| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00102/И |
| Дугаар | 00190 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00190
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00190 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, 11-04 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, А овогт Г-ийн Д-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1969 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд 1976 онд дүгээр ангид орж, 1984 онд 8 дугаар анги төгсөөд 1984-1986 онд Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг усжуулагч мэргэжлээр суралцан төгссөн. 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж гээгдсэний улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Г.Д намайг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа тодруулсан байна.
Хүсэлт гаргагч Г.Д нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол буюу 3 дугаар бригадын 1987 оноос 1988 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0736343 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1608000807 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 126/000699 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 126/000698 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч Ж.Долгорсүрэнгийн ...Би Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт 1965 онд төрсөн. 1973 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1981 онд 8 дугаар анги төгсөж, Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн Хөдөө аж ахуйн ТМС-д суралцаж, 1983 онд слесарь мэргэжлээр төгссөн. Ингээд 1983 онд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд эцэг Жанчив, ах Харандааш нарын хамт нэгдлийн мал малласан. 1988 онд Цэнджавтай гэр бүл болж Ховд аймгийн төвд орж ирсэн. Д.Д нь намайг Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн ТМС төгсөөд ирэхэд дунд сургуулийн сурагч байсан бөгөөд сургуулиа төгсөөд малчин болсон. 1987 онд Н.Нарсүрэнтэй гэр бүл болж 1990 оныг хүртэл нэгдэлд малчнаар ажилласан... гэх мэдүүлэг,
Гэрч Н.Чимэддоржийн ...1974 оноос 1976 оны 06 дугаар сарыг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдралд нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1976 оноос 1979 оны хооронд цэргийн алба хаасан. Г.Д нь 1996 онд Цэвээний Лхагвасүрэн гэдэг хүнтэй гэр бүл болж Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1996 оноос өмнө Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад ээжийнхээ хамт малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Адууч овогт Гэсэрийн Дг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ