Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00191

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00191

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Сээр багт оршин суух, ... дугаарын регистртэй, Г овогт М-ийн Б-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Ба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Ба нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1965 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймаг Дөргөн сумын Сээр бригадад Мядагийн 2 дугаар хүү болж төрсөн. 2 дугаар анги төгссөн. 1981 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж ирээд 1988 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл мал маллаж байсан. 1988 оны 7 дугаар сарын 10-нд Басан овогтой Цэвэгмэдтэй гэрлэж тус нэгдлээ тартал малчин байсан болно. Үргэлжлүүлэн хувиараа мал маллаж байна. Тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул М.Ба миний Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Бын 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.Ба нь 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 659 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1981 оноос 1983 он, 1988 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

1984 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 394490 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний Бат илэрхийлэл

1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн гишүүнээр элссэн тухай нэгдлийн гишүүний үнэмлэх,

1983 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

0776813 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000590 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын архивын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1986 он, 1987 он, 1990 онуудын цалингийн цэс, Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн малчин Б.Мядаг, М.Ба нарын хөдөлмөрийн хөлс, хавсралтын хамт, 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн баярын бичиг, 1991 оны баярын бичиг, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичиг, 1980 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баярын бичиг, 2001 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн диплом,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 126/001854 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 126/001863 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 126/002081 дугаартай ургын овог, эцэг эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаа,

Иргэн Б.Зуноровын ...Би М.Батай 1981 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Ч.Дуламсүрэнгийн ...Би М.Батай 1981 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Бын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гахай овогт Мядагийн Быг 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ