Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 06

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Э.Мөнхдөл түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

шүүгдэгч Ц.Одцэцэг түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрдүүд овогт Эрдэнээгийн Мөнхдөл, Олхонууд овогт Цэндийн Одцэцэг нарт холбогдох эрүүгийн 201626022152 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Зээрдүүд овогт Эрдэнээгийн Мөнхдөл, /РД:СЩ89122428/ 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эгч, ах, охины хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 11 дүгээр байр 34 тоотод оршин суух хаягтай боловч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 104 дүгээр байр 101 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, Олхонууд овогт Цэндийн Одцэцэг, /РД:УУ91062403/ 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 23 дугаар гудамж 551а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Э.Мөнхдөл 2016 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастель” шөнийн клубын бүжгийн талбайд хохирогч Ц.Одцэцэгийг шалтгаангүйгээр, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч Ц.Одцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастель” шөнийн клубын бүжгийн талбайд хохирогч Э.Мөнхдөлийг шалтгаангүйгээр, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнхдөл мэдүүлэхдээ: “Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай найз охин ширээн дээр сууж үлдсэн. Миний ард талд гурван охин зогсож байсан. Би бүжиглэж байгаад санаандгүй хэн нэгийг нь түлхсэн юм шиг байна лээ. Намайг бүжиглэж байхад хэн нэгэн миний араас түлхсэн. Эргээд хартал Одцэцэг над руу салаавч гаргахаар нь би зөрүүлээд салаавч гаргасан. Миний хажууд байсан залуу бид хоёрыг салгаад би өөр газар бүжиглэж байтал Одцэцэг миний араас намайг үсдсэн. Би эргэж хараад Одцэцэгтэй барьцалдаж аваад газар унасан. Энэ үед хамгаалагч нар ирж салгасан. Тэгээд цаанаас нь найзууд нь ирсэн. Тэгээд Одцэцэг миний зүүн хөлнөөс зууралдаж байгаад санаандгүй нүдээ цохиулсан. Би Одцэцэгийн нуруу руу нь өшиглөөгүй. Одцэцэг болон найз нар нь намайг эхлээд үсдсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Одцэцэг мэдүүлэхдээ: “Тухайн үед би Мөнхдөл рүү нуруугаа харуулаад зогссон байсан. Ундрах миний урдаас харсан байсан. Санжид, Орхонтуул нар миний хажууд зогсож байсан. Санжидыг хүнтэй хэрэлдээд байхаар нь би яагаад хэрэлдээд байгаа юм бол гээд гайхаж байсан. Гэтэл миний нуруу руу хүн өшиглөхөөр нь эргэж харахад Мөнхдөл байсан. Энэ асуудлаас болж түүнтэй маргалдсан. Өөрөөр Мөнхдөлтэй муудалцаагүй. Санжидын үснээс хэн нэгэн зулгаахаар нь би түүнийг татаж авах гээд очтол Мөнхдөл миний хажуу талаас намайг үсдэхэд нь татаад орсон. Би зөрүүлээд Мөнхдөлийн үснээс зулгаасан. Хүмүүс “боль” гэхээр нь би Мөнхдөлийн үснээс зулгаахаа больсон. Гэтэл миний үснээс өөр хүмүүс зулгаагаад доош дарсан байсан. Намайг дарсан байсан болохоор хөдлөх боломжгүй дээшээ өндийж чадаагүй. Дээшээ толгойгоо татаад өндийтөл хэн нэгэн хүн миний нүд рүү рүү өшиглөсөн. Би гутлыг нь сугалж авъя гэж бодоогүй. Хөлтэй нь зууралдаж байж байтал туфль нь тайлагдсан” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мөнхдөл мэдүүлэхдээ: “Одцэцэг миний үснээс зулгаасан. Миний тархи доргисон, баруун гарын шуу маажуулаад сорви тогтсон. Одоо Одцэцэгээс нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Одцэцэг мэдүүлэхдээ: “Би Мөнхдөлтэй үсдэлцээд Мөнхдөл газар унахад нь татагдаад доош унасан. Тэгээд Мөнхдөл миний нүд рүү өшиглөсөн. Надад учирсан өөр гэмтэл байхгүй. Одоо миний нүд эдгэрсэн. Мөнхдөлөөс нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нар нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастель” шөнийн клубын бүжгийн талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ц.Одцэцэгийн “2016 оны 07 дугаар сарын 30-ны 02-03 цагийн үед найз Ундрах, Санжид, Орхонтуул нарын хамт Кастель нэртэй бааранд ороод 0.33 литрийн пиво аваад талыг нь уугаад бид 4 бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Тэгээд би эргээд хартал нэг хүүхэн, нэг залуу, хоёр найз Ундрах, Орхонтуул хоёр луу салаавч гаргаад байсан чинь Санжид тэр хоёр хүнийг хааж зогсоод бүжиглэж байтал тэр танихгүй залуу салаавч гаргаад янхан минь гээд Орхонтуул, Ундрах хоёр луу орилоод байсан. Тэгээд Санжид, Орхонтуул хоёр нөгөө залуутай түлхэлцэж байхад нөгөө салаавч гаргаад байсан хүүхэн миний нуруу луу нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад уг хүүхэнтэй хэрэлдэж байгаад больсон чинь Санжидыг нэг хүн үсдэж байсан ба хэн үсдэж байсныг сайн харж чадаагүй. Би очоод салгах гэтэл үсдэж байсан залуу Санжид бид хоёрыг түлхсэн. Тэгээд больсон чинь намайг хажуугаас нэг хүн үсдсэн ба эргээд хартал нөгөө салаавч гаргаад байсан хүүхэн намайг үсдсэн байсан. Тэгээд би тэр хүүхэнтэй харилцан үсдэлцсэн чинь нэг залуу бид хоёрыг салгасан. Тэр үед намайг нэг хүн дахиад үсдээд доошоо толгой дарсан ба дээшээ өндийх боломжгүй тонгойгоод үсдүүлээд зогсож байтал нэг хүний баруун талын хөл орж ирээд миний зүүн нүд рүү өшиглөсөн. Энэ үед би хөлийг нь барьж аваад гутлыг нь сугалж авсан ба миний нүд харанхуйлаад харахад хэцүү байсан ба миний зүүн нүднээс цус гарч байсан. Тэгээд би энэ гутлыг эзэн гарч ирнэ гээд бариад зогсож байхдаа харахад уг гутал эмэгтэй хүний баруун талын хөлний саарал өнгийн цэцэгтэй алаг туфль байсан. Хамгаалагч “эзэнд нь гутлыг нь өгмөөр байна, өг” гэхээр нь би “цагдаа дуудсан байгаа намайг өшиглөсөн хүнийг цагдаад өгнө” гэхэд хамгаалагч “тэр хүн чинь гуталгүй гарч ирэхгүй гээд байна, чи гутлыг нь өгчих” гэхээр нь би өгтөл баарнаас нөгөө салаавч гаргаад намайг үсдээд байсан хүүхэн хөл нүцгэн баруун хөлдөө гуталгүй гарч ирсэн. Гэмтлүүдийг намайг үсдсэн манай найз руу салаавч гаргаад байсан сүүлд нэрийг нь мэдсэн. Мөнхдөл гэж эмэгтэй миний нүд рүү өшиглөх үед учирсан гэмтлүүд юм. Мөнхдөлтэй манай найз нараас хэн ч барьцалдаж аваагүй, Мөнхдөл бид хоёр л үсдэлцсэн. Манай найз нар Мөнхдөлд гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

Хохирогч Э.Мөнхдөлийн “2016 оны 07 дугаар сарын 30-ны 01 цагийн үед Кастель нэртэй бааранд найз Хулангийн хамт ороод 0.5 литрийн Хар чингис архи уусан. Тэгээд архиа ууж байгаад бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн ба Хулан бүжиглэхгүй гээд ширээн дээрээ үлдсэн. Тэгээд би бүжиглэж байхад араас намайг нэг хүн түлхсэн. Тэгээд би яаж байгаа юм гээд эргээд хартал дөрвөн охин зогсож байсан. Тэгээд уг дөрвөн хүүхэнтэй маргалдсан чинь сүүлд нэрийг нь мэдсэн Одцэцэг над руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би зөрүүлээд салаавч гаргасан. Тэгтэл миний хажууд бүжиглэж байсан залуу боль гээд намайг холдуулаад миний урд гарч бүжиглээд намайг уг хүүхнүүдээс тусгаарласан. Тэгээд би бүжиглэж байтал араас миний үсийг нэг хүн татаад үсдсэн. Тэр үед би газар унасан чинь намайг хүмүүс үсдээд байсан ба хөлнөөс нэг хүн зулгаагаад нэг хүн миний гутлыг тайлаад авчихсан гарнаас хүн татаад байсан. Тэгээд би юу болсон талаар нэг хэсэг мэдэхгүй байсан. Тэгээд нэг сэргэсэн чинь хамгаалагч залуу намайг босгоод сандал дээр суулгасан. Энэ үед миний зүүн хөлний гутал байхгүй байсан. Хамгаалагч залуу гарч яваад миний гутлыг аваад орж ирээд надад өмсүүлсэн. Хамгаалагч Хулангийн хамт баарнаас надтай хамт гаргаад цагдаагийн машинд суулгаж явуулсан. Тэгээд намайг эрүүлжүүлэх байранд оруулсан. Эрүүлжүүлэхэд ороход миний толгой өвдөөд эргээд байсан ба үс сэгсийчихсэн, баруун бугалга шуу орчимд маажчихсан болохоор цус гоожоод байсан. Тархи доргилт гэмтлийг намайг үсдэх үед үүссэн гэж би бодож байгаа, намайг сүүлд нэрийг нь мэдсэн Одцэцэг гэх эмэгтэй үсдээд үснээс угзарч татаад байсан. Харин баруун бугалга, шууны зулгаралт, зүүн далны зулгаралт, баруун дал, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүдийг хэн учруулсныг би хараагүй болохоор мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

            Гэрч Э.Нандин-Эрдэнийн “2016 оны 07 дугаар сарын сүүлээр үүдэнд зогсож байтал нэг хүн бүжгийн талбай дээр зодоон болоод байна гэж хэлсэн. ...Нэг хүүхнийг Бадрал, Бат-Ирээдүй хоёр дагуулаад үүд рүү гаргаж байсан ба тэр хүүхнээс арай өндөр нуруутай зодоонд оролцсон гэх нэг хөлдөө гуталгүй эмэгтэйг би бүжгийн талбайгаас буулгаад гадаа гаргах гэтэл би хөл нүцгэн гарахгүй. Миний гутлыг олж өг гэсэн. ...Тэгтэл хажуу талаас нэг залуу битгий гарга гээд байсан. ...Намайг очих үед зодоон болоод дуусаад салчихсан байсан. Би хамт ажиллаж байсан хамгаалагч нараасаа юу болсон талаар асуухад бүжиглэж байгаад 2-3 хүүхэн хэдэн залуучууд хоорондоо маргалдаад хүүхнүүд нь учиргүй үсдэлцээд залуучууд нь маргалдаад байсан гэж хэлсэн. Тэр хөл нүцгэн байсан хүүхнийг баарнаас гаргах гэсэн чинь тэр залуу хөл нүцгэн хүн битгий гарга. Одоо асуудал гаргахгүй гээд надаас гуйгаад байсан. Би бодохдоо нэг нэгнийгээ таньдаг хамт явж байгаа хүмүүс гэж бодсон. ... Хөл нүцгэн байсан эмэгтэй “миний гарыг сая нүдээ дараад гараад явсан эмэгтэй урчихлаа” гээд гараа салфетикаар дараад байсан. Би тэр шархыг нь харахад эмэгтэй хүн самардсан юм шиг маажсан шарх байсан. Бид нар эрэгтэй хүмүүс юм чинь эмэгтэй хүн шиг хумсаа ургуулахгүй юм чинь самардах боломжгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

            Гэрч Д.Санжидын “2016 оны 07 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Би өөрийн найз Ундрах, Орхонтуул, Одцэцэг нарын хамт Кастел нэртэй бааранд бүжиглэхээр орсон. Тэгээд бид дөрөв талбай дээр бүжиглэж байх үед талбай дээр хүмүүс нэг нэгнийгээ түлхээд байна гээд маргалдаад байсан. Энэ үед манай найз нар луу танихгүй залуучууд салаавч гаргаад пизда, янханууд гээд орилоод уг залуучуудтай манай найз нар хэрэлдээд байсан ба бид нарын хажууд зогсож байсан залуучууд хүртэл эмэгтэй хүмүүсийг болиоч та нар гээд нийтдээ маргалдаад таних, танихгүй хүмүүс хэрэлдээд бүжиглээд байсан. ...Би Одцэцэгийг хэн зодож өшиглөхийг хараагүй болохоор мэдэхгүй. Одцэцэг “миний нүд рүү өшиглөсөн хүний гутлыг би аваад үлдсэн” гэж харуулж байсан ба тэр гутлыг сүүлд нэрийг нь мэдсэн Мөнхдөл өмссөн байсан. Бодвол Мөнхдөл өшиглөсөн байх гэж би бодож байна. Би хэн нэгнийг зодож цохиогүй, үсдүүлээд юу ч харж чадахгүй байж байхад хамгаалагч салгаад намайг талбайгаас буулгасан. Бүжиглэж байхдаа түлхлээ гэх шалтгаанаар маргалдсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

Гэрч О.Орхонтуулын “Ундрах, Санжид хоёр цагаан цамцтай үл таних залуу, нэг өндөр хүүхэн хоёртой хэрэлдээд хүүхэн нь бид нар руу салаавч гаргаад л байсан. Тэгтэл Санжид хэрүүлийг болиулах гээд голоор нь ороод бүжиглэж байтал тэр залуу Санжидыг үсдээд дарсан. Тэгтэл Одцэцэг салгах гэж тэр хоёрыг голоор ороод салгаж чадаагүй түлхэгдсэн ба Одцэцэг нөгөө салаавч гаргаад байсан хүүхэнтэй хамт үсдэлцээд газар шалан дээр унасан байсан. Би салгах гээд ойртох гэтэл салаавч гаргаад байсан залуу намайг ойртуулахгүй байхаар нь тэр залууг холд гээд өшиглөх гэтэл намайг араас танихгүй залуу татаад холдуулаад зодоон руу ойртуулахгүй хамгаалагч нар болон бааранд байсан залуучууд Одцэцэг нөгөө хүүхэн хоёрыг салгасан. Талбайгаас буугаад гартал найз нар байхгүй болохоор нь буцаад ортол Санжид, Одцэцэг хоёр толины хажууд зогсож байсан ба Одцэцэг зүүн нүдээ гараараа дарчихсан баруун гартаа саарал өнгийн гутал барьчихсан байсан. Тэгэхээр нь би хэний гутал юм гэхэд Одцэцэг намайг өшиглөсөн хүний гутал гэж хэлсэн. Хамгаалагч гарч ирээд наад гутлаа өг гээд Одцэцэгээс нөгөө гутлыг нь аваад явсан ба удалгүй цагдаа нар ирэхэд нөгөө хүүхэн Одцэцэгийн барьж байсан гутлыг өмсчихсөн гарч ирсэн. Одцэцэг ямартай ч Мөнхдөлтэй үсдэлцээд нэг нэгнийгээ тавихгүй байсан чинь хамгаалагч нар ирээд арайхийж салгасан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10651 тоот дүгнэлтэнд:

            “1. Ц.Одцэцэгийн биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салс, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. /хэргийн 48 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10721 тоот дүгнэлтэнд:

            “1. Э.Мөнхдөлийн биед тархи доргилт, баруун бугалга, шууны зулгаралт, зүүн далны зулгаралт, баруун дал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нар нь олон нийтийн газар, бусдыг илтэд үл хүндэтгэн харилцан бие биедээ зохисгүй авирлан улмаар зодолдож бие биедээ гэмтэл учруулсан тус тусын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжтэй бөгөөд уг гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн учир хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

 Шүүгдэгч Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн  71-72 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул тэдгээрийг урьд ял шийтгүүлж байгаагүй анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нар нь шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан тэдгээрт шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зээрдүүд овогт Эрдэнээгийн Мөнхдөлийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Олхонууд овогт Цэндийн Одцэцэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнхдөлийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Одцэцэгийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Э.Мөнхдөлд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Ц.Одцэцэгт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тэдгээрийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд Э.Мөнхдөлд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст, Ц.Одцэцэгт хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.           

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дах хэсэгт зааснаар Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Мөнхдөл, Ц.Одцэцэг нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ