Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

2023         09          08                                       2023/ШЦТ/91

       

          

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Б.Д,

Улсын яллагч                                                С.Б,

Гэрч                                                                Б.Б,

Шүүгдэгч                                                        М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304001060082 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа авто машин засварын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ............. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц л овгийн М-ын Ч /РД: /.

 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч М.Ч нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах Хужиртын гүүрний орчим 12-38 УНЭ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Л.Э, Б.Г, Б.Э, Ш.Б нарыг хамгаалах бүс зүүлгээгүй, Ч.Ц, Ч.М нарыг хүүхдийн зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тус тус тээвэрлэж буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8 “Суудлын автомашинд болон ачааны автомашины бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална”, 23.9 “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, 11.4 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, улмаар мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэснийг зөрчиж Н.Л-рын жолоодож явсан 96-76 УЕЕ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Л.Э-ны эрүүл мэндэд нь зүүн умдаг ясны доод салаа, суудал яс, зүүн шуу ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун зүүн бугалга, цээж, эрүүний баруун хэсэг, хүзүүнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн үед Приус 20 маркийн 12-38 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод эхнэр З, охин М, хүү Ц, хамаатны эгч Э, түүний нөхөр Г нарын хамт Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Хэнтий аймгийн Мөрөн сум өнгөрөөд явж байтал зам дээр нэг ах гар өргөөд зогсож байхаар нь зогстол “машин эвдэрсэн, энэ хоёр хүнийг аваад яваач” гэж гуйсан. Залуу нь хөгжлийн бэрхшээлтэй бололтой ээж нь гээд настай хүн байхаар нь зам дээр үлдээгээд яахав гээд машиндаа суулгаад явсан. Багануур дүүрэг өнгөрөөд хэсэг яваад урдаа яваа машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд замын ховил таарахаар нь буцаж эгнээндээ орох гэсэн боловч хурдаа хасаж амжилгүй урд явсан Портер маркийн машины хойноос мөргөсөн. Тэр мөргөлтөөс миний хөлийн яс хугарсан бөгөөд машинаа зогсоох гэж тоормос гишгэсэн боловч хөл хугарсан учир олигтой гишгэж болохгүй байж байгаад машин замаас гарч унасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 88-р хуудас/,

Гэрч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...би “Хорин бугатын даваа” ХХК-нд авто инженерээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Манай компани тээврийн хэрэгсэлд кузов засвараас бусад бүх засвар хийх мөн оношилгоо хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ хэрэгт холбогдох хоёр тээврийн хэрэгсэлд хийсэн оношилгоог би өөрөө хийсэн, үнэн зөв дүгнэлт гаргасан. Хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдсэн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

               Хохирогч Л.Э-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

              Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/,

              Г.М-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/,

              М.З-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/,

              Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,

              Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,

              Н.Л-рын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/,

              Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 7712, 7568, 7569 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 92, 105, 115-р хуудас/,

              “Хорин бугатын даваа” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 21, 27-ны өдрийн Автомашины хөдөлгүүр, явах ангийн оношилгоо /хх-ийн 148, 151-р хуудас/,

              Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 18189, 18190 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 152, 165-р хуудас/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол гарсан газрыг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх-ийн 4-13-р хуудас/,

              Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Б-ын 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай магадлагаа /хх-ийн 174-175-р хуудас/,

              Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн лавлагаагаа /хх-ийн 214-р хуудас/,

              Зам тээврийн осол гаргасан жолооч, зорчигч нараас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 223-р хуудас/,

              Шүүгдэгч М.Ч-хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, баримт /хх-ийн 23-67-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 195-234-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Б-, Б.Э-, Н.Л-, ”Бичил Глобус Финанс” ХХК нарын шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.Ч нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах Хужиртын гүүрний орчим 12-38 УНЭ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Л.Э, Б.Г, Б.Э, Ш.Б нарыг хамгаалах бүс зүүлгээгүй, Ч.Ц, Ч.М нарыг хүүхдийн зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тус тус тээвэрлэж буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8 “Суудлын автомашинд болон ачааны автомашины бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална”, 23.9 “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, 11.4 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, улмаар мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэснийг зөрчиж Н.Л-рын жолоодож явсан 96-76 УЕЕ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Л.Э-ы эрүүл мэндэд нь зүүн умдаг ясны доод салаа, суудал яс, зүүн шуу ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун зүүн бугалга, цээж, эрүүний баруун хэсэг, хүзүүнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Л.Э-ны эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч М.Ч-хын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:

              - Хохирогч Л.Э-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цаана Дуутын давааны доор миний бие хүүгийн хамт замын машинд гар өргөж суусан. Тухайн машинд суухад 4 том хүн 2 хүүхэд явж байсан. Бид нар Багануур дүүрэг өнгөрөөд явж байсан ба би тэрхэн зуур унтаад өгчихсөн байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй. Нэг сэрэхэд Багануурын эмнэлэгт байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

              - Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед Багануур дүүргээс трактор худалдаж аваад танил Л-рын Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад өөрийн хүү М, Л нарын хамтаар Улаанбаатар хот руу явсан. Тэгээд “Багануур” хөшөө өнгөрөөд цаана нь байх жижиг гүүрийг дөнгөж өнгөрөөд явж байтал машин доргиод замын хажуу руу гарах үед нь би сандраад жолооны үрүүлээс давхар бариад хөдөлгөөгүй. Тэгээд манай машин чигээрээ явсаар байгаад тал дээр зогссон. Би машины хойд талын дугуй хагарчихлаа гэж бодоод буугаад харахад манай машины хойд талын тэвш доош унжсан байдалтай байсан. Тэгээд анх доргилт болсон газар яваад очиход замын эсрэг талд саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл уначихсан, дотроос нь олон хүмүүс гараад ирчихсэн, мөн бага насны хоёр хүүхэд байсан. Тэгээд бид нар эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тухайн хүмүүсийн зарим нь их гэмтсэн харагдсан ба эмнэлэгийн машин ирээд тухайн хүмүүсийг аваад явсан. Сүүлд харахад миний сууж явсан машины тэвш хэсгийн доор саарал өнгийн карлан өлгөгдчихсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/,

              - Г.М-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед Багануур дүүргээс трактор худалдаж аваад Л ахын Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад өөрийн аав Х.Г, танил ах Лнарын хамтаар Улаанбаатар хот руу явсан. Бид “Багануур” хөшөө өнгөрөөд цаана нь байх жижиг гүүрийг дөнгөж гараад явж байтал машин хойноос мөргөөд, маш хүчтэй доргилт мэдрэгдэж замын баруун хажуу руу үсрээд гараад явчихсан. Машиныг зогсоох гэсэн боловч зогсохгүй хэсэг явж байгаад зогссон. Бид нар буугаад харахад манай машины тэвш доош унжсан байдалтай, саарал өнгийн карлан тэвшний доод талд зүүгдсэн байсан. Тэгээд эргэн тойрноо хараад зам руу очиход замын эсрэг талд саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл уначихсан, дотроос нь олон хүмүүс гараад ирчихсэн, зарим нь суучихсан, зарим хүмүүс нь хэвтчихсэн байдалтай байсан. Бид нар эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн бөгөөд эмнэлгийн машин ирээд тухайн хүмүүсийг болон манай машиныг барьж явсан Л ахыг аваад явсан. Тухайн үед Л ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай машин трактор ачиж явсан учир 40-50 км/цагийн хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/,

              - М.З-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед нөхөр Ч, охин М, хүү Ц, эгч Э, ах Г нарын хамт Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Хэнтий аймаг өнгөрөөд явж байхад зам дээр машин нь эвдэрсэн бололтой 2 хүн гараа өргөөд манай машинд суугаад явсан. Багануур дүүрэг өнгөрөөд гүүрний хавьцаа манай хоёр хүүхэд миний өвөр дээр суусан. Би охиныхоо нүүрийг оролдоод явж байхад нэг харсан чинь Портер маркийн автомашин манай машины хамар дээр тулаад ирсэн. Тэгээд юу болсныг сайн санахгүй, машин маань өнхөрч байгааг мэдэрсэн. Тэр үед би хоёр хүүхдээ чанга тэврээд тоошоо тонгойчихсон. Манай эгч Э бууж ирээд хаалга онгойлгоод хүүг маань авч, би охиноо тэврээд машинаас буусан. Манай нөхрийг замын хажууд зогсож байсан хүмүүс татаж гаргасан ба манай нөхөр хөлөө бариад орилоод байсан. Тухайн замын хажууд байсан хүмүүс түргэний машин дуудсан гэсэн ба түргэн тусламж ирээд биднийг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/,

              - Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “Сүхбаатар аймгаас өглөө 10 цаг өнгөрч байхад үеэл дүү Ч-ын Приус 20 маркийн 12-38 УНЭ улсын дугаартай машинтай үеэл дүү Ч, түүний эхнэр З, түүний хоёр хүүхэд М, Цэцэн, би, манай нөхөр Г нарын 4 том хүн 2 хүүхэд Улаанбаатар хотруу явж байсан. Хэнтий аймгийн Мөрөн сум өнгөрөөд явж байтал зам дээр хоёр хүн гар өргөөд зогсож байсан. Машин нь эвдэрчихсэн гээд манай машинд гуйж суусан. Тэгээд бид цааш явж байгаад Багануур дүүрэг өнгөрөөд хэсэг яваад гүүр дөнгөж гараад Портер маркийн машины хойноос мөргөсөн. Тэгээд манай машин замын хажуу тал руу унасан, ойролцоогоор замын эсрэг тал руу гурав өнхөрөөд дөрвөн дугуйн дээрээ босож зогссон. Би баруун талын хаалган талд сууж явсан тул хаалгаа онгойлгоод буусан, хойноос манай нөхөр замаас суусан хоёр хүнийг эсрэг талын хаалгаар буулгасан. Хүүхдүүд ээжийнхээ өвөр дээр суучихсан байсан. Жолоо барьж байсан дүү маань хөлөө хөдөлгөж болохгүй байна гээд замаар явж байсан хүмүүс зогсож туслаад жолоочийг өргөж гаргасан. Тухайн хүмүүс эмнэлэг болон цагдаа дуудсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,

              - Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Би эхнэр хоёр дүүгийн хамт Сүхбаатар аймаг руу гурван хүүхдээ хүргэж өгчихөөд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу буцаж явахад Хэнтий аймаг өнгөрөөд 2 хүн гараа өргөөд машин зам дээр зогсож байсан. Тухайн 2 хүнийг аваад цааш хөдөлж Багануур дүүрэг өнгөрөөд нэлээн явж байгаад гүүр өнгөрөөд манай машин портерийн араас орсон. Би ард талд сууж явсан болохоор анзаараагүй. Гэнэт л мөргөөд замын эсрэг тал руу 2-3 удаа өнхөрсөн, тэгээд дугуйн дээрээ босож зогссон. Манай эхнэр түрүүлж гараад би хойноос нь гарч урд талын хаалга онгойлгож дүүгийн охиныг авсан. Бид бүгд манарсан, шоконд орсон. Үйл явдал хоромхон зуурт хурдан болоод өнгөрсөн. Жолооч дүүг маань зам дээр байсан хүмүүс гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,

              - Н.Л-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...би 2023 оны 6 дугаар сарын 05-ны 15 цаг өнгөрч байхад Х.Г, түүний хүү Г.М нарын хамтаар Багануур дүүрэгт ирж хүнээс трактор худалдаж аваад тухайн трактороо 96-76 УЕЕ улсын дугаартай Портер машиндаа ачаад 19 цагийн үед Багануур дүүргээс Улаанбаатарын чиглэлд хөдөлсөн. “Багануур” хөшөө өнгөрөөд жижиг гүүр гарах үедээ хурдаа хасаад гарсан. Тэгээд толиндоо харахад хойно саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл нэлээн зайтай явж байгаа харагдсан. Гүүрээ өнгөрөөд явж байтал хойноос хүчтэй доргилт мэдрэгдээд би хэсэг ухаан алдсан. Гэнэт сэрэхэд Г ах, М хоёр “хаазан дээрээс хөлөө ав” гэсэн ба би тормоз гишгэж машинаа зогсоосон. Тухайн үед машинаас буухад миний толгой эргээд байсан. Манай машин замын баруун тал руу гарч нэлээн хол явсан байсан. Тэгээд Г ах “хойноос ирсэн саарал машин манай машиныг мөргөөд замын нөгөө тал руу уначих шиг боллоо” гэсэн. Миний толгой эргээд байсан учир хэсэг сууж байгаад зам руу очсон. Тэгтэл замын зүүн тал руу саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон, дотор нь байсан хүмүүс гараад суучихсан, зарим нь хэвтчихсэн байдалтай байсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/,

              - Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 7712 дугаартай “1. Л.Э-ны биед умдаг ясны доод салаа, суудал яс, зүүн шуу ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун зүүн бугалга, цээж, эрүүний баруун хэсэг, хүзүүнд цус хуралт, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 92-р хуудас/,

              - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол гарсан газрыг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх-ийн 4-13-р хуудас/,

              - Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Б-ын 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай “...жолооч М.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 3.4 б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8 “Суудлын автомашинд болон ачааны автомашины бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална”, 23.9 “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, 11.4 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх-ийн 174-175-р хуудас/,

              - Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 214-р хуудас/,

              - Зам тээврийн осол гаргасан жолооч, зорчигч нараас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 223-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ч-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

              Улсын яллагч С.Б-с: “...шүүгдэгч М.Чинтогтохыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч М.Ч: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

М.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол, аваар гарах, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч М.Ч-ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Дээрх зам тээврийн ослоос хохирогч Л.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 7712 дугаартай дүгнэлт /хх-ийн 92-р хуудас/-ээр,

Иргэний нэхэмжлэгч Ш.Б, Б.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 7568, 7569 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 105, 115-р хуудас/-ээр, Н.Л-ын эзэмшлийн 96-76 УЕЕ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэлд 2,220,000 төгрөгийн хохирол, хуулийн этгээд ”Бичил Глобус Финанс” ХХК-ийн эзэмшлийн 12-38 УНЭ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд 12,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 18189, 18190 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 152, 165-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Л.Э-наас “...иргэн М.Ч-хын зүгээс эмчилгээний зардалд 1,300,000 төгрөгийг өгсөн. Миний бие болон хүү Ш.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар, мөн иргэний нэхэмжлэгч Б.Э-с “М.Ч-д холбогдох эрүүгийн хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, Н.Л-с “Иргэний нэхэмжлэгч Н овогтой Л би иргэн Ч-с хохирол барагдуулах журмаар 1,300,000 төгрөг дансаар хүлээн авсан нь үнэн болно. Цаашдаа гаргах гомдол, санал байхгүй” гэх, мөн ”Бичил Глобус Финанс” ХХК-иас “...зээлдэгч М.Ч-х нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлээ бүрэн төлж дууссан тул автомашиныг буцаан өөрийнх нь нэр дээр шилжүүлэх талаар мэдэгдсэн. Иймд М.Ч-с нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбаруудыг /шүүхийн шатанд ирүүлсэн/ тус тус шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүл мэндийн даатгалын сангаас Ш.Б 885,000 төгрөгийн, Ч.М 322,000 төгрөгийн, Ч.Ц 322,000 төгрөгийн, М.З 322,000 төгрөгийн, М.Ч 1,962,200 төгрөгийн, Б.Г 161,000 төгрөгийн, Б.Э 322,000 төгрөгийн, Н.Л 322,000 төгрөгийн, Г.М 436,000 төгрөгийн, нийт 5,054,200 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс 5,054,200 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.  

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж М.Ч-с 5,054,200 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх хугацаанд М.Ч-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх үүргийг хүлээлгэх санал гаргаж байна” гэв.

Шүүгдэгч М.Ч-х: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би өөрийн амьдарч байсан хашаагаа зараад хохирол төлбөрийг барагдуулсан. Би өөрөө хөл хугарсан учир ажил хийх боломжгүй байгаа, эхнэр маань бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Иймд торгохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргав.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдож байгаа эсэхийг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн нөхцөл байдлыг харгалзан М.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц лам овгийн М-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц л овгийн М-ын Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-д шүүхээс оногдуулсан 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариагийн 3-р гудамж 02 тоотод орших хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцож хорих ялаар солихыг М.Ч-д тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Л.Э-д 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Л-т 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөг тус тус төлсөн болохыг баталж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ хэрэгт холбогдуулан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-с 5,054,200 /таван сая тавин дөрвөн мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН