Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 239

 

 

 

 

 

 

  2020             02            20                                      2020/ДШМ/239                                       

 

Б.З-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

            яллагдагч Б.З-гийн өмгөөлөгч С.Давааравдан,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг  үндэслэн Б.З-д холбогдох 1903010570488 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овгийн Б-ы З, Өмнөговь аймгийн Сэврэй суманд 1995 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Этүгэн” Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 000 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б.З- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Жасиун” төвийн баруун талын замд “Toyota Lexus-250” загварын 68-65УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын “Хэвтээ тэмдэглэл” гэсэн Нэгдүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно ...” гэж заасныг зөрчин буцаж эргэх хөдөлгөөн хийсний улмаас М.О-ын жолоодон явсан “Toyota prius-20” загварын 96-58УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Б.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... 1. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 421 тоот дүгнэлтэд ... осол хэрэг гаргасан хоёр тээврийн хэрэгслийн жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн буруутай гэсэн атлаа ... дүрэм зөрчсөн М.О-ыг эрүүгийн хариуцлагад яагаад татаагүй нь ойлгомжгүй байна ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэлүүдийг тодорхойлсон байх ба Тээврийн цагдаагийн албаны шинжээч, цагдаагийн ахмад Н.Шинэбаатарын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 421 тоот дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш байна ... Toyota-Prius загварын 96-58УБХ улсын дугаартай тээврийн ... хэрэгслийн жолооч осол гарах тухайн цаг үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дахин шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах замаар шалгаж, тогтоох шаардлагатай байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан талаар яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж байна. Тухайлбал, яллагдагчийн өмгөөлөгч С.Давааравдангаас Тээврийн цагдаагийн газарт хандан хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэнд хэргийг шалгаж буй байгууллага, албан тушаалтнаас огт хариу өгөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “Шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах” хуулийн заалтыг зөрчиж, хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хуульд заасан гомдол гаргах эрхийг хангаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 24-ний мягмар гарагийн 14 цагт зарлагдсан Б.З-д холбогдох хэргийн шүүх хуралдаан нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хоёр шүүх хуралдаантай давхацсан тул Б.З-д холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/2291 дугаартай албан бичгийг шүүхэд хүргүүлсэн. Шүүх хуралдаан давхцсан талаар шүүгчийн туслахад 2 хоногийн өмнө утсаар урьдчилж мэдэгдсэн. Гэтэл шүүх, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн, бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг зөрчиж мэтгэлцээний нэг тал болох прокурорыг оролцуулалгүй урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Тoyota lexus-250 загварын 68-65УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтыг зөрчин үргэлжилсэн цагаан шугам даван эргэх үйлдэл хийснээс өөрийн эгнээ, чиглэлд чигээрээ явсан Toyota Prius загварын 96-58УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөр дээрх зам тээврийн осол гарсан. Зам тээврийн осол гарахад Toyota Prius загварын 96-58УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.О- 0,51% согтолттой байсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчсөн боловч уг үйлдэл зөрчлийн шинжтэй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Гэтэл шүүгч, өмгөөлөгч С.Давааравдангийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ...” гэх хүсэлтийг хүлээн авч, уг хүсэлтэд хэргийг шалгаж буй байгууллага, албан тушаалтнаас огт хариу өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Давааравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудал яригдахгүй тул мэтгэлцэх зарчмаар явагдана гэх ойлголт байхгүй. Прокурор сая А цэгийг ярьж байна. М.О- миний үйлчлүүлэгчийн автомашиныг мөргөсний дараа тормос гишгэсэн. Мөргөсний дараа тормосны мөр үүссэн болох нь харагддаг. А цэгээс наана ямар нэгэн тоормосны мөр байхгүй. Уг тоормосны мөр хоёрдугаар эгнээнд биш нэгдүгээр эгнээнд гарсан байгаа. М.О-ын жолоодож явсан автомашин Б.З-гийн жолоодож явсан автомашиныг мөргөсөн байтал Б.З- нь М.О-ын автомашиныг мөргөсөн гэж яллах дүгнэлтэд буруу бичсэн байдаг.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байх тул яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн яллагдагч Б.З-гийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Б.З-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаас үзвэл зам тээврийн осол гаргасан хоёр жолоочийн хэн аль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байхад нэгэнд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа нөгөөг нь эрүүгийн хариуцлагад таталгүй орхисон нь ойлгомжгүй, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэсэн агуулгатай гарчээ.

Замын хөдөлгөөнд оролцогч нэг, эсхүл хэд хэдэн этгээд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргасан байж болох ч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь бодит хамаарлаар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан үр дагавартай шалтгаант холбоо тогтоогдвол гэмт хэрэгт тооцохоос бус журам зөрчсөн үйлдэл бүхэн эрүүгийн хариуцлагад татах үндэслэл болдоггүй онцлогтой.

Анхан шатны шүүх, жолооч М.О-ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлахгүйгээр түүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд өмгөөлөгч С.Давааравдан мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр ямар нэгэн хүсэлт гаргаж байсан гэж үзэхээр баримт алга. Гэтэл түүний “... 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ...” гэсэн огноотой, Тээврийн цагдаагийн газарт хаягласан хүсэлтийг шүүхийн шатанд хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгээр шинжлэн судлаад мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй мэтээр үнэлж, дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасныг зөрчсөн шийдвэр болжээ.

 Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.20 дахь заалтын дагуу “талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээдийг ойлгоно. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаас үзвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг мэтгэлцээний нэг тал болох прокурорын оролцоогүйгээр хийх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.З-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэргийг дахин хэлэлцтэл Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.З-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцтэл яллагдагч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН         

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН