Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0758

 

 

 

 

 

 

 

 

Г.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай  

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа  

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Б.Т

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  Г.Ж     

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар иргэн Б.Э-д эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 м.кв газрыг олгохдоо Г.Ж   миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай      

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 121/ШШ2025/0012 дугаар шийдвэр     

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Г.Ж   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Хариуцагч Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул   

Хэргийн индекс: 121/2025/0012/3    

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч Г.Ж  гаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар иргэн Б.Э-д эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 м.кв газрыг олгохдоо Г.Ж   миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.     

2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 121/ШШ2025/0012 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3. 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1. 14 дүгээр зүйлийн 14.1.3. 21 дүгээр зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ж-ийн "Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар иргэн Б.Э-д эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 м.кв газрыг олгохдоо Г.Ж   миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.         

3. Давж заалдах гомдлын агуулга:  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Б.Т нар давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаартай захирамж буюу гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн үйлдэлтэй маргасан билээ. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох зарчмын хүрээнд маргаан бүхий 205 дугаартай захирамж хууль ёсны дагуу гарсан эсэхэд дүгнэлт өгөхийн тулд уг захирамжтай холбоотой бүхий л баримтыг цуглуулах шаардлагатай. Маргаан бүхий 205 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай" захирамжаар "М" ХХК-ийн худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байсан 14847 м.кв газраас 7000 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар гуравдагч этгээд Б.Э-д шилжүүлсэн байна. Газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана", 38.2.1 "нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ", 38.2.2-т "эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо", 38.2.3 "албан татвар, хураамж төлсөн тухай баримт" зэргийг хавсаргах шаардлагатай гэжээ. Мөн зүйлийн 38.3-т "Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна", 38.3.1-д "энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх" гэжээ. Тодруулбал, Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, хавсаргах баримт бичгийн бүрдлийг хянаж үзээд, тодруулсны үндсэн дээр эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхээр байна. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээнээс бусад баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд "М" ХХК-иас газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг гаргахтай холбоотой бүхий л баримтыг гаргуулах шаардлагатай. Энэ баримтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн үйлдэл нь хууль ёсны эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар иргэн Э-д эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 м.кв газрыг олгохдоо Г.Ж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон байна. Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" байхаар зохицуулсан. Энэ зохицуулалтууд нь ne ultra petita гэх эрх зүйн зарчим, ухагдахуунаас улбаатай бөгөөд шүүхэд хандсан этгээдийн гаргасан хүсэлт (шүүхээр хамгаалуулахыг хүссэн зүйл)-ээс хэтэрсэн шийдвэр гаргахыг шүүхэд хориглосон агуулгатай. Гэхдээ шүүх зөвхөн нэхэмжлэлд сонгож гаргасан шаардлагын төрөлд (үгчлэн) баригдах биш, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлах нь зүйтэй талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тайлбараар тодорхой тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад олгох нэхэмжлэлийн шаардлагад баригдахгүйгээр маргаан бүхий актад илт хууль бус захиргааны актын шинж тогтоогдохгүй байгаа тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжтой байна. Учир нь маргаан бүхий актууд 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нотлох баримтаар шүүхэд ирсэн байх ба нэхэмжлэгч этгээд тухайн баримтыг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдсэн болох нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан байна. Уг маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрчилсөн буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн "зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх" үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг "хүчингүй болгох" боломжтой, энэ нь "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан" агуулгад хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эцсийн зорилгыг нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтоох учиртай. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актад зөвхөн илт хууль бус захиргааны актын талаар дүгнэлт өгсөн нь буруу байх бөгөөд нэхэмжлэгчийн эцсийн зорилгыг үндэслэн маргаан бүхий актыг хүчингүй болгох эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад "иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох" гэж хуульчилсан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 8/7 дугаартай "2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоолыг гаргасан байна. Тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталж, Ганган-Орхон багийн Эрдэнэзуугийн гудамж 1-,,, байршлын 7000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар давуу эрхээр гэж тусгасан байна.

Хавтаст хэргийн 46, 54 дүгээр хуудаст авагдсан баримтаар "М" ХХК нь 2003 оны 63 тоот шийдвэрээр нэгж талбарын 141800145 дугаар бүхий 14847 м.кв газрыг тус хэмжээгээр 2012 оныг хүртэл эзэмшиж байсан байна. Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.2 ... зохицуулалтаас үзвэл хүсэлт гаргах эрхтэй этгээдийг бататгасан диспозици нөхцөл нь газар өмчлөх хүсэлтийг гаргах эрхтэй эрх зүйн этгээд нь бодгаль бие хүн байх, тус хүн нь гадаадын иргэн, харьяалалгүй этгээд биш байх, мөн аливаа хуулийн этгээд газрыг өмчлөх эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргах эрхтэй хүн нь гагцхүү Монгол Улсын иргэн байхаар дээрх хэм хэмжээнд тусгайлан зохицуулсан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Б.Э-д Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 205 дугаарт захирамжаар "М" ХХК-ийн худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байгаа 14837 м.кв газрын 7000 м.кв-ыг худалдаа үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, мөн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 207 дугаар захирамжаар "Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт Эрдэнэзуугийн гудамж 1-,,, тоотод Базарготовын Энхсайханы худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 7000 м.кв газрыг анхны үнэ 5600.0 мянган төгрөгөөр аж ахуйн зориулалтаар хавсралт ёсоор өмчлүүлсүгэй" гэжээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 8/7 дугаартай “2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоолыг гаргахад тус хурлаар хэлэлцэгдсэн баримтууд, хамгийн анх газар өмчлөх хүсэлт гаргасан этгээд хэн болох зэрэг баримтууд нь хэргийн нэг мөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, иргэний газар өмчлөх тухай хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах шаардлагатай.

Нөгөөтэйгөөр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ." гэж заасан. Хавтаст хэргийн 48 дугаар талд Хархорин сумын газрын даамлын 2012 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 89 дүгээр тодорхойлолтоор "... Б.Э нь Эрдэнэзуугийн гудамж 1-25 тоотод газар эзэмшлийн гэрээ, гэрчилгээгүй нь үнэн болно" гэсэн баримт хэрэгт авагдсан байна. Тодруулбал, маргаан бүхий 205 дугаар захирамжаар "Манлай тод" ХХК-ийн худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байгаа 14837 м.кв газрын 7000 м.кв-ыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Э-д шилжүүлэн эзэмшүүлж, мөн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 207 дугаар захирамжаар " Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт Эрдэнэзуугийн гудамж 1,,,, тоотод Базарготовын Энхсайханы худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 7000 м.кв газрыг өмчлүүлсэн байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар захирамжаар "М" ХХК-ийн худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байгаа 14837 м.кв газрын 7000 м.кв-ыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Э-д шилжүүлэн эзэмшүүлсэнтэй холбоотойгоор Б.Э-ны тус газрыг өмнө нь эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээг нотлох баримтаар гаргуулах нь хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой баримт байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2007 он болон 2012 онд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших хүсэлтийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад хандан гаргаж байсан бөгөөд энэ тухай хавтаст хэргийн 125 дугаар хуудаст авагдсан хариуцагчийн тайлбараар нотлогдог. Гэвч шүүхэд ирүүлсэн албан бичигтээ тодорхойлох боломжгүй гэж тусгасан байх бөгөөд энэ нь захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлт гаргасныг үгүйсгээгүй болно. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Дараах байгууллагын архив нь байнга хадгалах баримтыг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож доор дурдсан хугацаанд хадгалж, уг хугацаа дууссаны дараа харьяалах төрийн архивт шилжүүлнэ" гэж заасан бөгөөд дээрх баримтыг төрийн архиваас тодруулах боломжтой байсан бөгөөд шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 121/ШШ2025/0012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.    

ХЯНАВАЛ:  

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Ж  гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.       

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.    

 

2.1. Нэхэмжлэгч Г.Ж  гаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамжаар иргэн Б.Э-д эзэмшүүлж, өмчлүүлсэн 7000 м.кв газрыг олгохдоо Г.Ж   миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.    

2.2. Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар захирамжаар[1] Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, Эрдэнэзуугийн гудамж, 1-25 тоотод байрлалтай, худалдааны төвийн зориулалттай "М" ХХК-ийн эзэмшиж байгаа 14847 м.кв газраас 7000 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Э-д шилжүүлэн эзэмшүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамжаар[2] Б.Э-д тус газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн байна.  

2.3 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “М” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, Эрдэнэзуугийн гудамж 1-25 тоотод байрлах, нэгж талбарын 141800145 дугаартай, зах худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж буй 14847 м.кв талбай бүхий газраасаа хэсэгчлэн 7000 м.кв газрыг Б.Э-д шилжүүлэх өргөдлийг гаргасны дагуу дээрх маргаан бүхий актуудаар Б.Э нь тус газрыг өмчлөх эрхтэй болсон тул 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.[3]   

2.4.  Харин нэхэмжлэгч Г.Ж   нь анх 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “М” ХХК-ийн эзэмшиж буй газар дээр түүний зөвшөөрлөөр 130 м.кв хэмжээ бүхий талбайд үйлчилгээний зориулалттай барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[4] авсан тус газар нь Б.Э-ны өмчлөлийн газартай давхцалтай нь агаар сансрын зургаар[5] тогтоогдсон, мөн Б.Э-ны өмчлөлийн тус газар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/7 дугаар “2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын[6] хавсралтаар батлагдсан иргэнд аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын байршилд багтсан байна.   

2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж тус тус заасан.

2.6. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д “иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй”, 14.1.3-т “аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж тус тус хуульчилсан байна.    

2.7. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамж нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байх төдийгүй гуравдагч этгээд Б.Э нь газар өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан буюу энэ нь нэгж талбарын хувийн хэрэг, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргээр нотлогдож байна.

2.8. Нөгөөтэйгүүр, илт хууль бус захиргааны акт гэж эрх зүйн хувьд илэрхий засагдах боломжгүй, ноцтой алдаатай актыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий актууд илт хууль бус гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

2.9. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн “...бусдын газар дээр түүний зөвшөөрлөөр барилга барьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан нь түүний доорх газрын эзэмшигч, өмчлөгчийн эрхийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Г.Ж   нь анхнаасаа бусдын эзэмшил бүхий газар дээр үл хөдлөх барьж, гэрчилгээ авсан болох нь түүний үл хөдлөх эд хөрөнгийн газар бүрдүүлж өгсөн баримтуудаар нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарах асуудлаар нотлох баримтыг бүрэн цуглуулжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 121/ШШ2025/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.От, Б.Т нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Б.АДЪЯАСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА  

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 53 дахь тал

[2] Хавтаст хэргийн 55 дахь тал

[3] Хавтаст хэргийн 53 дахь тал

[4] Хавтаст хэргийн 87 дахь тал

[5] Хавтаст хэргийн 138 дахь тал

[6] Хавтаст хэргийн 42-43 хуудас