Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0274/З |
Дугаар | 128/ШШ2022/0167 |
Огноо | 2022-03-09 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2022/0167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ж Э” ХХК,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга,
Гуравдагч этгээд: “Б” ХХК нарын хоорондын улсын бүртгэлийн, газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, Д.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж Э” ХХК-иас Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:
- Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан \*******\, Дүнжингаравын гудамж, *******ын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-ийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох,
- Уг бүртгэлийг үндэслэж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м2 талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаарт “Б” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “0.012 га нэмэгдэв” гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох.
2. Нэхэмжлэгч “Ж э” ХХК дээрх үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа Богдхан уулын Дархан цаазат газар Зайсангийн аманд байрлах газрыг хуулийн дагуу эзэмшдэг болох нь дараах баримтуудаар харагдана. Үүнд:
- 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаар “Улсын тусгай хамгаалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээ, 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1\51 дугаар Монгол Улсын Байгаль орчны яамны харьяа Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний үндсэн дээр анх 2.8 газрыг ашиглаж эхэлжээ. \1хх 147, 150-151\
- Байгаль орчны сайдын 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А-187 дугаар тушаалыг үндэслэн Улсын тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргатай 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2010\18 дугаар “Улсын тусгай хамгаалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ. \1хх 138\
- Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын \хуучин нэрээр\ 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ж Э” ХХК-д 0.7 га газрыг 5 жилийн хугацаатайгаар дахин ашиглуулах шийдвэрийг гаргаж \1хх 128-130\, 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2013\07 дугаар газар ашиглах гэрчилгээг олгосон байна. \1хх 126-127\
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А\270 дугаар “Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” тушаалаар “Ж Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна. \4хх 21\
3. Тухайн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар:
- Иргэн О.О нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дараах өргөдлийг гаргасан байна. “Иргэн О.О миний бие ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын үйлчилгээний зориулалттай Зайсан /17032/ Дүнжингаравын гудамж, ******* хаягтай газар барилга эзэмшдэг. Уг газар дээр “М к” ХХК-тай хамтран 2 давхар дулааны ЦТП-ын барилга барьж гүйцэтгэсэн. ЦТП-ын 2 давхар барилгын 1 дүгээр давхрыг М к” эзэмшдэг ба 2 дугаар давхар болох 210.6 м2 талбай бүхий аялал жуулчлал үйлчилгээний зориулалттай хэсгийг миний бие эзэмшдэг болно. Иймд уг аялал жуулчлал үйлчилгээний зориулалттай барилгад миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэжээ. /1хх 29/ Уг хүсэлтдээ мэдүүлэг, иргэний үнэмлэх, төлбөр тооцоо хийсэн протокол, “У д с” ХК-ийн Танктай хөшөөний баруун талын ЦТП-г “М к” ХХК, иргэн О.О барьсан гэсэн албан бичиг, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаар гэрчилгээ, түүний хавсралт, 2009 оны 9-р сарын 14-ний өдрийн 1/03 дугаар гэрээ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан зураг, “Х м” ХХК-иар хийлгэсэн кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гаднаас авсан фото зураг, давхрын зураг зэргийг хавсарган өгчээ. /1 хх 29-44/
Дээрх баримт материалыг үндэслэн түүнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан \*******\, Дүнжингаравын гудамж, *******ын хоёр давхарын, үйлчилгээний зориулалттай, 210.6 мкв талбайг улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон \1хх 45\ байх бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 795.6 мкв болгон өөрчилсөн 00030944 дугаар гэрчилгээ олгогдсон байна.\1хх 49\, Түүний дараа О.О-ээс Л.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, түүний нэр дээр 00304944 дугаар гэрчилгээ олгогдсон /1хх 60/ байх бөгөөд Л.А Л.Б-д мөн бэлэглэлийн гэрээгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000450704 дугаар гэрчилгээ олгогдсон байна. \1хх 66\ Дараа нь иргэн Л.Б өөрийн компани болох “Б” ХХК руу шилжүүлэх хүсэлт гаргаснаар тус үл хөдлөх хөрөнгө дээр 000450738 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ тус компанийн нэр дээр гарчээ. /1 хх 70-78/
3. Уг маргааны талаар Захиргааны хэргийн шүүхүүдээс гарч байсан шийдвэрүүдийн талаар:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/Ш3018/0825 дугаар шүүхийн шийдвэрээр “... Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөхцөл байдлыг хуульд заасан эрхийн хүрээнд шалган шийдвэрлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн Y-******* дугаар бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. /2хх 79-87/
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0153 дугаар магадлалаар нэхэмжлэгч “Ж э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ... Y-******* дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орсон өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2 хх 123-137/
- Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоолоор “ ЦТП-ийн барилга нь байршлын хувьд 678 дугаар гэрчилгээнд нэмэгдүүлсэн газартай хамааралгүй, нэхэмжлэгч иргэний шүүхэд “М к” ХХК-ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа ““М к” ХХК-ийн барьсан “ЦТП-с барилгын дулаан болог цахилгаан хангамжийн холболтыг үнэ төлбөргүй хийлгэх, нөхөн төлбөрт 500,000,000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчтай харилцан тохиролцсоноор Хан-Уул дүүргийн иргэний шүүхийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02504... эдгээр баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий газарт цахилгаан шугам дамжуулах төвийн барилга байгууламж барихыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2 хх 158-163/
- Монгол улсын Дээд шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарсан 167 дугаар тогтоолоор “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэх тухай” 183/ШТ2020/00233 дугаар тогтоолыг тухайн хэргийн шийдэлд нөлөөлөхүйц шинээр илэрсэн нөхцөл байдлыг батлах шинэ нотлох баримт гэж дүгнэн, дээрх шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. /3 хх 20-23/
- Шинээр илэрсэн нөхцөлийг батлах шинэ нотлох баримт гэж үзсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШТ2020/00233 дугаар тогтоолоор тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02504 дүгээр “Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. /2 хх 230-231/
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны актыг дараах үндэслэлээр илт хууль бус гэж маргаж байна. Үүнд:
1) Манай эзэмшлийн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхгүй этгээдийн нэр дээр анх бүртгэж, гэрчилгээ олгож манай газар эзэмших эрхийг хөндсөн улсын бүртгэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль \2002 оны\-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9 “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр илт хууль бус гэж, тухайн бүртгэлийг үндэслэж “Батсарай” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл хууль бус гэж,
2) Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн \2002\-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2. “бичгэн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэжээ.
5. “Ж Э” ХХК-ийн захирал Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Улсын бүртгэлтэй холбоотой шаардлагын тухайд: “Ж Э” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан тоглон байруун талд байрлах дүнжингарав гудамж ******* хаягт 0,7 га газрын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2005 оноос хойш ашиглаж ирсэн. Хамгийн сүүлд 2013 оны 13/07 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээтэй 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14/0912 дугаартай гэрчилгээний дагуу ашиглаж ирсэн бөгөөд сүүлд 2019 оны 6 дугаар 07-ны өдрийн А/270 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилээр 2023 он хүртэл сунгасан.
“Ж э” ХХК нь анх 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдөр газар ашиглах 101 дугаартай гурван талт гэрээ байгуулж, 2004 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 1/52 дугаартай гэрчилгээг авснаар Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам нэртэй газар 2,8 га газрыг ашиглах эрх үүссэн. Гэтэл уг газарт иргэн О.О цахилгаан дулаан дамжуулах хангамжийн байгууламж барьж тус барилгадаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Харин хариуцагчаас мэдүүлэгт хавсарган өгсөн баримтуудыг шалган үзэлгүйгээр бусдын ашиглалтын эрхтэй газар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн байна. Гэтэл тус газарт иргэн О.О цахилгаан хангамж, дулаан хангамжийн байгууламж барьж тус газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар хандсан байсан. Харин хариуцагч тус газарт хавсаргасан баримтыг шалгаж үзэлгүйгээр бусдын ашиглалтын газарт үл хөдлөх эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Баянзүрх дүүрэгт байдаг газрын гэрчилгээг өгч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт өгч гэрчилгээ гаргуулсан байсан. Үүнийг Улсын бүртгэлийн газар холбогдох бичиг баримтыг шалгаж үзээгүй. Гэтэл тус газар нь иргэн О.О-д цахилгаан дулаан хангамжийн гэрээ байгуулж О.О-д гэрчилгээг гаргаж өгсөн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс гаргасан газрын байршил зурагт Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн газрын байршил зураг, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас ирүүлсэн манай компанийн кадастрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт зургууд хариуцагчийн хариу тайлбар зэргээс харахад О.О-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон барилга нь нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар дээр баригдсан болох нь нотлогдож байна. Бусдын газарт баригдсан барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар хандсан байхад Улсын бүртгэлийн газар үүнийг тодруулахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т зааснаар “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасан байна. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай 2013 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 13.5.1-д зааснаар тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий 2009 оны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т зааснаар “Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж заасан байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар “Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх болон түүн дээр байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх тус бүр өөр өөр этгээдэд байгаа тохиолдолд тухайн газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн эсэх талаар хэлцэл эсхүл тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна” гэж заасан.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон газар нь манай компанийн ашиглалтын газар ба, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах мэдүүлэгт заасан газар нь тус үл хөдлөх хөрөнгө орших газар биш өөр газар байгаа гэсэн үг. О.О нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингаравын гудамж ******* тоот хаягт орших ******* 2 давхрын хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 210.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хандахдаа Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 678 дугаар гэрчилгээг хавсарган өгсөн байдаг. Тус гэрчилгээний хавсралтад заасан солбицлууд нь манай компанийн газрын байршлаас өөр буюу Зайсан толгойн зүүн талд, Чингис хааны дүр бүхий уулын баруун тал буюу авто замын уулзвар дээр байршилтай бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон газраас өөр газарт байгаа нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаас тогтоогдож байна. Өөр газар байтал улсын бүртгэлд бүртгэхдээ хянаж үзээгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй байна.
Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингаравын гудамж ******* тоот хаягт орших 0.7 га газар ашиглах эрх бүхий газарт О.О 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй” гэж заасанд хамаарах бөгөөд илт хууль бус захиргааны акт юм. О.О уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Л.А-д шилжүүлж, Л.А нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Л.Б-д шилжүүлж, Л.Б нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөө “Б” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн нь бүртгэгдсэн байна. Хамаарал бүхий ах дүүс нэгэндээ бэлэглэлийн журмаар шилжүүлсэн байгаа. О.О, Л.А, Л.Б нар нь төрөл садны хүмүүс болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Ийнхүү илт хууль бус үйлдлийг үндэслэн хийгдсэн бүртгэл нь хууль бус тул одоо “Б” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм. Газар ашиглах эрхийн тухайд О.О нь Богд-Хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутаг, Зайсангийн ам нэртэй газарт 7.5 га газрыг ашиглах эрхийн 678 дугаар гэрчилгээг ашигладаг. Тус гэрчилгээний хавсралтад 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нэмж 0.012 га газарт хамаарах нэмж оруулсан байдаг. Нэмж өөрчлөлт оруулсныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэл хийсэн. Хэрэгт хавсаргасан баримтуудаас 0.012 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр нэмсэн болох нь нотлогддог. Хуурамчаар хийсэн нь тогтоогддог. Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 397 дугаар тоот прокурорын тогтоолоор иргэн О.О нь “Ж э” ХХК-ийн эзэмшил газарт барилга барьж, хууль бусаар хаяг авч, улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан болохыг тогтоосон. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан тодорхойгүй гэж заасан үндэслэлд хамаарах илт хууль бус захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бусдын эзэмшиж байгаа газарт барилга барьсан үүнийгээ зөв гэж ярьдаг. Улсын бүртгэлийн газар яагаад хууль зөрчсөнийг тайлбарлая. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэлийг үнэн зөв бүртгэх үүрэгтэй. Хуульд ямар баримт авч бүртгэхийг маш тодорхой заасан байгаа. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай 2013 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримт байсан гэсэн тайлбарыг хариуцагч хэлдэг. Гэтэл өмчлөх эрхтэй гэдгийг заасан байгаа. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д заасан газар эзэмших ашиглах гэрчилгээ байсан гэхдээ энэ гэрчилгээ хуурамч байсан гэдэг нь тодорхой болсон. Хавсаргаж өгсөн гэрчилгээний хуулбар баримтыг үнэн зөв гэдгийг шалгаж тогтоосны үндсэн дээр бүртгэх ёстой. Ирүүлсэн баримтад үндэслэх юм бол үнэн зөв байх зарчим баримтлагдахгүй. Кадастрын зураг тухайн үед байгаагүй гэдэг тайлбар хэлж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.3-д анх удаа бүртгүүлэхдээ ямар баримтыг бүрдүүлж өгөх вэ гэдэг нь тодорхой байгаа. Үүнд кадастрын зураг, байшин барилгын хэмжээ тусгагдсан байх шаардлага байгаа. Гэтэл кадастрын зураг байхгүй байхад бүртгэсэн.
Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын гарын үсэгтэй солбицлыг өөрчилсөн хэсэгтэй маргаж байгаа. Улсын бүртгэлийн газраас нэгэнт төрийн эрх бүхий байгууллагаас тамга дарсан байхад бид хуурамч гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа. Хариуцагчаас одоо бид энэ солбицлыг өгөөгүй гэдэг. Хэн өгсөн нь тодорхойгүй болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яам манайх үүнийг өгөөгүй гэдэг. Тэгэхээр илт хууль бусаар солбицлыг өгсөн гэдэг нь тодорхой байна.
Нэхэмжлэлийн шаардлага нь О.О гэдэг хүний нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох. Үүний хууль зүйн үндэслэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг үндэслэл юм.
Анх олгосон бүртгэл илт хууль бус учраас үүнийг үндэслэж олгогдсон бүх бүртгэл хууль бус. Хамгийн сүүлд “Б” ХХК-д олгогдсон бүртгэлийг хүчингүй болгуулах. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаартай гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан өөрчлөлт илт хууль бус болохыг тогтоолгох. Хууль зүйн үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан захиргааны актыг батлан гаргасан этгээд нь тодорхойгүй гэдэг 3-н үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.
“Ж Э” ХХК анх уг газрыг 2004 оноос хойш эзэмшиж эхэлсэн. Хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/270 тушаалаар 2023 он хүртэл ашиглах эрхтэй. Дунд нь компанийн нэр солигдож үүнтэй холбоотойгоор газрын гэрчилгээ тодорхой хугацаагаар газрын гэрчилгээ хасагдаж буцааж олгосон. Тусгай хамгаалалттай газар нутагт барилга барихад өндөр шаардлага тавьдаг. Барилгын эскиз зураг, барилга барихад шаарддаг баримт байх ёстой байдаг. Ганцхан энэ барилгад ямар ч баримт бичиг байхгүй байхад улсын бүртгэгч бүртгэсэн байсан.
Энэ бүртгэлийг О.О бүртгэгч бүртгэсэн. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг прокурорын тогтоолоор тогтоож хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шийтгэл оногдуулах боломжгүй гэсэн болохоос гэмт хэрэг биш, хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөөгүй гэж шийдээгүй. Гэрчилгээний ард талд яаж солбицлыг нь өөрчилснийг Богдхан уулын дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын дарга мэдэхгүй, би үүнийг олгоогүй гэдэг. Улсын бүртгэлийн газар гэрчилгээ нь байсан учраас бид бүртгэсэн гэдэг. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан бүртгэл үнэн зөв байх ёстой гэсэн зарчмыг баримтлаагүй.
Энэ барилгыг анх барьж байхдаа улсад дулааны сүлжээ барьж өгнө гэсэн. Сүүлдээ нэг иргэнтэй хамтарсан болсон. Гэтэл Улаанбаатар дулааны сүлжээ үүнийг эзэмшдэггүй, хувийн эзэмшлийн гэсэн хариу өгсөн байдаг. Хуурч мэхэлсэн үйл ажиллагаа явагдсан. Хэрэгт авагдсан баримтад прокурорын тогтоол, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд байгаа. Нэгэнт захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан уу гэдэг зүйл ярьж байгаа болохоос биш хөөн хэлэлцэх хугацаа ярихгүй. Яагаад гэвэл энэ хэрэг 2018 оноос одоог хүртэл явж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд одоо энэ хэргийг шийдвэрлүүлэх л хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
7. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Ж.У нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан ******* дугаартай Дүнжингарав гудамж 12 дугаартай барилгын 2 дугаар давхар 216 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг бүртгэхдээ мэдүүлэг, төлбөрийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, “У д с” ТӨХК-ийн 2013 оны 2/122 тоот албан бичиг, “М к” ХХК болон иргэн О.О нарын хооронд төлбөр тооцоо хийсэн тухай протокол, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 3702 тоот албан бичиг, 678 дугаартай газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, газрын кадастрын зураг, палан зураг, гэрэл зураг зэргийг үндэслэж 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр О.О-ийн өмчлөлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-т заасан нотлох баримтуудыг мэдүүлэгт хавсаргаж өгсний үндсэн дээр бүртгэл хийгдсэн. Бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д заасныг зөрчсөн гэсэн. Газрын гэрээ, гэрчилгээ байхгүй байхад бүртгэсэн гэж үзсэн. Газар ашиглах гэрээ, гэрчилгээний хуулбарыг хэрэгт хавсаргасан байгаа тул хуулийн энэ заалтыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчсөн гэсэн. Үүнд хууль заасан нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй учир хуулийн дагуу бүртгэсэн.
Нэхэмжлэгч “төрөл садны хүмүүс нэгэндээ шилжүүлсэн хууль бус” гэж хэлдэг. Хуульд зааснаар төрөл садны хүмүүс эд хөрөнгө өмчлөх эрхээ нэгэндээ шилжүүлэхийг хориглосон заалт байхгүй. Иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу бүртгэл хийгдсэн. Иймд хууль зөрчсөн зүйл байхгүй. 2013 онд бүртгэсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд газрын гэрээ, гэрчилгээ хавсаргана гэж заасан байдаг. Үүнд газрын кадастрын зураг хавсаргана гэсэн заалт байхгүй.
Газар ашиглах гэрчилгээний ар талд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газраас 0,012 га газраар нэмэгдүүлэв гээд тамга дарсан байгаа. Төрийн эрх бүхий байгууллага нь өөрсдөө тэмдэглэл хийсэн байхад улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагын гаргаж өгсөн баримтыг үндэслэж бүртгэл хийсэн.
Захиргааны байгууллагын хууль бус үйлдлээс болоод бүртгэл хийсэн гэж үзээд байна. Бид тухайн үед хууль заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтад үндэслэж бүртгэл хийсэн. 2018 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдсэн байдаг. Үүнд тусгай хамгаалалттай газар нутгийн хөрөнгөд кадастрын зураг авахаар зохицуулалт хийсэн. Тэрнээс өмнө тусгай хамгаалалттай газрын нэгдсэн сан байдаггүй байсан. Байдаг зүйлийг байхгүй болгосон мэтээр ярихыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш Богдхан тусгай хамгаалалтай газрын мэдээллийн сан бий болж кадастрын зураг авдаг болсон. Үүнээс өмнө адлаагүй байсан. Бичиг баримт тамга тэмдэг нь мөн эсэх талаар шалгасан уу гэдэг зүйл ярьж байна. Мэдүүлэг гаргагч нь мэдүүлгээ үнэн зөв гаргах үүрэгтэй. Мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг хүрээнд бүртгэл хийгдсэн. Мэдүүлэг гаргагч өөрөө нотлох ёстой. Тийм учраас захиргааны байгууллагын буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна.
Тусгай хамгаалалттай газар нь газрын нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан. Харин 2018 онд хууль батлагдаж бүртгэгдсэн. Тусгай хамгаалалттай газар нь газрын нэгдсэн санд бүртгэгдээд кадастрын зургийг хавсаргадаг болсон нь 2019 оноос улсын хэмжээнд үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Тухайн үед хувийн компаниар барилгын хэмжилт хийлгэсэн зургаар хавсаргаж өгсөн байдаг. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Газар дээр очиж үзээгүй гэдэг. Хуульд шаардлагатай үед очиж үзнэ гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Ж э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга болон Улсын бүртгэлийн газарт холбогдох “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Иргэн О.О-ийн Зайсангийн аман дахь ашиглах эрхтэй 2008 оны 678 дугаар гэрчилгээ бүхий 7.5 га талбайн солбицлыг өөрчилж 0,012 га-аар нэмэгдүүлсэн гэх өөрчлөлтийг тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн газраас хийгээгүй.
Энэ тухай мэдээлэл манай мэдээллийн санд байхгүй болно. Маргаан бүхий 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахдаа бүрдүүлсэн О.О-ийн 2008 оны 678 дугаар гэрчилгээн дээрх солбицлын цэгүүд нь нэхэмжлэгч “Ж э” ХХК-ний ашиглах, эрхтэй Зайсангийн аман дахь 2013/07 дугаар гэрчилгээ /Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 270 дугаар тушаалаар хугацаа сунгасан/ бүхий 0,7 га газартай давхцалгүй юм.
Мөн Иргэн О.О-ийн ашиглах эрх бүхий 7.5 га газрыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.
Иймд тус нэхэмжлэлийн шаардлагын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Л.Б тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Уг үл хөдлөх эд хөрөнгийг манай компани нь иргэн Л.А-аас шилжүүлэн авсан. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн эрх анх О.О-ийн нэр дээр үүссэн байдаг. Судлаад үзэхэд О.О-ийн хөрөнгө болох ЦТП барилга шинэчилж баригдахаас өмнө барилга байдаг байсан. Өмнө нь хуучин барилга байхад “Ж э” ХХК-ийн газар ашиглах эрх үүссэн байна.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан шинэчлэн баригдсан ЦТП барилга нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэдгийг “Ж э” ХХК мэдэж байсан төдийгүй харилцан тохиролцоо хийгдэж яригдаж байсан. Өөрөө хэлбэл “Ж э” ХХК нь улсын бүртгэлийг олон жилийн өмнө мэдсээр ирсэн энэ асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байсан. Энэхүү Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00274 дүгээр шийдвэрээр шийдэгдсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ийнхүү мэдсэн мөртлөө 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна” гэжээ.
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд “М к” ХХК бусдын хөрөнгөөр дулаан дамжуулах, цахилгааны шугамын барилга байгууламж барих тухай манай компанид мэдэгдсэн гэдэг. Үүнээс үзвэл 2008 онд дулаан дамжуулах төвийн барилга бариулахыг мэдсэн, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч бариулсан. Нэхэмжлэгч аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах гэрчилгээтэй байсан. Энэ нь хязгаарлалтын бүсэд түр отоглох, эсвэл эрдэм шинжилгээ судалгааны зориулалтаар ашиглах эрхтэй. Харин Аялал жуулчлалын зөвшөөрөлгүй байсан. Нэхэмжлэгч манайх дулаанаа эндээс авсан, гэтэл эднийх дулаанаа тасалсан гэж ярьж байна. Шугам нь “М к” ХХК-ийх харин дулаан нь улсын дулаан хангамж явж байгаа. Тэрнээс биш “М к” ХХК дулаан үйлдвэрлээд нэхэмжлэгч компанийг дулаанаар хангаагүй. Одоо ч эднийх дулаанаа авч байгаа. Нэхэмжлэгчийн газар дээр дулаан дамжуулах төвийн барилгыг барьж байхад манай эзэмшсэн 0,012 га газар урд талд нь зам дагуу кадастрын зураг нь ороод гэрчилгээ гарчихсан байсан. Бид хэмжилт хийхэд нэхэмжлэгчийн газрын зарим хэсэг нь орсон байсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараас харахад “М к” ХХК дулааны төвийг барихдаа манайд мэдэгдсэн гэсэн. Тэгэхээр энэ үйл баримт тэр үед тодорхой байсан нь харагдаж байна. Дулааны төвийг барихад нэхэмжлэгч зөвшөөрч бариулсан. Энэ барилга нэг өдөр босоогүй, нэхэмжлэгч дуугай байсан хирнээ таслан зогсоогоогүй, одоо ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй.
Хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байна. Өдөр шөнөгүй нэхэмжлэгч энэ барилгын араас явсан уу гэвэл тэгж харагддаггүй. 9 жил нэхэмжлэгч чимээгүй байсан. Гол үндэслэл чинь “М к" ХХК-тай Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл өгч дулаанаа холбуулах 500 сая төгрөг авах гэтэл энэ барилга нь “М к” ХХК-иас “Б” ХХК-д шинжсэн учраас маргаан гаргаж шууд буулгах гэж "М к” ХХК-тай нэг тал болсон. Иргэний шүүхэд албадан буулгая гэдэг нэхэмжлэл гаргахад “М к” ХХК нь тиймээ би бусдын газарт барилга барьсан одоо буулгая гэсэн. “М к” ХХК манайд мэдэгдэж дулаан дамжуулах төвийг барьсан. Мэдэгдэхдээ төвийн дулаан гэж хэлсэн. Дулааныг дулааны төвөөс л авна. Харин шугамыг хэн ч барьж болно. Тэр дулаан нь төвийнх биш байхаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. О.О дулаанаа холбуулахгүй байхаар нь барилгыг нь буулгая гэж байна. О.О барилгаа бариад ”Б” ХХК-д худалдсан. Тэр тухай ярихгүй зөвхөн буулгая л гэж ярьдаг. Иргэний хэргийн шүүх худалдаж авсан иргэнийг бодолгүй буулга гэдэг. Нэхэмжлэгч зохион байгуулалттайгаар “М к” ХХК-тай хуйвалдаж байна.
Улсын бүртгэл хууль бусаар бүртгээгүй. Хуурамч нотлох баримт бүрдүүлэн улсын бүртгэлд гаргаж өгнө гэдэг нь гэмт хэрэг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн прокурорын тогтоол гарсан. Улсын бүртгэгч мэдүүлэг гаргагч этгээдийн өгсөн баримтаар бүртгэдэг байсан гэж тайлбарласан. Хуурамч нотлох баримтаар бүртгэл хийгдсэн гэж байгаа бол н.Г хуурамч баримтаар бүртгэл хийгдсэн гэдгийг эхлээд Эрүүгийн хэргээр тогтоолгох ёстой.
Нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг хэзээ анх мэдсэн, мэдэх боломжтой байсан гэдэгт дүгнэлт хийх ёстой. Газар дээр эхлээд дулааны төв барьсан, үүний дараа дулааны төв дээр 3 давхар барилга баригдаж байх цагаас эхлүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тооцно. 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрчилгээ олгогдсон бөгөөд үүнээс хойш ямар эрх бүхий байгууллагад хандсан бэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн гэдгийг харах ёстой. Нэхэмжлэгч гүйцэтгэх захирлаар томилогдсон цагаасаа хөөцөлдөж байна гэдэг. 2017 оноос хойш энэ хүн хөөцөлдөж байсан байна. Үүнээс өмнөх хүмүүс үүнийг мэдэж байсан. 2017 оноос эвлэрлийн гэрээ хийгдсэн. 2018 онд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч хашаалсан газартаа дулааны шугам барих зөвшөөрөл өгсөн үү гэдэг асуудал яригдахад зөвшөөрсөн гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар хэлж байна. Гэхдээ улсын дулаан гэсэн учир зөвшөөрсөн гэж байна. Тэгэхдээ шугам нь хувийн компани бариад дулаан нь улсынх байгаа.
Нэхэмжлэгч зөвшөөрснөөс болоод барилга бариад бусдад худалдсан байна. Шүүх буулгах шийдвэр гаргасан. Тэр энэ хэрэгт яригдахгүй. Хэрэв яригдах байсан бол энэ хэргийг түдгэлзүүлэх ёстой. Давж заалдах шатны шүүхэд хянуулах гээд өгсөн. Тэр шийдвэр энэ хэргийг хэрхэн өөрчлөхийг мэдэхгүй. Танайх зөвшөөрснөөс болоод бариулсан барилгын гэрчилгээ гарсан. Барилга баригдсан байхад үүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх яаж сэргэх вэ гэдэг асуудал яригдана. Танайх зөвшөөрөөгүй байсан бол энэ хэдэн тэрбумын барилга баригдахгүй байсан. Дулааны шугамыг компаниудтай холбоогүй гэж яриад байна. “Ж у” ХХК, “Г б” ХХК холбогдсон байна. Үүнд хэдэн мянган айл холбогдсон байгаа. Гэрэлт хотхон тэр чигтээ эндээс дулаанаа авч байгаа. “Ж э” ХХК бас авч байгаа.
Газар дээр нь хэмжилт хийлгэхэд яах аргагүй газар давхацсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Хүний газар дээр барилга барьсан гэж байна. Үүнийг “Б” ХХК мэдэх боломжгүй.
2017 оноос хойш танайх прокурорын тогтоолыг үнэн зөв хөдөлшгүй нотлох баримт мэтээр тайлбарлаж байна. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй этгээдийг хэн ч гэм буруутайд тооцохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр прокурорын тогтоол нь хэрэг бүртгэлт үүсгэхээс татгалзсан тогтоол байна.
Улсын бүртгэгчийн хувьд тухайн үед мөрдөгдөж байсан хуульд заасан баримтаа гаргаж өгснийг үүнд бүртгэл хийсэн гэж байна. Нэхэмжлэгч барилга барихыг зөвшөөрсөн учраас энэ барилга баригдсан. Энэ олон айл дулаанаа авсны дараа бидний эрх зөрчигдсөн бид газраа авна гэж байна. Нэхэмжлэгч аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй байсан. Үүнд шүүх үнэлэлт дүгнэлт хийж болно. Зайсангийн энэ хэсэг хязгаарлалтын бүсэд ордог бүх гэрчилгээ хүчингүй болж солигдоод гэрчилгээ авч явж байгаа. Үүний гол бурууг худалдаж авсан “Б” ХХК-ийг буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэгчид ч гэсэн буруу байгаа. 2009 онд баригдсан байхад яагаад энэ хэсгийг оруулж гэрчилгээ өгсөн бэ гэж маргаагүй. Нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр эдгээр хүмүүс барилгаа барьсан. Ямар хууль зөрчсөн гэдэг нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Ж э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан \*******\, Дүнжингаравын гудамж, *******ын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газар нь өөрийн ашиглаж буй газар гэж, үүнийг нотолсон баримтаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 тоот гэрчилгээ, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/03 дугаар гэрээг хавсарган өгчээ.
3. Уг гэрээ, гэрчилгээнд тусгагдсан 7.5 га газар нь иргэн О.О-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам, ертөнцийн зүгээр зайсан толгойн зүүн тал, Чингис хааны сэрэг дүрийн хажууд байрлалтай, буюу нэхэмжлэгч “Ж э” ХХК-ийн газартай давхцалгүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж ирүүлсэн лавлагаа, зургаас харагдана. /3 х.х-н 179, 186, 4 х.х-н 20/
Иргэн О.О-ийн 7.5 га газрыг ашиглах 678 тоот гэрчилгээний ард 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр солбицол өөрчлөгдөв, 0.012 га нэмэгдэв гэсэн утгатай өөрчлөлт орсон байх бөгөөд солбицлоор нь гаргаж үзэхэд энэ нь дээрх 7.5 га газартай хамааралгүй, харин “Ж э” ХХК-ийн ашиглаж байгаа 0.7 га газрын хажуу залгаа одоогийн байршлаар Зайсан толгойн баруун талаар дээшээ өгсдөг замын уулзвар дээр олгогдсон газар болох нь хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан зураг /1 хх-н 238/, “Э к” ХХК-ийн гаргасан зураг /2 х.х-н 7/, шүүхээс хийсэн удаа дараагийн газрын үзлэгийн тэмдэглэлээр /2 хх 5-23, 3 хх 64-71/ нотлогдоно.
Иргэн О.О-д дээрх 0.012 га газрыг ашигладаг гэсэн тэмдэглэгээг байршил нь өөр газрын гэрчилгээний ард хийсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1. “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж зааснаар сайдын шийдвэрээр газар ашиглуулаагүй байхад гэрчилгээнд бичилтийг дурмэдэн хийсэн нь “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл сайдын тушаалаар газар ашиглуулах шийдвэр гарсны дараа тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад гэрчилгээнд бичилт хийх эрх олгогдох юм.
Хэдийгээр сайдын тушаалаар О.О-д олгогдоогүй 0.012 га газар нь нэхэмжлэгч “Ж э” ХХК-ийн эзэмшил газартай давхцаагүй хэдий ч нийтийн эзэмшлийн зам талбай дээр олгогдсон мэтээр гэрчилгээнд солбицлоор тусгагдсан байх тул түүнийг “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү иргэн О.О нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын гарын үсэг бүхий хууль бус тэмдэглэгээтэй 678 тоот гэрчилгээг, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрладаг газраас өөр газар байрлах 7.5 га газрын гэрчилгээний хамт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад өгсөн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5 “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 13.5.4 “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар” гэж заасан баримтыг худал бүрдүүлж өгсөн байна.
Түүнчлэн О.О нь хууль бусаар олгогдсон 0.012 га газар дээрээ ч уг барилгаа бариагүй, “Ж э” ХХК-ийн 2004 оноос ашиглаж байсан газар дээр барилгаа барьсан байх ба иргэн О.О-д Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан \*******\, Дүнжингаравын гудамж, *******ын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, улмаар хэмжээг өөрчлөн бүртгэж, дараа нь хэд хэдэн удаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хамгийн сүүлд “Б” ХХК-ийн нэр дээр бүртгэж, 000450738 тоот гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.6 “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй” гэсэн үндэслэл бүрдсэн байсан ба төрийн захиргааны байгууллага ирүүлсэн материалын үнэн зөвийг шалгалгүйгээр бүртгэл хийсэн нь “бүртгэл үнэн зөв байх” зарчим, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10. “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэснийг зөрчсөн байна.
Иймд иргэн О.О нь бусдын ашиглалтанд байгаа газар дээр барилга барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 “газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.5 “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн үүргээ зөрчсөн, улсын бүртгэгч уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9 “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч “Ж э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Ж э” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж маргадаг бөгөөд уг хэрэг анх 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаар шалгаж эхэлсэн байх ба шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахин шийдвэрлүүлэхээр ирсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэж байгааг дээр дурдсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3, 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, 35 дугаар зүйлийн 35.3.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан \*******\, Дүнжингаравын гудамж, *******ын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-ийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м2 талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаарт “Б” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “0.012 га нэмэгдэв” гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ