Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00018/И |
Дугаар | 00207 |
Огноо | 2020-04-01 |
Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 00207
2020 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2020/00207 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, Б овогт Ж-ийн Ч / /-ын нэхэмжлэлтэй,
садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ж.Ч нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лувсандондогийн Жамц нь 1938 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улс төрийн хэргээр баривчлагдан онцгой бүрэн эрхт комиссын 1939 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаар хурлын шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар магадлалаар цагаатгасан юм. Лувсандондог овогтой Жамц нь миний төрсөн аав юм. Иймд Тагнуулын Ерөнхий газрын архивын лавлагаа, Үндэсний архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Лувсандондогийн Жамцын төрсөн хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Лувсандондогийн Жамц нь 1938 оны 10 дугаар сарын 10-нд улс төрийн хэрэгт баривчлагдан 1939 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Онцгой бүрэн эрхт тусгай комиссын 2 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч Л.Жамцад холбогдох хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаартай магадлалаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05/6650 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Бүргэдүүд овогт Жамцийн Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Лувсандондогийн Жамцийн төрсөн хүү мөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 114/007260 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа А, гэрч Д.Жавзан, Ж.Алтангэрэл нарын тус шүүхэд өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаартай албан бичиг, зууны мэдээ сонины эх хувь, Бүгд найрамдах Монгол ард улсын Японыг ялсны төлөө медалийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Иймд нэхэмжлэгч Бүргэдүүд овогт Жамцийн Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Лувсандондогийн Жамцийн төрсөн хүү мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Бүргэдүүд овогт Жамцийн Ч / / нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Лувсандондогийн Жамцийн төрсөн хүү мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ