Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/161

 

 

 

 

 

 

        2023         09           21

                      2023/ШЦТ/161

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч Н овогт Хы Хт холбогдох 2313002140205 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхай, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1.... дугаар /Жасыл Бах/ багт түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Хы Х, регистрийн дугаар ...

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Х нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Х.Гг төөрөгдөлд оруулан хуурч, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед түүнээс 500,000 төгрөгийг Хаан банкны 5303314724 дугаар данс руу шилжүүлэн авч, 500000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Х.Өренээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хувьд төлж өгөх болно. Хуулийн хөнгөлөлт үзүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313002140205 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

3. Хохирогч Х.Ггаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03 дахь тал/,

4. “Кеngan Erlan” гэх фейсбүүк хаягтай харилцсан зурвас, түүний гэрэл зургийн үзүүлэлт болон орчуулга хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-18 дахь тал/,

5. Мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт гэрэл зургууд /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

6. Иргэн Х.Хийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-28, 33-39 дэх тал/,

7. Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 5180/394 дугаартай албан бичиг, хавсралт харилцагч М.Айманы 5065262692 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42-49 дэх тал/,

8. Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 5180/331 дугаартай албан бичиг, хавсралт харилцагч С.Жаргалсайханы 5303314724 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн52-76 дахь/,

9. Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5180/337 дугаартай албан бичиг, хавсралт харилцагч Х.Ггийн 5194090097 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн  77-78 дахь тал/,

10. Хохирогч Х.Ггийн мэдүүлэг /хавтаст хэргийн 90-93 дахь тал/,

11. Гэрч М.Аы мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,

12. Шүүгдэгч Х.Хийн мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

13. Шүүгдэгч Х.Х нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Хт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч Х.Х нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Х.Гг төөрөгдөлд оруулан хуурч, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед түүнээс 500,000 төгрөгийг Хаан банкны 5303314724 дугаартай данс руу шилжүүлэн авч 500000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

17. Хохирогч Х.Ггаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03 дахь тал/,

18. “Кеngan Erlan” гэх фейсбүүк хаягтай харилцсан зурвас, түүний гэрэл зургийн үзүүлэлт болон орчуулга хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-18 дахь тал/,

19. Мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт гэрэл зургууд /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

20. Иргэн Х.Хийн “Redmi Note 8” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн узүүлэлт /хавтаст хэргийн 22-28, 33-39 дэх тал/,

21. Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 5180/394 дугаартай албан бичиг, хавсралт харилцагч М.Аы 5065262692 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42-49 дэх тал/,

22. Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 5180/331 дугаартай албан бичиг, хавсралт харилцагч С.Жаы 5303314724 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн52-76 дахь/,

23. Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5180/337 дугаартай албан бичиг, хавсралт харилцагч Х.Ггийн 5194090097 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн  77-78 дахь тал/,

24. Хохирогч Х.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.....2023 оны 6 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед миний өөрийн “Г Хуралган” гэх фейсбүүк хаяг руу миний танил хүн болох Кенганы Ерлан гэх хүний нэрээр фейсбүүкт хуурамч “Кеngan Егlаn” гэх хаягаар надад мессеж бичсэн. Тэгээд надаас 500,000 төгрөг асуусан. Тухайн үед надад К.Ерлан болж мессеж бичихээр нь түүний үгэнд итгэж ямар дансанд явуулах юм бэ гэж асуухад Хаан банкны 5303314724 тоот данс өгч утга дээр нь егlan5095 гэж бичээрэй гэхээр нь тухайн дансанд 500,000 төгрөг шилжүүлж тухайн утгыг бичсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиж 500,000 төгрөг асуухаар нь уг хүнийг сэжиглэж чи К.Ерлан мөн бол над руу мессенжерээр залгаарай гэхэд уг хүн миний мессеж бичиж байсан мессенжерийг блоклож хаасан. Тэгээд хуурамч хаягаар хакердуулсныг мэдсэн. Надад учирсан 500,000 төгрөгийг төлүүлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90, 93 дахь тал/,

25. Гэрч М.Айманы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хаан банкны 5065262692 тоот дансыг 2014 оноос хойш ашиглаж байгаа юм. Тухайн дансыг надаас гадна манай нөхөр болох Ханатханы Х ашигладаг. Бид хоёр 2021 онд гэр бүл болсон юм. Миний дансыг нөхөр болох Х.Х ашиглаад 5-6 сар болж байна. Миний нөхөр болох Х.Х нь хааяа покер тоглодог байсан. Байнга бол тоглодоггүй юм. Тухайн гүйлгээг миний нөхөр болох Х.Х хийсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,

26. Шүүгдэгч Х.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа, уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Миний бие хааяа фейсбүүк мессенжерээс онлайнаар покер тоглодог байсан. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байсан байх миний өөрийн фейсбүүкийн найз байсан “Кеngan Егlаn” гэсэн хаягтай Ерлан гэх хүний фейсбүүкийн хаяг руу нь орж судалж үзэхэд тэр хүн Казахстан Улс руу явж байгаа тухай пост тавьсан байсан. Ингээд би өөрөө “Кеngan Еrlаn” нэртэй хуурамч хаяг нээж тэр хүний зургийг нь байршуулсан. Дараа нь “Кеngап Егlаn”-ы найзуудыг нь судалж үзэхэд “Кеngаn Егlаn”-ы фейсбүүкт байршуулсан зураг, постуудад нь байнга лайк дарж комент бичдэг найз нь болох “Г Хуралган” гэх хаягтай хүнийг мөн сонгож аваад “Кеngаn Еrlаn” гэсэн хуурамч хаягаар чат бичээд тэр хүнээс 500,000 төгрөг шилжүүлж авсан. “Г Хуралган” гэсэн хаягтай хүнд покерын 5303314724 гэсэн дансыг нь өгөөд 500,000 төгрөгийг тухайн данс руу шилжүүлж авсан. Тэгээд өөрийн эхнэр М.Айманы 5065262692 данс руу буцааж шилжүүлж авах гэтэл тухайн чатнаас намайг блоколчихсон. Өөрөөр хэлбэл би “Кеngаn Егlаn” гэх хүний фейсбүүк хаягийг хуурамчаар зохиож бий болгоод тэр хүний нэрээр “Г Хуралган” гэх хаягтай найзаас нь 500,000 төгрөгийг онлайн покерын 5303314724 дугаартай данс руу шилжүүлж аваад тэр покер руу дахиж холбогдоод тухайн шилжүүлсэн 500,000 төгрөгийг буцааж шууд татаж авах гээд чат бичихэд намайг залилан хийж байна гэдгийг мэдсэн. Хохирлыг барагдуулах болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

27. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ

28. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

29. Шүүгдэгч Х.Х нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Х.Гг төөрөгдөлд оруулан хуурч, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед түүнээс 500,000 төгрөгийг Хаан банкны 5303314724 дугаартай данс руу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.

30. Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нь шүүгдэгч Х.Хт итгэн төөрөгдөж, шилжүүлэн өгсөн байна.

31. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогчийг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

32. Иймд прокуророос шүүгдэгч Х.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

33. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Х.Хийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

35. Шүүгдэгч Х.Хийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Х.Гд 500000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтогдсон байна.

36. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

37. Хохирогч Х.Г нь гэмт хэргийн хор 500000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Х нь төлж өгөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Хээс 500.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Гд олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

38. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэс буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлэх ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

39. Шүүгдэгч Х.Хээс “Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх” хүсэлтийг гаргасан болно.

40. Шүүгдэгч Х.Х нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

42. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв. 

43. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

44. Шүүгдэгч Х.Хийн “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх” хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

46. Шүүгдэгч Х.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

47. Шүүгдэгч Х.Х нь гэмт хэрэг үйлдэхэд “Redmi Note 8” загварын гар утсыг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн гар утсыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заанаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  СД диск 1 ширхийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.

 

48. Шүүгдэгч Х.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт Хны Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хийг 350 /гурван зуун тавийн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Х.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих болон газар шорооны ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Хээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Х.Гд олгосугай.  

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Redmi Note 8”  /200000 төгрөгийн үнэтэй/ загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заанаар заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  СД диск 1 ширхийг хэргийн хамт хадгалсугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.Д