| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0677/З |
| Дугаар | 221/МА2025/0759 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0759
Ц.Э.-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Э
Хариуцагч Боловсролын зээлийн сан, Боловсролын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын Ц.Э-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх” журмын дагуу Ц.Э-т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай Боловсролын сайдын шийдвэр гаргуулахыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0739 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц
Хариуцагч Боловсролын зээлийн сангийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн дарга О.С
Хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0677/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э-аас Боловсролын зээлийн сан, Боловсролын сайдад тус тус холбогдуулан “Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын Ц.Э-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх” журмын дагуу Ц.Э-т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай Боловсролын сайдын шийдвэр гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0739 дүгээр шийдвэрээр: Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 24.1.1, 24.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э.-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын Ц.Э-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх” журмын дагуу Ц.Э-т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай шийдвэр гаргахыг Боловсролын сайдад даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б давж заалдах гомдолдоо:
“...Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/272 дугаартай тушаалаар "Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий" байгуулагдсан ажлын хэсгээс "Ц.Э нь Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2.5-д "Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх, 3 дугаар зүйлийн 3.2.9-д "Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх" гэж заасныг тус тус хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь Ц.Эт Австрали улсын Квинсланд их сургуульд элсэн суралцах талаар ирүүлсэн бичгийн албан ёсны орчуулгын агуулгад тодорхой нэмэлт нөхцөл заасан байна гэж үзэж байна. Тодруулбал: Хавтаст хэргийн 18-22 дугаар хуудсанд тус сургуулиас ирсэн бичгийн албан ёсны орчуулга хавсаргасан байх бөгөөд 19 дүгээр хуудсанд "Та санал хүлээн авч, нөхцөлийг биелүүлж, урьдчилгаа төлбөрөө төлсний дараа бид таны элсэлтийг баталгаажуулсан "элсэлтийн баталгаажуулалт (COE) илгээснээр, энэ захидал болон заавар нь Квинслэндийн Их Сургууль ба таны хооронд оюутны хувьд, гэрээний хүчин төгөлдөр баримт бичиг болно. Бүх нөхцөлийг биелүүлж, бүх төлбөрийг төлсөн байсан ч, хөтөлбөрийн хязгаарлалт буюу тоо хэмжээний квот гэх мэт шалтгаанаар бид СоЕ гаргаж чадахгүй байх тохиолдол байж болзошгүйг анхаарна уу" гэснийг тодорхой нөхцөл тавьсан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ/2025/0739 дугаартай шийдвэрийн 15-д "Дэлхий нийтийн дээд боловсрол олгох сургалтын байгууллагуудад тогтсон нийтлэг жишиг ойлголтын дагуу "Их сургуулийн санал (Offer) гэдэг нь их сургуулиас суралцагчид суудал олгох шийдвэр гэж үздэг бөгөөд санал хүлээн авсны дараа суралцагчид ихэвчлэн их сургуулийн портал эсвэл өргөдлийн системээр (UCAS гэх мэт) дамжуулан хүлээн авч, үлдсэн нөхцөлүүдийг хангаж, дараа нь элсэлтийн зааврыг дагаж мөрдөж, шаардлагатай бол виз мэдүүлэх шаардлагыг нөхцөлдүүлдэг байна.", 18-т "Дэлхий нийтийн дээд боловсрол олгох сургалтын байгууллагуудад тогтсон нийтлэг жишиг ойлголтын дагуу дээр дурдсан Их сургуулийн саналыг дотор нь нөхцөлт эсвэл нөхцөлгүй гэсэн хоёр төрөлд ангилдаг байна" 19-т "Conditional Offer" буюу нөхцөлт санал гэдэг нь суралцагчид тодорхой эрдмийн болон бусад шалгуурыг хангасан байх, тухайлбал дүн гэх мэт шалгуурыг хангасан байх нэмэлт нөхцөлийг тавьдаг бол "Unconditional Offer" буюу нөхцөлгүй санал гэдэг нь өмнө дурдсан байдлаар сургалтыг эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай шаардаагүй, суралцагчийн суудлыг баталгаажуулсан, саналыг хүлээн зөвшөөрөх салшгүй хэсэг болсон нэмэлт нөхцөлийг хугацааг зааж өгсөн санал гэж ойлгоно" гэж дүгнэн шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэснийг зөрчсөн байна. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн 15, 18, 19-д заасан үндэслэлүүдийн эх сурвалжийг шүүгч дэлхийн хэд хэдэн улсын их сургуулийн цахим хаяг дахь мэдээллүүдийг харьцуулалтын аргын хүрээнд шүүн үзэж олсон талаараа дурдсан бөгөөд тухайн мэдээлэл, түүний эх сурвалжийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан. Гэтэл дээр дурдсан шүүхийн шийдвэрийн 15,18,19-т заасан үндэслэл нь хэрэгт авагдаагүй нотлох баримт бөгөөд шүүх өөрийн дотоод итгэлээр хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж шийдвэрээ гаргасан нь хариуцагчаас шүүх хуралд тухайн асуудлаар буюу дэлхий нийтэд их сургуулийн нөхцөлт болон нөхцөлгүй урилгыг хэрхэн авч үздэг, ямар баримт материал байдаг талаар судлах, мэтгэлцэх маргах эрхээ эдлэх боломжийг олгоогүй гэж үзэж байна. Маргалдагч талуудын хэн аль нь тухайн асуудлаар олон улс, дэлхийн жишигтэй харьцуулсан баримт материал хэрэгт гаргаж өгөөгүй байтал шүүхийн шийдвэрт дэлхий нийтийн жишиг гэх хэрэгт байхгүй баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна. Учир нь нэмэлт нөхцөлгүй урилга нь тухайн элсэгчид ирж буй захиа, албан бичигт "Unconditional Offer" гэсэн англи бичвэр орж тодорхой нэмэлт нөхцөл заадаггүй, нэмэлт нөхцөлтэй урилга нь "Conditanial offer" эсвэл "Offer" гэсэн англи бичвэртэй буюу нэмэлт нөхцөл, шаардлагуудыг оруулж өгсөн байдаг. Ц.Э.-ын урилгад "Unconditional" гэх бичвэр огт байхгүй байгаа нь түүнийг нэмэлт нөхцөлтэй урилга авсан гэдгийн хоёрдмол утгагүйгээр шууд ойлгохоор байтал шүүхээс хэрэгт авагдаагүй дэлхийн нийтийн жишиг гэх албан бус баримтыг шийдвэрийнхээ үндэс болгосон нь хууль бус гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэл шаардлагын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0739 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч Ц.Э-аас Боловсролын зээлийн сан, Боловсролын сайдад тус тус холбогдуулан “Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын Ц.Эт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх” журмын дагуу Ц.Эт Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай Боловсролын сайдын шийдвэр гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Маргаан бүхий Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаар албан бичгийн хавсралтын 156-д Ц.Э-ыг Монгол Улсын Засгийн газрын 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Гадаадын сургалтын байгууллагын суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна”, 2.2.5-д “элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Гадаадын сургалтын байгууллагад тэтгэлэг болон зээлээр суралцах хүсэлт гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлж, цаасаар, эсхүл цахим хэлбэрээр санд хүргүүлнэ”, 3.2.9-д “гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх”-д заасан шаардлагуудыг хангаагүй гэсэн үндэслэлүүдээр Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан байна.
2.3. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/356 дугаар тушаалын[1] хавсралтаар “Гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс зээлээр суралцах суралцагчдын нэрсийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Э нь хөнгөлөлттэй зээлээр бакалаврын хөтөлбөрт суралцах суралцагчдын жагсаалтад багтаагүй байна.
2.4. Боловсролын Зээлийн сангаас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/883 дугаар албан бичгээр[2] 8 иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дахин нягтлан үзэж холбогдох тайлан танилцуулгыг бэлтгэн Төрийн захиргааны удирдлагын газрын даргад хүргүүлсэн хавсралтаас [3] үзвэл Ц.Э нь Журмын 2.2.5, 3.2.9, мөн 3.2.7-д заасан шаардлага хангаагүй буюу 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор депозит төлсөн баримт, элсэхийг санал болгосон захианы нөхцөл хангагдсан нь нотлогдоогүй, мөн төлбөрийн нэхэмжлэл бус төлбөр төлөх зааврыг системд материалаар бүрдүүлсэн тул материал бүрэн, нөхцөлгүй урилгатай гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэжээ.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргааны гол зүйл болох “нөхцөлт санал болон нөхцөлгүй санал” гэдгийг давж заалдах гомдолдоо “...Ц.Э-т Австрали улсын Квинслэнд их сургуульд элсэн суралцах талаар ирүүлсэн бичгийн албан ёсны орчуулгын агуулгад тодорхой нэмэлт нөхцөл заасан байна гэж үзэж байна. Тодруулбал: Хавтаст хэргийн 18-22 дугаар хуудсанд тус сургуулиас ирсэн бичгийн албан ёсны орчуулга хавсаргасан байх бөгөөд 19 дүгээр хуудсанд "Та санал хүлээн авч, нөхцөлийг биелүүлж, урьдчилгаа төлбөрөө төлсний дараа бид таны элсэлтийг баталгаажуулсан "элсэлтийн баталгаажуулалт (COE) илгээснээр, энэ захидал болон заавар нь Квинслэндийн Их Сургууль ба таны хооронд оюутны хувьд, гэрээний хүчин төгөлдөр баримт бичиг болно. Бүх нөхцөлийг биелүүлж, бүх төлбөрийг төлсөн байсан ч, хөтөлбөрийн хязгаарлалт буюу тоо хэмжээний квот гэх мэт шалтгаанаар бид СоЕ гаргаж чадахгүй байх тохиолдол байж болзошгүйг анхаарна уу” гэж тайлбарлан маргасан.
2.6. Анхан шатны шүүхээс “...сургууль болон суралцагчийн хооронд байгуулах гэрээнд тохиролцох ёстой гэрээний гол нөхцөлүүдийг хоёрдмол утгагүй тусгасан байх тул энэхүү "Элсэлтийн саналыг" тухайн их сургуулиас суралцагчид олгож буй урилга гэж үзнэ. Дэлхий нийтийн дээд боловсрол олгох сургалтын байгууллагуудад тогтсон нийтлэг жишиг ойлголтын дагуу "Их сургуулийн санал (Offer)" гэдэг нь их сургуулиас суралцагчид суудал олгох шийдвэр гэж үздэг бөгөөд санал хүлээн авсны дараа суралцагчид ихэвчлэн их сургуулийн портал эсвэл өргөдлийн системээр (UCAS гэх мэт) дамжуулан хүлээн авч, үлдсэн нөхцөлүүдийг хангаж, дараа нь элсэлтийн зааврыг дагаж мөрдөж, шаардлагатай бол виз мэдүүлэх шаардлагыг нөхцөлдүүлдэг байна.” гэж дүгнэхдээ дэлхийн хэд хэдэн Улсын Их сургуулийн цахим хаяг дахь мэдээллүүдийг харьцуулалтын аргын хүрээнд шүүн үзсэн байх бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудасны 11 дэх ишлэлд тодорхой тусгаж, холбогдох холбоосыг заасан байна.
2.7. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэлдээ их сургуулийн элсэлтийн санал 5 хуудас англи хэл дээр, Монгол хэл рүү орчуулга 5 хуудас баримтыг хавсарган ирүүлсэн бөгөөд хариуцагч Боловсролын зээлийн сангаас англи хэл дээр элсэлтийн санал 7 хуудас баримт ирүүлсэн байхад 2 хуудас монгол хэл дээр орчуулгагүй баримт хавсаргасныг давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй, Журмын 3.2.7-д заасан шаардлагыг хангасан, Ц.Э.-ын суралцах хугацааны төлбөрийн нэхэмжлэлд хамаарах баримт эсэхийг анхан шатны шүүх дүгнээгүй байна.
2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” 8 дугаар зүйлийн 8.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.”, 8.4-д “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна.” гэж тус тус заасан.
2.9. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Шүүхийн шийдвэр "үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгнө.”, 2.2.5-д “Хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэгдээгүй, үнэлэгдээгүй баримтыг шүүх нотлох баримт гэж үзэхгүй, шийдвэрийн үндэслэл болгож болохгүй”, 2.2.6-д “Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт шүүх хуралдаанаар заавал хянан хэлэлцэгдсэн байна. Хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болсон байвал шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнд тооцно.” гэж тус тус заасан байна.
2.10. Анхан шатны шүүх талуудын маргааны гол зүйл болох нэхэмжлэгч Ц.Э.-ын дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн бүс нутаг болон хот төлөвлөлт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан их сургуулийн элсэлтийн санал[4] нь “Unconditional offer /анкондишионал офэр/ буюу нөхцөлгүй санал” эсхүл “Соnditional offer буюу нөхцөлт санал”-ын алинд нь хамаарах, тодруулбал урьдчилгаа төлбөр төлж элсэлтээ баталгаажуулах ёстой шаардлага нь нөхцөлт санал эсхүл нөхцөлгүй саналын алинд нь хамаарах эсэхийг дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдаагүй, орчуулгагүй гадаад хэл дээрх баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон тайлбарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл болох төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2.11. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаар албан бичгээс үзвэл сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах сонгон шалгаруулалтад нийт 186 иргэн хүсэлт ирүүлснээс 70 иргэн шаардлага хангасан байх бөгөөд анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд шаардлага хангасан зарим иргэдийн баримт бичгийг харьцуулан үзэж “нөхцөлт санал болон нөхцөлгүй санал”-ыг хэрхэн ойлгож сонгон шалгаруулалт хийсэн талаар тодруулах боломжтой байсан.
2.12. Мөн Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/883 дугаартай[5] албан бичгийн нэгдүгээр хавсралт болох “Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах 2025 оны сонгон шалгаруулалтын асуудлаар Боловсролын яаманд иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг дахин нягталж ажилласан тухай танилцуулга”, хоёрдугаар хавсралт болох 8 иргэний шалгаруулалтад оролцоход бүрдүүлж өгсөн материал тус тус хэрэгт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүхээс уг баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.13. Хавтаст хэрэгт авагдсан Элсэлтийн саналын 2 дахь хуудас сүүлээс 2 дахь догол мөрөнд бичигдсэн “...Хэрвээ танд шаардлагатай нөхцөлүүд өгөгдсөн бол, та саналаа хүлээн авахаас өмнө тэдгээрийг биелүүлэх шаардлагатай., 4 дэх хуудас 8-10 дахь догол мөрөнд мөн бичигдсэн ... Та нөхцөлт саналд заасан шаардлагыг биелүүлж чадаагүй тохиолдолд...” гэх зэргээр тусгагдан нь суудал баталгаажуулахыг шаардаж байгаа нөхцөлт саналд хэрхэн хамаарахгүй байгаа зэрэгт шүүхээс дүгнэлт өгөөгүй, энэ нь нөхцөлт саналд хамаарах эсэх, энэхүү санал нь их сургуулийн үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх урилга буюу Журмын шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.
2.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө бүрэн цуглуулж, бодит байдлыг тогтоон, хэрэгжүүлэхгүйгээр ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0739 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА