Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, П.Доржбал  нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Батбаасан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах, Ц.Нандинцэцэг

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох 1816000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Б-н Н.

Шүүгдэгч Б.Н-нархи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 7 дугаар сарын 8-ны шөнө зэвсэг буюу хутга хэрэглэж С.Б-г нийт 5 удаа хутгалж, түүний биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 7 дугаар сарын 8-ны шөнө “хоорондоо маргалдаж” хооорондын тааламжгүй харилцаанаас шалтгаалан хохирогч С.Б-г нийт 5 удаа хутгалж, түүний биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Н-н шүүх хуралдаанд өгсөн “...С.Б-н биед учирсан хүнд зэргийн гэмтлийг Б.Н учруулсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хутга хэрэглэсэн С.Б унасан гэдэг асуудлыг ярьж байна. Б.Н С.Б-н биед гэмтэл учруулсан...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Б намайг цамцны захнаас заамдаж аваад миний нутагт гадны цагаачид том болжээ чамайг бид нар сэмхэн алга болгочихож чадна шүү гэж хэлээд зүүн хацар луу нэг удаа алгадсан. Чи надад таалагдахгүй байна. Одоо энэ талбайгаас би зайлах хэрэгтэй байна буцаж ирэх юм бол энэ талбай дээр газар чинь нам ална шүү одоо намайг харж байхад миний хараан дор зайлаатах гэж хэлэхээр нь би за гээд гэр лүү алхаж байгаад эргээд хартал араас нэг залуу нь дагаж байх шиг байсан. Би гэрийнхээ үүдэн дээр ирээд тамхи татаад талбай руу хартал нөгөө залуучууд тараад алга болсон. Тэгээд би албаны орлогчийн хаалгыг татахад түгжээтэй байхаар нь буцаад бүжгийн талбай руу очиж бижиглэж байгаад нэг залуугаас энд байсан залуучууд хаана байна гэж асуухад наад хавиар чинь бижиглэж байгаа гэж хэлсэн. Би тэр залуустай таарахгүйн тулд тэнд байсан хүнээс тэдгээр залуусыг асуусан. Тэгээд би бүжгийн талбайн урд талаас хойд тал руу явж байгаад намайг заамдаж заналхийлсэн залуутай халз таараад мөрөн дээр нь гараа тавиад ярилцах уу? гэхэд миний зүүн чих рүү цохиод авахаар нь би сандраад өмдний баруун халаасанд байсан юмаа шүүрч аваад зүүн эгэм орчим нэг цохисон чинь Б зүүн гараараа намайг цохих гэхээр нь холдуулах гээд гарт байгаа зүйлээрээ зүүн мөр лүү нь 1 цохиход над руу алхаад байхаар нь сандраад гарт байгаа зүйлээрээ зүүн гарны бугалга руу нь 2 удаа цохиод би хойшоо ухраад алхтал миний өмнөөс 2 удаа алхаад баруун талаараа өвдгөө тулж урагшаа унахаар нь би гэрийнхээ зүг рүү явж байхдаа гартаа хутга бариад гар цус болныг хараад би хүн хутгалсан юм шиг байна гэж бодоод би С-т би хүн хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн. Талбай дээр хүмүүс бужигнаад байхаар нь би хүн хутгалсан нь үнэн байна гэж бодоод гэртээ байсан нэг шил 0,75 литртай архийг бүгдийг нь уугаад хэргийн газар луу явж байх замдаа цагдаатай таарсан... Намайг ална гэж заналхийлсэн, хүч хэрэглэхээр нь ажлаас нь чөлөөлөгдөх гээд тушаалаа хүлээгээд гэртээ харихын хооронд хүний нутагт энэ залуучуудад алуулахаас айж хоромхон зуурт гартаа таарсан зүйлээрээ цохисон...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ225-229/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай нөхөр С.Б 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Алтай сумын наадамд морь уралдуулахаар гэрээсээ Алтай сум руу явсан. Алтай сумын наадам 2018 оны 07 дугаар сарын 07 болон 08-ны өдрүүдэд болсон. 2018 оны 07дугаар сарын 09-ний өдөр намайг хөдөө гэрээ байж байхад Б эгч утсаар яриад С.Б эмнэлэгт хэвтчихсэн ухаангүй байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт ирэхэд муухан ухаантай гар, хөл нь мэдэгдээгүй юм ярьж чадахгүй хэвтэж байсан. Манай нөхөр С.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний шөнө хүнд хутгалуулж гэмтэл авсан байсан. Говь-Алтай аймгийн төвөөс эмч нар ирж С.Б-г үзээд 7 хоногийн эмчилгээ бичиж өгөөд явсан. 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Алтай сумаас Говь-Алтай аймаг руу яваад Нэгдсэн эмнэлэгт хэвтээд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тархиндаа мэс заслын хагалгаа хийлгэсэн. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр яваад гэмтлийн эмнэлэгт үзүүлээд дараа нь хувийн эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгээд Говь-Алтай аймгийн төвд ирж уламжлалтын эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд Алтай сумд ирсэн... тахиндаа мэс заслын хагалгаанд ороод гарсны дараа баруун гар, хөл нь мэдээгүй болж явж чадахгүй, юм ярьж бичиж чадахгүй байсан. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсний дараа хүнээр түшүүлээд муухан явдаг байж байгаад одоо бол ганцаараа алхаж явж чадаж байгаа. Гэхдээ баруун хөл нь даялж алхаж байгаа, баруун гар мэдээгүй, юм бичиж, ярьж яадахгүй, толгой нь байнга өвддөг, хүний ярьж байгаа зарим зүйлийг сайн ойлгохгүй байгаа... Гомдолтой байна эрүүл саруул байсан хүнийг юм ярьж, бичиж чадахгүй, баруун гар нь мэдээгүй зэрэг эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хохироосон учир гомдолтой байгаа ...” гэсэн мэдүүлэг /1-рХХ16-18/,

 Гэрч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н ах манай гэрт орж ирээд би хүн хутгалчихлаа хаашдаа шоронд орно гэхээр нь худлаа хэлээд бай гэхэд нээрээ нээрээ гээд байхаар итгээд гэрээс гараад талбай дээр очиход хүмүүс бөөгнөрчихсөн нэг хүн голд нь цус нөжиндөө хутгалдан хэвтэж байсан. Би буцаад байрандаа иртэл Н ах байрны үүдэнд архи бариад сууж байсан ... Н ах гартаа хутга бариагүй байсан. Нилээн ууртай, согтуу байсан. Биед нь ил харагдах гэмтэл байгаагүй, би хүн хутгалсан гээд нүүр нь цус болсон, футволка нь урагдсан байсан. Надтай анх таараад байр луу орохдоо хутга авах гэж байсан байх...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ25-26/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гадаа талбай дээр бүжиглэж байтал бүжиглээд зогсож байсан нэг залууг нэг өндөр залуу ирээд хэд хэдэн удаа цохиод авах шиг болсон тэгэхээр нь би хүмүүс хоорондоо зодолдож байгаа юм байна гэж бодож байтал цохиулсан залуу газарт унасан байсан. Хүмүүс тойрч зогсоод эмч дуудаарай гээд байсан... Би зүүн мөр орчмоос гарч байсан цусыг тогтоох гээд гараараа дарсан чинь гарын салаагаар цус нь гараад байхаар нь шархыг нь чимхээд дараад байж байтал эмч  ирээд эмнэлэг рүү авч явсан... Зүүн гарын дээд булчин хэсэгт 2 удаа, зүүн дал орчим хэсэгт 1, хүзүүний зүүн талд 1, зүүн чихний хойт хэсэгт 1 удаа нийт 5 удаа зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг                              /1-р ХХ27-28/,

Гэрч А.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би талбайн баруун хойт буланд зогсож байтал С дуудаад С.Б ахыг хүн цохичихлоо гээд яваад өгсөн. Би араас нь очсон чинь С.Б яг унаж байсан. Тэгсэн чинь С тэр залуу цохичихоод явчихлаа гэхээр нь харсан чинь нэг өндөр цээж нүцгэн гартаа цэнхэр өнгийн биеийн тамирын цамц бариад явж байсан. Тэгээд С.Б-н хажууд яваад очтол зүүн гар, зүүн эгэм орчимоос цус их гарч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ31-32/,

Гэрч Д.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... талбайн зүүн талын сандал дээр сууж байтал хүмүүс талбайн баруун урд хэсэгт бөөгнөрөөд шуугилдаад байхаар нь очсон чинь нэг залуу газарт унаад хувцас нь цус болсон байсан. Тэгсэн хүмүүс локаторын ангийн залуу хутгалчихлаа гээд байсан. Тэгэхээр сумын цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд эмч ирээд эмнэлэг рүү Б гэх залууг аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /1-р ХХ33-34/,

Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...төв талбай дээр хүн хутгалуулаад цус алдаад байна гэж утсаар дуудлага ирээд очиход С.Б түрүүлгээ хараад хэвтсэн зүүн мөрнөөс дээш цус болсон байдалтай байсан. Зүүн бугалганы дээд хэсэгт цус тогтоох чангалуур тавьж цус тогтоох тариа хийгээд эрүүл мэндийн төвийн хүлээн авахад оруулаад алдсан цусыг тогтоох, өвдөлт намдаах, шокоос гарах эмчилгээ болон шарханд анхдагч цэгцлэлт хийсэн. Эмчилгээний дараа асуулт асуухад дохиогоор хариулж, үг хэлж чадахгүй байсан. Зүүн хөлний мэдрэхүй эрс буурсан хөлөө хөдөлгөж чадахгүй байсан... зүүн эгэмний дээд хэсэг, зүүн бугалганы ард 2, зүүн чихний дээд хэсэгт тус тус зүсэгдсэн шарх байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ35/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Х ахын машиныг Д гэх ах жолоодоод талбайн зүүн талд гарч зогсоод бид 3 юм яриад сууж байтал нэг хүүхэд гүйж ирээд С.Б ахыг нэг хүн хутгалсан байна шүү дээ гэж хэлсэн. Бид хэд талбай дээр яваад очтол С.Б-н зүүн гар тал нь их цус болсон байдалтай хүмүүс дээш нь харуулаад 2 гарыг нь бариад байж байсан... С.Б толгойдоо ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. С.Б Б.Н-д хутгалуулахаасаа өмнөхөн Х ахын Истана маркын машинд орж ирж суусан. Машин дотор хүмүүсийн ууж байсан архи дууссан байсан тул С.Б ахад архи өгөөгүй тэгээд машинаас буугаад ганцаараа явсан ...  Толгойдоо хутгалуулсан бас зүүн гарандаа хутгалуулсан байсан ...” гэсэн мэдүүлэг                           /1-р ХХ36-37/,

Гэрч С.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... талбай дээр хүмүүс тойроод бүжиглэж байтал  гэнэт С.Б-н дуу гарахаар нь хартал С.Б Б.Н-г цохисон, дараа нь Б.Н С.Б-г хэд хэдэн удаа дээрээс нь цохиод авсан чинь С.С.Б газарт зүүн талаараа унаад Б.Н шууд буцаад явсан. Намайг яваад очиход С.Б газарт унасан  байдалтай  толгой  болон  гарнаас  нь  цус  гараад байж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс эмч дуудаад С.Б-г эмнэлэг рүү аваад явсан … Би гартаа хутга барьсан гэж мэдээгүй, зүгээр гараараа цохиод байх шиг байсан.  С.Б-н бие рүү нь хэд хэдэн удаа цохиод сүүлд нь толгой руу нь нэг цохисон, тэгээд С.Б унасан... “ гэсэн мэдүүлэг /1-р ХХ38-39/,

Гэрч Г.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... нэг охин ирээд С.Б ахыг хутгалсан байна гэхээр нь талбай дээр гүйгээд очсон чинь доошоо хараад унасан байдалтай толгой болон гар орчмоос цус их гарсан байсан. Би машинаа талбай руу оруулж ирээд миний машинд өргөж тавиад эмнэлэг рүү авч явсан ... С.Б толгойдоо ямар нэгэн гэмтэлгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ40-41/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Н гэх залуу манай гэрт орж ирээд С.Б-г хүн хутгалсан байна гэж хэлэхээр нь машинтай хашаанаас гарч байтал хашааны урдуур нэг истана маркын машин сигнал дуугаргаад өнгөрөхөөр нь араас нь эмнэлэг дээр ирэхэд С.Б-г эмнэлэг рүү хэвтээгээр нь 3 хүн өргөөд оруулж байсан. Ороод харахад зүүн шанаа, зүүн мөрөнд 2 удаа, эгэм орчимд 2 удаа нийт 5 удаа хутгалуулсан шархтай бүх бие нь цус болсон байсан. Хүргэж ирсэн машины шал болон суудал мөн эмнэлгийн коридор, хүлээн авах өрөө нилэнхийдээ цусаар будагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ54-55/,

Гэрч А.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...  Би гэрэлтэй газар бүжиглэж байсан. Урд хэсэгтэй харанхуй байсан. Удалгүй гэрэлгүй газраас эрэгтэй хүний орилох чимээ гарахаар нь тойроод очтол манай нагац ах доошоо хараад газар унасан байсан. Тэгээд нэг хүн дээш харуултал цус гарсан байдалтай, өөрийнх нь толгой сул ухаан алдсан юм шиг харагдсан.  Тэгээд  хүмүүс орилоод  эмч  гэхээр  нь  би  Алтай  сумын  эмнэлгийн дугаар луу залгатал сувилагч нь аваад бид нарт унаа байхгүй хүрээд ир гэхээр нь би их эмч А руу залгатал за ойлголоо одоо очлоо гэж хэлсэн. Дараа нь би сумын
хэсгийн төлөөлөгч О.Б руу залган дуудсан ... гэрэлгүй газарт нэг өндөр залуу
2-3 удаа гараараа далайгаад цохиод байх шиг байсан ...  " гэсэн мэдүүлэг                                /1-р ХХ58-59/

Гэрч Т.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би нөхөртэйгөө хамт бүжиг болж байгаа талбай дээр очсон, бүжиг болоод бүжиглэж байтал 304-р ангийн өндөр цэрэг залуу бүжгийн талбай дээр ирсэн, төрийн банкны эмэгтэйн хажууд ирээд түлхээд нудраад авах шиг болсон чинь С.Б ах ирээд нөгөө цэрэг залуутай үг сөрөөд, заамдалцаад, түлхэлцээд би С.Б ахын хажууд байсан болохоор салгаад С.Б ахыг холдуулсан, нэг их сүртэй зүйл болоогүй, нэг мэдсэн С.Б ах нөгөө цэрэг залуу нар алга болсон байсан. Тэгээд удалгүй дахин бүжгийн талбай дээр С.Б нөгөө цэрэг залуу 2 ирсэн дахиад маргалдаад зогсож байх шиг байсан, нээх удаагүй байж байтал хүмүүс орилолдоод эхлэхээр нь харсан чинь С.Б ах газарт унасан байсан, хүмүүс С.Б ахыг тойроод овоорсон, очоод харсан чинь С.Б ахын биенээс цус гарч газарт гоожсон байсан, тэгээд хүмүүс эмнэлгийн сувилагч дуудаж авч ирээд С.Б ахыг эмнэлэг рүү авч явсан … Тэр 2 юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй миний хажууд С.Б тэр 2 заамдалцаад түлхэлцээд байхаар нь би С.Б ахыг салгаад холдуулсан юм ... С.Б цэрэг залууг цохиж аваагүй, зодоон болоогүй, заамдалцаад байсан, юу гэж ярьсаныг сонсоогүй, хөгжмийн ая чанга байсан тул яриа нь сонсогдоогүй, нэг их удаан заамдалцаж хэрүүл маргаан хийгээгүй ... " гэсэн мэдүүлэг /1-р ХХ62-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...1319 тоот дүгнэлтийг Энхбаяр, Эрдэмболор эмч нарын хамт гаргасан “...С.Б-н биед байсан хуучин гэмтлийг ялгаж өгсөн. Хуучин гэмтэл нь юугаар батлагдсан бэ гэхээр 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн компьютер байгаа. Үүн дээр тархины зүүнталд бөмбөлгийн архаг цусан хураа, тархины зүүн талын зулай чамархайн зөөлрөл, чамархайн дэлбэнгийн уйланхай буюу гиста гэсэн байгаа. 2 талын ухархайн дотор хамрын ясны хуучин гэмтлүүд байсан. Энэ компьютер зургаараа гарсан. Шинэ гэмтэлдээ хамаагүй. Хуучин гэмтлийг тогтоож өгсөн. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. Хугацаа тогтоох боломжгүй гэж гаргасан. ... Шинэ гэмтэл нь хуучин гэмтэлдээ хамаарах уу? гэсэн. Шинэ, хуучин гэмтэл хоорондоо ямар ч хамааралгүй. Нэг нь шинэ гэмтэл, нөгөө нь хуучин гэмтэл байгаа. Шинэ гэмтлээ хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гэж гаргасан. Хуучин гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Хугацаа тогтоох боломжгүй гэж гаргасан. Тэгэхээр ялгаатай 2 гэмтэл байгаа. Эхлээд Алтайбаатар эмчийн дүгнэлтэд зүүн чамархайн шарх гэж байгаа. Дүгнэлтийнхээ хэсэг дээр зүүн чамархайн цөмөрсөн хугарал гэдгээ урд хойно нь оруулсан болохоос дүгнэлтийн хэсгүүд яг ижил утгатай. С.Б-н биед зүүн чамархайн хуйханд хурц иртэй зүйлээр үүсгэгдсэн шарх нь зүүн чамархайн ясыг цөмлөж хугалаад зүүн чамархайн хатуу хальс зүсэгдсэн шарх үүсгээд тэр орчмын аалзан хальсан доорх цус харвалт үүсгэсэн. Энэ нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Тэгэхээр өмгөөлөгчийн асуусан асуулт аалзан хальсны цус хуралт, хатуу хальсны шарх, зүүн чамархайд нэвтэрсэн шарх, цөмөрсөн хугарал, доорх хатуу хальсны зүсэгдсэн шарх, доорх аалзан хальсны цус харвалтууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, хуучин гэмтэлтэй холбоогүй...” гэсэн мэдүүлэг / 3-р ХХ191-193 шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор нарын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1319 дугаартай “...1.7.  С.Б-н биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба хэрэг болсон гэх хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 9-нд үүсэх боломжтой.

2.3.7. Дээрх гэмтлүүдээс зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг хүзүү, зүүн дал, бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хацар, баруун мөрний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүдээс гадна С.Б-н биед болон тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх архаг цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн эдийн зөөлрөл, чамархайн дэлбэнгийн уйланхай, хоёр талын ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдож байх ба гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

5. С.Б-н биед учирсан гэмтлүүдээс зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, зүүн эгэмний дээд хэсэг хүзүү, зүүн дал, бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хацар, баруун мөрний зулгаралт гэмтэл нь               2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүснэ.

8. Урьд гаргасан 190 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна…” гэсэн дүгнэлт /1-р ХХ117-119/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор алаг өнгийн иштэй, эвхэгддэг хутга зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилан тайлбарлажээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь бүтцийн хувьд огтлох, зүсэх зориулалтаар үйлдвэрлэгдсэн байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтонд хамаарахаар байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь санаатайгаар хүний биед халдан хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүнгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон бөгөөд тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор шүүгдэгч            Б.Н-н мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 81-82 дугаар хуудсанд авагдсан 38 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтад тооцохгүйгээр шийдвэрлэснээс өөр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн болон хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...шүүгдэгч сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан, аргагүй хамгаалалтын улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан байх нөхцөл байдал тодорхой харагдаж байгаа...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь:  1. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Б.Н-нхохирогч С.Б-н биед халдан хүнд гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй бөгөөд хоорондын тааламжгүй харилцаанаас үүдэлтэй харилцан зодооны явцад бие биендээ гэмтэл учруулсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Хэдийгээр хохирогчийн зүгээс шүүгдэгчийн биед халдсан үйлдэл байгаа боловч таарамжгүй харилцаанаас үүдэлтэй бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн боломжгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

2  “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” шинж бол анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хийгдэх үнэлэмжээр тодорхойлогддог ойлголт байдаг бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, орон зай, ахуй орчин, гэм буруутай хүн болон хохирогч нарын хоорондын биеийн хүчний харьцаа, хүйсийн байдал,  хохирогчийн өдөөн турхиралтын шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсарт хүний сэтгэхүйн байдлын боломжит түвшинг харгалзан хэрэг тус бүрт тухайлан хийгдэх эрх зүйн үнэлэмжээр илэрхийлэгдэх ухагдахуун юм. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог. Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй юм. Гэтэл шүүгдэгч болон хохирогч нарын хооронд болсон үйл явдлын үед шүүгдэгчийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байдалд орсон гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар тогтоогдоогүй бөгөөд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгож хохирол, хор уршигт зориуд хүргэн, хүсэж үйлдсэн байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг шүүх тогтоосон болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч Л.Баттулгын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үзэж шүүх сэтгэц эмгэг судлалын 177 тоот дүгнэлтээр О.Баатаржав, Л.Баттулга миний бие Б.Энх-Ундрах эмч нарын хамтаар үзлэг шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан…F-60-1 буюу бие хүний шизойд эмгэг гэж байдаг. Энэ бол өвчний код өвчний олон улсын 10 дугаар ангиллаар буюу манайд мөрдөж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зааварчилсан оношийн зааврын дагуу тавьсан онош. Бие хүний шизойд эмгэг гэдэг нь шезо өвчин биш. Үүнийг юун түрүүнд хэлмээр байна. Энэ нь бие хүний өөрчлөлт нийгмийн хэр хэмжээ нийгэмтэйгээ, хамт олонтойгоо дасан зохицох чадварт суралцдаг. Уур уцаартай, хардамтгай, стресс даах чадваргүй болдог зэрэг бүлэг шинжээр илэрдэг. Сэтгэцийн завсрын байдал байгаа. Энэ байдлууд нь үзүүлэгч Б.Н-н өгүүлэмж яриа, мөн ар гэртэй нь уулзаж ярилцсанаас харагддаг. Дээрээс нь манай эмгэг сэтгэц судлалын шинжилгээний дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 24-ийн өдөр шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж комисс үзээд нэмэлтээр хийлгэсэн. Энэ шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслээд энэ оношийг тавьсан...Сэтгэц цоо эрүүл хүн нийгэмтэй дасан зохицдог.  Хүмүүстэйгээ дасан зохицдог чадвартай байдаг. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр нийгэмтэйгээ дасан зохицно гэдэг бол янз бүрийн орчинд, янз бүрийн ааштай, янз бүрийн хүмүүс байдаг. Тэр болгонтой хэрэлдээд, муудалцаад, зодолдоод байгааг дасан зохицох чадвар алдагдал гэж үзнэ. Тэр байдлаар илэрдэг зүйл. Шизойд өвчтэй хүний хувь F20-0 буюу саяны оношийн хүрээгээр F20-ийн хүрээгээр оношлогддог...F20 гэдэг нь шезофрин гэдэг өвчний онош. Энэ нь биеэ даасан сэтгэцийн архаг, ужиг, хүнд явцтай өвчин. Ийм хүмүүс гадуур биеэ авч явах ямар ч чадвар байхгүй...Байнгын эмчийн хараа хяналтад байдаг. Жилд 2-3 удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэх шаардлага гардаг. Гаднаас нь харахад сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь харагддаг. Байнга эм уудаг. Байнга эм уухгүй бол энэ байдлууд бүр хурцаддаг. Нийгэмд аюултай үйлдэл  хийдэг. F60-1 гэдэг нь бие хүний эмгэг...Эрүүл мэндийн хувьд хүнийг сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн тулгамдан асуудалтай, сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэж байгаа. Сэтгэцийн өвчтэй гэхээр F20 ч юм уу шезофрин орно. Эрүүл хүмүүст тайван, бусдын үгийг хүлээж авдаг, нийгэмтэйгээ дасан зохицдог ийм хүнийг хэлнэ. Гэтэл ийм ч биш нөгөө талдаа сэтгэцийн архаг өвчин ч биш ийм ажил мэргэжил, хүмүүжил, гэр бүлийн өсөж төрсөн орчин зэрэг онцлог зүйлүүдээс шалтгаалсан дасан зохицох чадваргүй бүлэг хүмүүс нийгэмд байдаг. Ийм хүмүүсийг F60 гэдэг оношинд оруулж тооцдог. Ийм хэрэгт холбогдоод явж байгаа F60 гэдэг эмгэгтэй хүмүүс их хэмжээгээр нийгэмд байдаг. Хамт олон нь ч гэсэн хараад бусдаасаа зожиг, хүний үг авдаггүй ч гэдэг юм уу? ийм өвөрмөц ааштай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг F60-ын хүрээнд оруулж оношилдог ...” гэсэн мэдүүлэг / 3-р ХХ191-195 шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч О.Баатаржавын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “... Төлөвшлийн хувь бие хүн болохоос биш. Тухайн үедээ хий үзэгдэл, сэтгэцийн солиорол гэдэг ч юм уу? сэтгэцийн зүйл байхгүй. Тийм учраас өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан ...” гэсэн мэдүүлэг /3-р ХХ192 шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Б.Н F60.1 буюу бие хүний шизойд эмгэг сэтгэцийн эмгэгтэй  хэдий ч ахлах зэрэгтэй эмч О.Баатаржав, Л.Баттулга, сэтгэцийн их эмч            Б.Энх-Ундрах нарын шүүх сэтгэц гэм судлалын 177 дугаартай “... 2. Б.Н нь одоогийн байдлаар F60.1 буюу бие хүний шизойд эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Б.Н-ндээрх эмгэг нь хүүхэд буюу өсвөр наснаас эхэлж цаашдын амьдралын туршид үргэлжилдэг. Бие хүний ба төрх үйлийн өөрчлөлтөөр илэрдэг сэтгэцийн архаг эмгэг юм. 

4. Б.Н нь бусдын биед гэмтэл учруулсан үедээ буюу 2018 оны 07 дугаар сарын 09-ний үед сэтгэцийн хувьд F60.1 буюу бие хүний шизойд эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Н нь тухайн үед өөрийн хийж буй үйлдлийг ойлгож мэдэж өөрийгөө удирдах чадвартай байсан байна.

5. Б.Н нь өмнө нь болсон зүйлийг санаж үнэн зөв бодитой мэдүүлэг өгөх чадвартай байсан байна.

6. Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Б.Н нь одоогоор өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүйг урьдчилан тогтоох боломжгүй байна. Б.Н-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна ...” гэсэн дүгнэлт /1-р ХХ107-111/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлах, удирдан жолоодох оюун ухааны бололцоотой буюу хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р ХХ3/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоол, болон хавтаст хэрэгт урьд өмнө гаргаж өгсөн хохирлын баримтууд, хятад хэлнээс орчуулсан баримтууд, хохирогчид   5.133.350 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт/3-р ХХ2/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгчийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо гэж шүүх үзэн ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан, уг гэмтлээс шалтгаалан хохирогч хөдөлмөрийн болон хэрэг хариуцах чадваргүй болсон хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Хохирогч С.Б-н гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 26.759.147 төгрөгийн нэхэмжлэлээс 19.196.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, бичвэр нь уншигдах боломжгүй, нэр бичигдээгүй, давхардсан, өөр хүний нэр дээр гарсан зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул 721.582 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохиролтой холбоотой хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа 6.841.330 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүнээс шүүгдэгч Б.Н нь хохиролд 5.133.350 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдсэн 1.707.980 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Н-с гаргуулж, хохирогч С.Б-д олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор цоохор өнгийн бариултай эвхдэг хутга 1 ширхэгийг устгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний хооронд, мөн 2020 оны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч А овогт Б-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.Н-г 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч  Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар хохирогч С.Б-н нэхэмжилсэн 26.759.147 төгрөгийн нэхэмжлэлээс 19.196.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 721.582 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохиролд 5.133.350 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохиролд 1.707.980 төгрөгийг шүүгдэгч Б.Нас гаргуулж, хохирогч С.Б-д олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор цоохор өнгийн бариултай эвхдэг хутга 1 ширхэгийг устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХТУЛГА

                                     ШҮҮГЧИД                          Ч.МӨНХТУЯА                    

                                                                                 П.ДОРЖБАЛ