| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/1008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1026 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,
улсын яллагч: С.Батгэрэл,
хохирогч: Н.Б,
шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, ************** тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт ********* /РД:**********/,
Монгол Улсын иргэн, ************-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, СХД- ийн ****р хороо, ******* *********-р байр ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” караокены 3 давхарт хохирогч Н.Б-ын нүүрэн тус газар нь цохиж баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт хамарт зулгаралт баруун нүдний дээд зовхи, дээд доод уруул, дух, хацар, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” караокены 3 давхарт үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б-той маргалдан улмаар нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж биед нь “баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт хамарт зулгаралт баруун нүдний дээд зовхи, дээд доод уруул, дух, хацар, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023.07.04-ний орой 22 цагийн үед жоохон халамцуу гэр рүүгээ харих гээд автобусанд явж байгаад нэг залуутай танилцсан. Тэр залуу бас жоохон халамцуу байсан ба бид 2 автобуснаасаа буугаад караоке орохоор болсон. 23 цагийн үед *********** хорооны нутаг дэвсгэрт байрлах ************** караокед танилцсан залуутай хамт орсон. Ороод бид 2 100 грамм татсан. Би 2023.07.01-нд Бээжинд аялж яваад ирсэн. Бээжингийн талаар "юань гүрэн, мин гүрэн, чин гүрэн, хятад улсын талаар ярьж байсан. Тэгтэл үл таних 3 эмэгтэй манай ширээн дээр ирж суусан. Бид 5 юм яриад сууж байтал гэнэт нэг том биетэй эмэгтэй нь "энэ залуу өвөр монгол юм байна" гээд нүүр рүү гараараа цохьчихсон. Удалгүй тэр 3 эмэгтэй намайг хужаа юм байна гээд нүүр рүү өшиглөөд цохиод байсан, сүүлдээ намайг хүний наймаачин болгосон. Удалгүй цагдаа нар ирсэн. Би тэр үед босож чадахгүй байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тухайн өдрийн үйл явдлыг сайн санахгүй байна Согтуу байсан болохоор хэн яаж цохисныг сайн санахгүй байна...” гэх /хавтаст хэргийн 14 дэх тал/,
- Гэрч Б. Ба мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023.07.04-ний 20 цагийн үед ажил дээрээ байхад манай эгч Мөнхжаргал “тарах болж байна уу, тарахаараа ********* караокед ороод ир гэсэн”. Би 2023.07.04-ний 21 цагийн үед караокед ороход манай эгч ********, ээж ********нар вип өрөөнд дуулаад, уугаад сууж байсан. Гаднаас манай эгч *******л хоол авчирч ирээд бөөндөө хоол идсэн. Идэж дуусаад манай ээж ******* гэр рүүгээ явсан. Бид 3 үлдээд дахиж нэг цаг дуулсан. Цагаа дуусгаад гурвуулаа өрөөнөөсөө гарсан. Би ариун цэврийн өрөө орчихоод гараад иртэл текний урд манай эгч ******* танихгүй ах нартай маргалдаж байсан. Тэгэхээр нь би болиулах гээд очтол хамт явж байсан залуу нь “чи юу юм” гэхээр нь тэр залуутай барьцалдаад шатны хонгилд байж байтал “цагдаа нар ирж байна” гэтэл тэр залуу гараад гүйчихсэн. Би буцаж ортол манай эгч ****** үл таних ах нартай маргалдаад байж байсан. Удалгүй цагдаа орж ирсэн. Миний харснаар манай эгч ************тухайн хүнийг алгадаж байсан. Эгч Хулан тэр хүнд гар хүрээгүй, тухайн маргалдаж байх үед зөөгч болиулах гээд оччихсон байсан. Би 2 лааз пиво уусан, манай эгч болон тухайн үл таних ах нилээн согтсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч **********2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8630 дугаартай:
“...1. Н.Бын биед баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, дээд, доод уруул, дух, хацар, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн үед ээж ******, эгч ******* хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** караоке орсон. Караокед орж хоёр цаг дуулаад, архи, пиво авч уусан. Дүү ********** ээжийг хүргүүлэх гэж дуудсан. Ахиад нэг цаг аваад цаг нь дуусаж байхад манай дүү ****** ирээд ээж *************зөрөөд явсан. Би эгч ******, дүү ***** хамт дахиж нэг цаг дуулаад нэлээн согтоод караокеноос гарсан. Тооцоогоо хийчихээд тек нь дээр байж байтал үл таних 2 хүн сууж байсан. Нэг хүн нь утсаараа 12,13 настай охин дуудна” гээд яриад байж байсан. Тэгэхээр нь би “муу хужаа нар Монголын охидоор тоглох гэлээ” гээд наад талд нь сууж байсан арай ахимаг настай хүнийг цохиод авсан. Тэгтэл эгч, дүү ирж салгаад бужигнаан болсон. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн машинд суулгасан байсан. Би согтуу байсан учраас сайн санахгүй байна...” гэж /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62-63/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 64/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 65/, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 67-89/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед амралтаа авсан ажлынхаа газрын хүмүүстэй баяраа тэмдэглэсэн. Автобусаар явж байгаад үл таних залуутай танилцсан. Тэгээд бааранд оръё гэхээр 21-р хороололд байрлах бааранд орсон. Тэгээд юм ярилцаад сууж байхад гурван эмэгтэй ирсэн. Тэгээд юунаас болсон юм бол Хужаа гээд эхэлсэн. Нэг эмэгтэй хүнд зодуулаад ийм шарх сорви үүсэхгүй ээ, гурвуулаа цохисон байх” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч ********2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8630 дугаартай хохирогч Н.Б-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “гурван эмэгтэй зодсон байх” гэж мэдүүлсэн ч гэрч Б.Батбаярын “би буцаж очтол манай эгч ******** үл таних ахтай маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/, Б.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.М нь хохирогч Н.Б-ыг цохиж эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Н.Б-ын нүүрэн тус газар гараараа цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.Б нь баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй ч шүүхийн хэлэлцүүлэгт 1 сая төгрөг гаргуулахыг хүсэж байна гэсэн болно.
Гэвч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүнийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “2.Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.М нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.М-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Б.М-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****овогт ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас гарсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА