл нөгөө алт мөнгөний дархан нь архи уучихсан миний охиныг чи аваад явсан гэж ээждээ хэлээч эргүү юм уу гэх зэргээр миний охин руу дайраад зогсож байсан. Би тухайн үед тэр дархан хүүхдийг өөрөө авчихлаа гэж бодоогүй хүн амьтан орж гараад авчихсан юм болов уу эсвэл унагаад ийш тийш орсон байх надад миний ээмгийг олоод өгөх байх гэж бодож их хүлээсэн сүүлдээ олдохгүй болохоор нь нөгөө дархан залууг миний үр хүүхэдтэй ялгаа юу байх вэ эгчдээ 500,000 төгрөг өгчихөө эгч нь өөрөө нэмээд юм хийлгэе гэтэл тэр дархан гэх залуу би танд 300,000 төгрөг л өгнө та өөрөө 300,000 төгрөг гарга би ээмэг хийж өгье гэхээр нь би итгээгүй цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн залуу миний охин г гэрт нь хүргэж өгөхдөө чи ахаараа нэг ширхэг монетон бөгж хийгээд зүүчхээч тэгээд ээжийгээ аргалчих гэх зэргээр ятгасан байсан. Би өөрийн охиндоо 2 ширхэг буюу 1 хос алтаар хийсэн, нэг ээмэгний түгжээ сэнж хэсэг нь унасан ээмгийг хосоор нь өгч явуулсан. Миний ээмэг бол дөрвөлжин хэлбэртэй, талсттай, орцыг нь сайн санахгүй байна. Зузаан алтан ээмэг байсан. Миний том охин Гантуяа 2009 онд Улаанбаатар хот Мөнгөн завьяа нэртэй дэлгүүрээс хямдрал зарласан байх үед нь 580,000 төгрөгөөр авч өгсөн юм. Одоогийн үнэлгээ нь бол 1,000,000 төгрөг болно гэж би бодож байна. Тухайн үед орц, үнэ бичсэн цаас байсан нь одоо алга болсон. Сорьц нь хэд байсан талаар би сайн санахгүй байна. Харин граммын бичиг нь 5.11 гэсэн бичиг байсан. Миний ээмгийг өгч байх үед миний төрсөн дүү болох байсан. тухайн иргэдийн нэр зүсийг мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад эгч ирээд алт мөнгөний дархан ирсэн байна гэхээр нь надад янзлуулах зүйл байгаа гээд эгчийнхээ хамт гэртээ очоод ээмэг бөгж хийдэг жижиг бор уутанд хийсэн байсан зүйлсээ аваад 16 цагийн орчимд очоод янзлуулах зүйлсээ гаргаж үзүүлээд ээжийнхээ алтан ээмгийг гаргаж үзүүлээд түгжээ нь хугарсан байгаа та гагнах юм уу гэтэл гагнана наанаа үлдээчих гээд тэр үед нь би үлдээгээд хүүхдээ цэцэрлэгээс авах гээд гарч яваад орой 18 цагийн үед дахин ирээд за та миний юмнуудыг янзалсан уу гэхэд маргааш өглөө ирээд ав гээд би эгчийнхээ хамт тэндээс гарсан. эгч чи яагаад ийм үнэтэй цайтай зүйлсээ үлдээчхэв аваад явахгүй юм уу гээд надад хэлсэн би за гайгүй байх гэж итгээд үлдээсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ирээд үлдээсэн зүйлсээ авах гэтэл миний гинжийг нь гагнуулах гээд үлдээсэн ээжийн маань алтан ээмэг байхгүй байсан. Тэр үед ахаа алтан ээмэг алга байна гэхэд би аваагүй чамд буцааж өгсөн гээд архи уусан согтуу сууж байсан. Би 2 ширхэг мөнгөн бөгж, монетон гинж, хэдэн ширхэг ээмэгний шигтгээ, ээжийн алтан ээмгийг хосоор нь өгсөн. Тухайн үед үлдээчих гээд авч үлдээж өөрийнхөө ард байсан хайрцагт хийсэн. Алтан ээмэг дөрвөлжин хэлбэртэй, талсттай, хос алтан ээмэг байсан. Миний ээж Цэрэнбум 10 орчим жилийн өмнө худалдан авч байсан гэсэн би яг нарийн үнийг нь мэдэхгүй байна. Манай ээжийн ээмэг байсан юм. Тэнд байсан нэг эмэгтэй наад ээмэг чинь ямар ээмэг юм бэ гээд надаас асуугаад би энэ алтан ээмэг гээд ярьж байсан. Маргааш нь юмаа авах гээд ороход алт мөнгөний дархан согтуу байсан. Би үлдээсэн зүйлсээ авмаар байна гэтэл надад май гээд өгсөн тэр үед ээмэг байхгүй байхаар нь миний үлдээсэн алтан ээмэг хайчих ваа гэтэл чи өөрөө аваад яваа биз дээ гээд над руу дайраад байсан. Тэгээд хажууд нь бас нэг өндөр бор залуу байсан инээгээд байхаар нь надаар тоглоод байна гэж бодоод алив хурдан гаргаад ир гэтэл чи авсан биз дээ гээд надад өгөөгүй өдий хүрсэн. Алт мөнгөний дархан гэгч 2023 оны 01 дүгээр сарын 25-ны орчим Их-Уул суманд ирээд надтай уулзахдаа ахын дүү хоёулаа тохиролцоод салчхаж болох уу ах нь ээжийн чинь ээмэгний оронд бэлэн монетоор бөгж хийгээд эсвэл ээжээсээ 300,000 мянган төгрөг аваад өгчих би алтаар ээмэг хийгээд өгье гээд байсан тухайн үед би тийм зүйл байхгүй ээ, ээжийнхээ ээмгийг авмаар байна гэж хэлсэн. Манай ээж энэ хүүхдийн буруу зөрүү юу байх вэ алга болгосон юм байлгүй чи ч гэж чи хүнд 500,000 төгрөг өгчихвөл ээж нь гомдол саналгүй гээд байсан. Сүүлдээ энэ хүн би аваагүй гээд ээж цагдаад хандсан. Ахад нь бэлэн монет байна ахын дүү ээжийгээ аргалчих би чамд бөгж хийгээд өгье гээд гуйсан. Ах нь аваад үлдсэн, чи ч авч гараагүй хэн хэнийх нь буруу боллоо ахдаа ядаж 200,000 төгрөг өгчих ах нь сүүжин ээмэг хийгээд өгье гэж над руу утсаар ярьсан. Цагдаа сэргийлэх гэхээр бөөн ажил болно ахын дүү ээждээ ойлгуулчих гэхээр нь би мэдэхгүй ээ манай ээж л мэднэ цагдаа сэргийлэх нь шийдэх байх гэж хэлсэн. Би он сарыг нь сайн санахгүй байна. Миний 88202840 гэсэн дугаарын утас руу 96020831 гэсэн дугаараас залгаад залуу хүмүүс байна зохицоод энэ асуудлыг шийдье гэж залгасан...” гэсэн мэдүүлэг /хх-22-23, 25/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дүгээр сарын 21-ний өдөр алт мөнгөний дархан ирсэн гэх сургаар “Зулзагат” нэртэй буудалд очиж өөрийн мөнгөн гинжээ өнгөлүүлэх гэж өгчхөөд гадуур хэсэг хувийн ажлаа амжуулаад явж байгаад өөрийн гэртээ очоод хоол хийж идээд байж байтал манай төрсөн эгч Цэрэнбумын охин гаднаас ороод ирэх үед нь алт мөнгөний дархан ирсэн байна гээд хэлтэл би засуулах юмнууд байгаа хамт очиж өгмөөр байна та манай гэр рүү хамт яваач гээд байхаар нь би хамт яваад эгчийнхээ гэрт очоод гэрээсээ нэг бор ууттай зүйл аваад бид хоёр хамт алт мөнгөний дархан байрлаж байгаа газарт ирээд бор ууттай зүйлсээ гаргаад нэг ээмэг гаргаж ирээд энэ алтан ээмэг сэнж нь хугарсан гагнах юм уу гээд тухайн дархан залуугаас асууж байсан тэр үед нь нөгөө залуу гагнана гээд ээмгийг нь авч харагдсан. Би тэнд бугуйвч хийлгэж үлдээд манай дүү хүүхдээ цэцэрлэгээс авах гээд гараад явсан. Тэгээд орой 18 цагийн орчимд буцаж ирээд надтай хамт тухайн газраас явсан. Тухайн газраас гарч явах үедээ би дүүгээ чи энэ юмнуудаа үлдээчхэж болж байгаа юм уу согтуу хөлчүү хүмүүс орж гараад байна аваад яваач гэтэл за гайгүй байх гээд орхиж яваад маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өглөө ирээд тухайн эд зүйлээ авах гэтэл алтан ээмэг нь байхгүй байсан бөгөөд тухайн дархан чи өөрөө буцаагаад авсан гээд өдий хүртэл олдоогүй байгаа юм. Тухайн газарт манай сумын Солонго, Мөнхтуяа, Нарантуяа нар байсан. Тэгээд дархан залуу байсан. Орой гарах үед архи уусан хоёр танихгүй залуу орж ирсэн... бор уутнаасаа гаргаж ирж үзүүлчхээд гагнана үлдээгээд яв гээд бор уутандаа хийгээд амыг нь татаад өгөхийг би хараад сууж байсан...Бор ууттай бүх зүйлсээ үлдээсэн уутан дотор юу байсан эсэхийг би сайн мэдэхгүй. Миний мэдэхээр том хэмжээтэй алтан ээмэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим өөрийн ээж Мөнхцэцэгийн хамт Тосонцэнгэл сумаас ирсэн алт мөнгөний дархан байрлаж байгаа газар буюу “Зулзагат” нэртэй буудалд ирсэн юм тэгээд тэнд манай ээж бөгж хийлгээд байж байгаад банк хаахаас өмнө хүн рүү мөнгө шилжүүлээд ир гээд намайг гарах гэж байх үед нэг хүүхэн, эгчийн хамт орж ирээд ээмэг болон бусад зүйлс янзлуулах гэсэн юм гээд алтан ээмэг гаргаж ирээд нэг талын сэнж нь хугарсан гагнуулна гээд байсан. Тэр хүүхэн тухайн алт мөнгөний дарханыг ахаа би хаашдаа таних юм чинь эд нарыг янзлуулмаар байна гээд үлдээгээд намайг байхад гараад явсан. Гэвч юу юу үлдээсэн талаар бол мэдээгүй. Манай ээж Мөнхцэцэг, гээд эгч, юмаа янзлуулахаар өгсөн хүүхэн бас нэг танихгүй хүүхэн байсан өөр хүн байгаагүй ээ. Алтан ээмгийг би сайн анзаараагүй ээ сэнж нь хугархай гээд дөрвөлжин хэлбэртэй хатгадаг том алтан ээмэг гаргаж ирээд өгч байсан. Тэр хүүхэн би таныг хаашдаа таних юм чинь гээд үлдээж харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 32-33 /
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө ээжид 2009 онд алтан ээмэг авч өгч байсан тэр ээмгээ сэнж гагнуулах гэж алт мөнгөний дарханд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгөөд алдсан талаараа манай ээж надад хэлсэн.Би Улаанбаатар хот Мөнгөнзавъяа дэлгүүрээс 2009 оны 10 сарын сүүл 11 сарын эхээр санаад байна алтан, дөрвөлжин хэлбэртэй ээмэг 580.000 мянган төгрөг орчимд хямдрал зарласан байх үед нь худалдан авч өөрийн ээждээ өгч байсан. Одоо тэр зүйл огт байхгүй ээ. Сорьц, орц бүхий бичиг нь алга болсон байх. Манай ээж 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Их-Уул сумд Тосонцэнгэл сумаас ирсэн алт мөнгөний дарханд миний төрсөн дүү ээжийн алтан ээмэгний 1 талын сэнж хугарсныг гагнуулах гэж хосоор нь өгч үлдээгээд маргааш нь авах гэтэл өгөхгүй байна гэж манай ээж ярьсан. Тухайн алт мөнгөний дархан ээжийн ээмгийг яагаад өгөхгүй байгааг би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 35/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Намайг бугуйвч хийлгэх гээд хүлээгээд сууж байхад хүмүүс орж гараад л байсан. нэг эмэгтэй хоёр орж ирээд тэнд байсан дархантай уулзаад алт гагнах уу гэж асууж байсан. Мөн өөр юм хийлгэх гээд байгаа бололтой ярилцаж байгаад гарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх 43-44/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч *******ын: “...Тухайн өдөр надад алтан ээмэг гагнуулахаар үзүүлж байсан. Би уг ээмгийг ажлын хариуцлагагүй байдлаас болж үрэгдүүлсэн байна...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
1.2. Дээрх үйлдлийн улмаас хохирогч *******д 1,045,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч *******ын “...Миний том охин Гантуяа 2009 онд Улаанбаатар хот Мөнгөн завьяа нэртэй дэлгүүрээс хямдрал зарласан байх үед нь 580,000 төгрөгөөр авч өгсөн юм. Одоогийн үнэлгээ нь бол 1,000,000 төгрөг болно гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг,
“БУФА ҮНЭЛГЭЭ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай “...2023 оны 01 дүгээр сарын байдлаар алтан хийцлэл бүхий 5.11 граммтай хос ээмэгний үнэлгээ 1,045,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн /хх 50-52/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
2. Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
“Хөрөнгө завших” гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигч өөрөө хүсэж эд зүйлс, хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлсэн байдаг бөгөөд уг гэмт хэргийн обьектив тал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг ба энэхүү үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардаж, завшсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байдаг.
Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр *******гаас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох алтан ээмгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх нь хууль бус гэдгийг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг мэдсээр атал хүсч хор уршгийг учруулсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектив шинжийг, түүний дээрх идэвхтэй үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,045,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь ХААН банкны “...2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5502176263 тоот дансанд алт мөнгөний дархан 1,045,000 төгрөг...” гэсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн “...5502176263 тоот данс минийх мөн орлого 1,045,000 төгрөг орсон байна...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.
5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа “...Би ээмгийг ажлын хариуцлагагүй байдлаас болж үрэгдүүлсэн...” гэж хүлээн зөвшөөрсөн, тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ыг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлбөрт 1,045,000 /нэг сая дөчин таван мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 02 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ