| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00185/И |
| Дугаар | 00186 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00186
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00186 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөнххайрхан сумын Алаг багийн ... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Х овогт Э-ын Эын хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.А-тэй 1998 оны 5 сард танилцаж 2000 оны 9 сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 1999 оны 05 сарын 24-нд том хүү А, 2002 оны 12 сарын 19-ны өдөр дунд хүү М, 2004 оны 12 сарын 03-ны өдөр бага хүү Г нарыг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид 2 нэг гэрт хамтран амьдарч байгаад эхнэр М.А маань 2019 оны 11 сарын 20-нд гэнэтээр нас барсан. Тухайн үед гэрлэлтийн баталгаа авсан боловч одоо хайгаад лавлахаас олдохгүй байгаа билээ. Иймд Э.Гэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид 2-ыг 2000 оноос 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.Э нь эхнэр М.Атэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Э.Э нь М.Атэй 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь
Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 122 дугаартай албан бичиг, 26 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 60 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0030650 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0000225407 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Иргэн Б.Сэргэлэнгийн ...Миний бие Э.Этой 2011 оноос 2019 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвд 8 жил хамт ажиллаж байна. Э.Э нь эхнэр М.Атэй 2000 онд гэр бүл болж хамтдаа амьдарч байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Б.Намсрайн ...Миний бие Э.Этой 2000 оноос 2019 оныг хүртэл хамт ажиллаж байсан. Э.Э нь эхнэр М.Атэй 2000 онд гэр бүл болж хамтдаа амьдарч байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Хорхон овогт Эрхэмбаярын Э /П../, Ч- овогт М-н А /..../ нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ