Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00468

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02928 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2196 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Цэнгэл,******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 864,550,028 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч*******ийн өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас Ж.Баасандуламд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 864,550,028 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ....Гэрээний дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байгаа, харин гэрээ дууссанаас хойших хүү 101,095,891 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,219,178 төгрөг, нийт 121,315,069 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02928 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ээс 803,399,343 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,219,178 төгрөгт болон хариуцагч*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069891 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13311 Хүннү гудамж, 506 тоот хаягт байршилтай, 276.34 м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204062841 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 502 байр, 1502 тоот хаягт байршилтай, 95.08 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хугацааны зээлийн хүү 40,931,507 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,188,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс 4,174,947 төгрөг, хариуцагч*******аас 70,200 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 362,607 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2196 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02928 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 803,399,343 төгрөгийг гэснийг 844,330,850 төгрөгийг гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 гэж дугаарласныг гэснийг 3 гэж дугаарлаж 4,174,947 төгрөгийг гэснийг 4,379,604 төгрөгийг гэж, 5 гэж дугаарласныг 4 гэж, 6 гэж дугаарласныг 5 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч*******, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020.02.14-ний өдрөөс 2020.04.06-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болох 40,931,507 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.1. Өөрөөр хэлбэл дэлхийн нийтэд үүсээд буй Ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон бөгөөд үүнд цэцэрлэгийн үйл ажиллагаа багтсан байдаг. Бидний зүгээс цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг тухайгаа нотолсон баримтыг шүүхэд хүргүүлж, хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс биднийг орлого буурсан тухайгаа нотлоогүй, Ковид-19 цар тахал эхлэхээс өмнө гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргийг биелүүлээгүй нь хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдохгүй хэмээн дүгнэсэн байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх бөгөөд бид цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг шүүхэд гаргаж өгсөн байгаа нь дээрх цар тахлын улмаас бидний үйл ажиллагаа бүрэн зогсож, орлого тасалдсан байгаа нь нийтэд илэрхий ойлгомжтой асуудал учраас түүнийг бид дахин нотлох шаардлагагүй хэмээн үзэж байна.

4.3. Мөн зээлийн гэрээний хугацаа 2019.09.14-ний өдөр дуусахад бидний зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг гаргаж байсан бөгөөд хариуг авч чадалгүй байсаар шүүхийн маргаан эхэлсэн юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч*******,******* нар нь 2018.09.14-ний өдрийн Зээлийн гэрээгээр 600,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13311 Хүннү гудамж, 506 тоот хаягт байршилтай 276.34 м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүргийн 26 дугаар хороо, 502 дугаар байрны 1502 тоот 95.08 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд зээлийн хүүд 40,438,335 төгрөгийг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, гэрээний хугацаа дууссан боловч зээлийг эргүүлэн төлөөгүй тул үндсэн зээл 600,000,000 төгрөг, зээлийн хүү 240,657,535 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,868,493 төгрөг, нийт 864,550,028 төгрөгийг гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч*******: ...гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 121,315,069 төгрөгийг зөвшөөрөхгүй... гэж,

 

Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...гэрээний хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хамт төлнө, нэхэмжлэгч нь зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн байхад гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, ...түүнчлэн ковид цар тахал эхэлсэнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогсож, зээлийн төлбөр эргэн төлөх байдал эрсдэлд орсныг мэдсээр байж зээлийн гэрээг дуусгавар болгож шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ эдлээгүй... гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлж, зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, хариуцагч нар зээлийн төлбөрт 40,438,335 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ.

 

8. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус нийцсэн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тус хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, барьцааны гэрээгээр ...үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч нь хариуцагч*******тай гэрээ байгуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардах эрхгүй, түүнчлэн цар тахлын улмаас зээлийн гэрээний үүргийг 2 сарын хугацаагаар хойшлуулахаар тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 20,219,178 төгрөгийг болон*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч*******ээс 803,399,343 төгрөгийг гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад хариуцагч*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, харин Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргасан эсэх, мөн өөрийн орлого буурсан гэх тайлбараа нотлоогүй, цар тахал дэгдэж эхлэхээс өмнө гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргийг биелүүлээгүй нь хүндэтгэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, маргаантай үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

10. Ковид-19 цар тахал нийтэд илэрхий үйл баримт, үүнийг нотлох шаардлагагүй боловч хариуцагч нь өөрийн үйл ажиллагааны орлого буурсан, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан бусад баримтаа нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй тул ...цар тахлын улмаас бидний үйл ажиллагаа зогсож, орлого тасалдсан байгаа нь нийтэд илэрхий ойлгомжтой асуудал учраас бид дахин нотлох шаардлагагүй... /тодорхойлох хэсгийн 4.2/ гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын гомдлыг хангахгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2196 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбаяраас 2020.12.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД