| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00264/И |
| Дугаар | 00192 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00192
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00192 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, .. тоот регистрийн дугаартай, Ж овогт Х-н Сы нэхэмжлэлтэй,
улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан эцэг Х.Х-ы нөхөн олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тилеухан нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Ховд сумын 4-р баг Улаанбураад оршин суух Жантекей жайлау овогт Худасын С миний бие 1950 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд Х.Х-ы 4 дахь охин болон төрсөн. Миний аав Х.Х нь нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 1941 онд 10 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг бүрэн эдлэж байсан. Тухайн цаг үед Улс төрийн хэрэгтний ар гэрийнхэн байнгын мөрдөлт, хавчилганд байсан, Х.Хы эхнэр хүүхдүүд бид амьдрахад хэцүү болж амьдрах аргагүй болсон учир миний аав ээж ах дүүс ярилцаж хэлэлцээд намайг аав Х.Хы төрсөн дүү Х.Худас өөрийн нэрээр овоглон өөрийн гэр бүлд өсгөж хүмүүжүүлсэн. Миний бие авга ах Х.Худасын гэр бүлд өссөн. Улс төр, Цагийн байдал хэцүү байсан учир авга ах Х.Худасын нэрээр овоглож 1958 онд Ховд аймгийн Ховд сумын бага сургуульд элсэн орж суралцсан. Миний бие Х.Хы төрсөн охин ба аавынхаа нэрээр овоглогдоогүй байсан тул шүүхэд Х.Хы төрсөн охин болохыг тогтоолгох хүсэлт гаргаж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 159/ШШ2019/00167 дугаартай шийдвэрээр Жантакей жайлау Худысын С намайг Хусайны Хы төрүүлсэн охин мөн болохыг тогтоосон. Миний бие аав Х.Хы төрүүлсэн хүүхдүүдээс ганцаараа амьд сэрүүн байгаа юм. Аав Х.Хы улс төрийн хэрэпг хэлмэгдсэний нөхөн олговор авах хүсэлтэй байгаа тул миний биед олгогдох нөхөн олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тилеухан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жантекей жайлау овогт Худасын С Х.Хы 4 дахь охин болон төрсөн. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 159/ШШ2019/00167 дугаартай шийдвэрээр Жантакей жайлау Худысын С намайг Хусайны Хы төрүүлсэн охин мөн болохыг тогтоосон. Х.Хы улс төрийн хэрэгт хэлмэгдсэний нөхөн олговор авах хүсэлтэй байгаа тул нөхөн олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.С нь цагаатгалын нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэлмэгдэгч Хусайн Хыг 1941 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэж, БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаар хурлын тогтоолоор цагаатгасан болох нь
БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаар хурлын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05/6909 дугаар лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,
Нэхэмжлэгч Х.С нь хэлмэгдэгч Хусайн Хы төрсөн охин мөн болох нь Монгол улс, архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-9/5714 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улс, архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-9/5712 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/143 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00167 дугаартай шийдвэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.С нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Зууны мэдээ сонинд нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Х.Сы нэрийг зарлажээ.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Жантекей жайлау овогт Худысын Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Жантекей жайлау овогт Худысын С /.../-д олгосгуай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Х.Сы нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ