| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00647/И |
| Дугаар | 00206 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 00206
| 2020 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2020/00206 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс таур .. давхар, П ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 1-.. айлын орон сууц, .. тоотод оршин суух, дугаарын регистртэй, Дарам овогт Бадамын Одончимэгт холбогдох 5,881,704 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цоггэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Одончимэг нь Ховд аймгийн Улаан загалмайн хороонд нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,50%-ийн хүүтэйгээр Капитал банкнаас зээлж авсан боловч 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 2014 оны 11 дүгээр сараас хойш зээлийн төлбөрөө төлж чадахгүй, үүргийн зөрчил үүсгэсэн. Зээлдүүлэгч Капитал банк нь манай даатгалын компанитай 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба Б.Одончимэг нь зээлийн хугацаа хэтрэлт 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Капитал банкны нөхөн төлбөр хүссэн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 618, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/1418 дугаар албан тоотуудыг хүлээн авч, компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 09ний өдрийн 3011501331 дүгээр тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 5,881,704 төгрөгийг Капитал банк ХХК-д төлсөн. Иймд хариуцагч Б.Одончимэгээс 5,881,704 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Одончимэг нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1,5 хувийн хүүтэйгээр Капитал банкнаас зээл авсан байдаг. Б.Одончимэг нь зээл авахдаа Ховд аймгийн Улаан загалмайн хороонд нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажпаас чөлөөлөгдөж. 2014 оны 11 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлтөө төлөхөө байж үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч Капитал банк нь манай даатгалын компанитай 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн гэрээ байгуулсан ба зээлдэгч Б.Одончимэг нь ажпаас чөлөөлөгдөж зээлийн хугацаа 30 хоногоос хэтэрснээс даатгалын тохиолдол бий болсон.Ийнхүү Капитал банк нь нөхөн төлбөр үүссэн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 618, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 8/1418 тоот албан тоотуудыгхүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 3011501331 дугаартай тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 5,881,704 төгрөгийг капитал банканд төлсөн байдаг. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, цалингийн зээлийн эрсдэлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх капитал банканд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай даатгалын компанид шилжсэн билээ. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байх тул Б.Одончимэгээс 5,881,704 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч Б.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Одончимэг миний бие нь Капитал банкны Ховд салбараас 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тэр үед миний бие нь Ховд аймгийн Улаан загалмайн хороонд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Цалингийн зээлээ хэвийн хэмжээнд төлж байгаад 2013 оны 07 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөөд зээлийг төлж чадахгүй эрсдэл бий болсон. Тухайн үед зээл авахад Капитал банк нь даатгалын төлбөар гэж зээлээс тодорхой хувийг суутган авсан. Зээлийг төлөх орлоггүй болсон тухайгаа Капитал банкинд мэдэгдэхэд зээлийн эдийн засагч нь эрсдлийн санд оруулах талаар анхаарч үзье гэж хэлсэн. Удалгүй надад таны даатгалаас зээлийг нөхөн төлүүлсэн гэдгийг мэдэгдсэн. Гэтэл П нь надаас зээлийн төлбөр нэхэж шүүхэд ханджээ. Даатгалын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго нь даатгуулагч иргэн эрсдэлд орсон тохиолдолд эрсдлийг хариуцах үүргийг хүлээдэг гэж ойлгож байна. Б.Одончимэг миний бие нь сонсголын бэрхшээлээр 60 хувийн группд байдаг. Орлого багатай. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цоггэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Одончимэг нь Капитал банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөгийн цалингийн зээлийг2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийгхүртэл 3 жилийн хугацаатай аваад сар бүр зээлээ тогтмол төлж байсан. 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон тооны цомхтголоор халагдсан тул цаашид зээлээ хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухайгаа Капитал банкны эдийн засагчид танилцуулахад танд даатгалын тохиолдол бий болсон та даатгалтай юм чинь даатгалаар шийдэгдэнэ гэсэн хариу өгсөн. Анх 6,900,000 төгрөгийн зээл авах үед Капитал банк Б.Одончимэгээс даатгалын эрсдэлийн хураамж суутгаж авсан. Энэ нь материал дотор байгаа. Б.Одончимэг нь даатгуулагч учраас П ХХК-ийн нэхэмжилж байгаа 5,881,704 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Даатгалын байгууллага эрсдэлээ өөрөө хариуцдаг байгууллага болохоос даатгалаар төлөгдсөн хохирлоо буцааж авдаг байгууллага биш гэдэг нь нийтэд ойлгомжтой илэрхий баримт юм. Орон гэргүй болсон даатгуулагчид нөхөн төлбөр өгчхөөд буцааж нэхэж авдаггүй биз дээ. Бусдын машиныг мөргөсөн жолооч өөрөө буруутай ч гэсэн хохирлыг даатгал төлдөг. Б.Одончимэг нь одоо Улаан загалмайн төрийн бус байгууллагад ажилладаг. Элдэв татаас төсөвгүй өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг тул цалин тогтмол биш. Өнөөдрийн байдлаар Хаан банкинд 2,000,000 төгрөгийн өртэй байгаа тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Б.Одончимэг нь даатгалын хураамж төлсөн бөгөөд даатгалын хуулийг зөрчөөгүй. П ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийн буруутай этгээд биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Б.Одончимэгт холбогдуулан 5,881,704 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Одончимэг нь ...Тухайн цалингийн зээлийн эрсдлийн даатгалын П ХХК болон Капитал банк хоёрын хооронд байгуулсан. Б.Одончимэгтэй байгуулаагүй, Даатгалын байгууллага эрсдэлээ өөрөө хариуцдаг байгууллага болохоос даатгалаар төлөгдсөн хохирлоо буцааж авдаг байгууллага биш ... гэж маргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдийн тайлбараас үзэхэд П ХХК нь хариуцагч Б.Одончимэгт цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 30/1501331 дугаартай нөхөн төлбөр олгох тухай тушаалаар Капитал банкинд 5,881,704 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
Хариуцагч Б.Одончимэг нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Капитал банкинд 40,463.12 төгрөгийг Цалингийн зээлийн даатгал төлөв Одончимэг гэх төлбөрийн утгатайгаар П ХХК-ийн .. тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 63-64 дүгээр хуудас/
Капитал банк ХХК болон П ХХК-ийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ЦЗЭ 30С1200335 дугаартай цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 6-9 дүгээр хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.
Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Одончимэгт холбогдох 5,881,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын банкны 100160000945 тоот дансанд төлсөн 109,100 /нэг зуун есөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Одончимэгт холбогдох 5,881,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын банкны ... тоот дансанд төлсөн 109,100 /нэг зуун есөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ