Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

  

 

     2023       09         12                                       2023/ШЦТ/92

                 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Б.Д,  

Улсын яллагч                                                Н.Х,

Хохирогч                                                       Б.Ч,

Шүүгдэгч                                                        Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т-т холбогдох эрүүгийн 2304001070083 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот  Багануур дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  автомашины засварчин мэргэжилтэй, “Ялгуун” ХХК-д автомашины засварчин  ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Багануур дүүргийн 5 дугаар хороо, ............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, М овогт Б-н Т /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэн голын Улаан эрэг гэх газарт найз Х.М-г өмөөрсөн гэсэн ялихгүй зүйлээр шалтаглан хохирогч   Б.Ч-н эрүүн тус газарт гараараа нэг удаа цохиж улмаар хохирогчийн эрүүл мэндэд 31, 32, 41, 42 дугаар шүдний ганхалт, доод уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

            - Шүүгдэгч Б.Т-н шүүх хуралдаанд өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, миний буруу. Мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

         - Хохирогч Б.Ч-н шүүх хуралдаанд өгсөн: “... 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би Д, Д гэх 2 найзтайгаа Хэрлэн гол гарахаар машинтайгаа явж байсан. Гэтэл Э /М / гэх залуу машинаараа миний машины урдуур шахаж орж ирсэн. Тэгээд намайг буугаад ир гэхээр нь би буугаад очсон чинь Т гэх залуу нь намайг цохьсон. Би Т гэх залууг огт танихгүй, ямар ч маргаан үүсгээгүй байхад намайг цохисныг нь ойлгохгүй байна. Цохиулснаас болж миний үүдэн 4 шүд гэмтсэн. Эмчийн дүгнэлтээр 2 шүд нь ёзоороор хугарсан учир 6 сарын дотор харлаж унана, эмчилгээ хийгээд нэмэргүй гэсэн. Унахаар нь би 2 имплянт шүд хийлгэнэ. Улаанбаатар хотод 100 айлын шүдний эмнэлэгт хийлгэх гэж байгаа, 1 имплянт шүдийг 2,700,000 төгрөгөөр хийдэг юм байна лээ. Тиймээс шүүгдэгчээс шүд хийлгэх зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/,

- Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

- Насанд хүрээгүй О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

- Насанд хүрээгүй Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 55-64-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэн голын Улаан эрэг гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Ч-н эрүүн тус газарт гараараа нэг удаа цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            -  Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад байхад найз Д, Д нарын хамт бид 3 Хэрлэн голын Улаан эрэг гэх газар очиж голд сэлчихээд буцаад машиндаа суугаад хөдлөөд явж байхад Приус 20 маркийн саарал өнгийн машин манай машины урдуур шахаад, урд тэгнээд зогсчихсон. Урд машины жолооч бууж ирээд намайг “буугаад ир” гэсэн. Тэгээд би буугаад очиход надад хандаж “Чи яагаад байгаа юм бэ, яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний цээж хэсэг рүү 1 удаа түлхсэн. Би “яах гээд байгаа юм” гэж хэлсэн чинь манай найз Д-н танил Т гэх залуу шууд ирээд миний уруулын доод хэсэг рүү 1 удаа цохисон. Би амаа дараад доош суусан чинь амнаас цус гарсан. Миний 2 шүд хойшооноо хугарсан байдалтай байсан. ...Тухайн үед хэрүүл маргаан хийгээгүй. Шалтгаангүйгээр намайг цохисон. ...хувийн шүдний эмнэлэгт имплант шүд хийлгэхэд 1 шүдийг 2,750,000 төгрөг гэж байсан. Надад одоо нэхэмжлэх баримт байхгүй. Магадгүй 6 сарын дараа миний шүд унавал би дээрх өртгөөр шүдээ янзлуулна. Энэ мөнгийг би Т-с гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9-р хуудас/,

- Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед найз охин Н-той уулзах гээд найз Т-ийн хамт Хэрлэн голын Улаан эрэг гэх газар очиход манай найз охин Ч-той хамт байж байсан. Найз охинтойгоо уулзаад хоорондоо маргалдаад, би уурлаад буцаж явж байхад Ч найзуудтайгаа машинтай хойноос ирээд урдуур ороод зогссон. Би машинаас буугаад “чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд Ч машинаасаа буугаад надад хандан “ална шүү, яах гээд байгаа пизданууд вэ” гэж хэлсэн. Ч миний шилэн хүзүүнээс хүзүүдээд намайг цааш бага зэрэг аваад явахад манай найз Т хүрч ирээд Ч-г эрүү хэсэгт баруун гараараа 1 удаа цохиод бид 2 яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

- Насанд хүрээгүй О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз Ч, Д нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан эрэг рүү Ч-н аавын машинтай явсан. Тэнд очоод гол дээр сэлж байгаад гэртээ харих гээд машинд суугаад явж байтал бид нарын араас цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж ирээд зам хашиж зогссон. Тэгэхээр нь Ч бид 2 машинаас буухад зам хашиж зогссон машинаас манай гэртэй ойролцоо байдаг байсан Т гэх залуу танихгүй хүний хамт буугаад ирсэн. Би Т-ай юм яриад зогсож байхад Ч нөгөө залуутай юм яриад зогсож байсан, гэнэт тэр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Гэтэл Т надтай юм ярьж байснаа болиод тэр хоёр дээр очиж шууд Ч-н нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан. Ч дээр очиход амнаас нь цус гарсан, доод 2 шүд нь цаашаа цөмрөөд орсон байсан. Ч-н машинд Д 2 эмэгтэй хүүхдийн хамт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 - Насанд хүрээгүй Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би найз болон эгчийнхээ хамт Хэрлэн гол дээр байж байгаад найз Д, Ч хамт машинтай нь Наран хороолол руу буцаад явж байсан чинь бид нарын араас нэг машин сигналдаад урдуур дайрч зам хааж зогсоод тухайн машинаас танихгүй 2 эрэгтэй хүн бууж ирээд манай найз Ч-ой юм яриад зогсож байснаа Т гэх залуу манай найз Ч-н нүүр хэсэг рүү нэг удаа л цохисон. Манай найзын хувьд урдаас нь эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд тухайн хоёр залуу машиндаа суугаад яваад өгсөн. Манай найзын доод эрүүний үүдэн хоёр шүд нь цаашаагаа чихэгдчихсэн байсан. Тэгээд доод уруул нь цоорчихсон байсан ба амнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай “1.Б.Ч-н биед 31, 32, 41, 42-р шүдний ганхалт, үрэвсэл, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх, шүдний ганхалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “ Хэрлэн голын “Улаан эрэг” гэх газар Т гэх залуу миний нүүр хэсэгт шалтгаангүй цохьсон” гэжээ /хх-ийн 3-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”  гэв.

Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Ч-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 35-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “...Цохиулснаас болж миний үүдэн 4 шүд гэмтсэн. Эмчийн дүгнэлтээр 2 шүд нь ёзоороор хугарсан учир 6 сарын дотор харлаж унана, эмчилгээ хийгээд нэмэргүй гэсэн. Унахаар нь би 2 имплянт шүд хийлгэнэ. Улаанбаатар хотод 100 айлын шүдний эмнэлэгт хийлгэх гэж байгаа, 1 имплянт шүдийг 2,750,000 төгрөгөөр хийдэг юм байна лээ. Тиймээс шүүгдэгчээс шүд хийлгэх зардлаа нэхэмжилнэ”  гэжээ.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт ”Хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө” гэв.

 Шүүгдэгч Б.Т-н зүгээс хохирогчид хохирол төлбөр төлөөгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Б.Ч нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай хобогдуулан цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх ба холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.Ч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэг хүлээлгэх саналтай.” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй”  гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж, мөн улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М овогт Б-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Б-н Т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.Т-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Т-т тайлбарласугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.Ч нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдуулан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.Т-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН