| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00427/и |
| Дугаар | 00071 |
| Огноо | 2020-02-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00071
| 2020 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00071 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 38-32 тоотод бүртгэлтэй, одоо У хотын С дүүргийн ...хорооны ... дугаар байрны … дугаар орцны ..... тоотод түр оршин суух, О овогт Б-ийн Ө //-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Б багийн ..... тоотод оршин суух, Т овогт Н-ын Д //-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 153/2019/00427/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Н.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2014 оны 5 дугаар сард танилцаад 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр манай охин Ө.Т төрсөн. 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хуримаа хийсэн. 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хуримаа хийгээд 1 жил хамт амьдарсан энэ хугацаанд маргаан, хэрүүл гардаггүй байсан. Төд удалгүй бид хоёрын дунд маргаан гарч, зан аашны хувьд таарамжгүй болж эхэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс би ээжийндээ, Н.Д аав ээжийндээ бид хоёр тусдаа амьдарсан. 2018 оны 12 дугаар сард би хагалгаанд орсон. 2019 оны 01 дүгээр сарын 7-ны үеэр Н.Д гэрт байсан өөрийн авч ирсэн бүх тавилгануудыг авч явсан. Бид хоёр жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулах, охин Ө.Тг эх Н.Дгийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасан. Үүнийгээ дэмжиж байна....Охин Н.Дгийн асрамжид байгаа. 7 дугаар цэцэрлэгт хүмүүждэг....Нэг удаа Н.Дгийн утсыг нь үзсэн чинь нөхөртөө худлаа хэлчих хоёулаа зугаалганд явъя гэсэн чат хүнээс ирчихсэн байсан. Н.Д ажилд орсноосоо хойш зугаалж, гарах явдал нь их болсон. Н.Д түргэн ууртай, жоохон юм болохоор гэрлүүгээ гүйгээд явчихдаг. Гэртээ очоод хамаг зүйлээ ярьдаг, хаана ч явсан миний амьдрал бүтэхгүй байна гэж яриад явдаг. Хагалгаанд ороход надад маш их мөнгөний хэрэгцээ гарсан. Зөвхөн нэг нүдэндээ 7,000,000-8,000,000 төгрөгийн хагалгаанд орсон. Би хадам аавдаа машинаа зарсан. Хагалгаанд явах гээд үлдэгдэл мөнгөө нэхэхэд аав ээж хоёр нь бид хоёр хүүхдээ салгаж авна, мөнгө өгч чадахгүй, арчаагүй гээд Н.Дг аваад явсан. Одоо хүртэл Н.Д ирээгүй. Намайг хагалгаанд ороход хадам тал надтай чи анхнаасаа ийм л ирсэн юм чинь бид нарт ямар хамаатай юм бэ гэдэг байдлаар хандсан. Би эхнэрээ хажуудаа байлгахыг их хүссэн хүнд хагалгаанд орсон юм чинь хамгийн түрүүнд эхнэр хүүхдээ л харья гэлгүй л яахав. Н.Д намайг наашаа зориод Ховд руу ирсэн гэж ярьж байна. Би хагалгаанд ороод наашаа ирэх хугацаанд Н.Д очье гэдэг саналыг тавьсан би хэрэггүй гэж хэлсэн. Н.Д очоогүй, намайг Ховдод ирсний дараа гэрт ирээд хамаг юмаа аваад явсан. Надаас хагалгаандаа сайн орсон уу гэж нүүр тулж асуугаагүй, удахгүй Н.Д хот явсан. Түүнийгээ хэлж байгаа юм шиг байна...Эд хөрөнгийн талаар маргаангүй....гэв.
Хариуцагч Н.Д тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2014 оны 5 дугаар сард анх танилцаад. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр манай охин Ө.Т төрсөн. 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хуримаа хийсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд нэхэмжлэл өгөхөөс нь өмнө Б.Ө бид хоёр ярилцсан. Би өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэрлэлт цуцлуулах хүсэлттэй байна. Охин Ө.Тг өөрийнхөө асрамжид авна. Нэгэнт тусдаа амьдарч байгаа цаашид бид хоёр хамт амьдрах боломжгүй, 2019 оны 7 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө бид хоёр тусдаа амьдарч байсан. Тусдаа амьдраад жил гаруй хугацаа өнгөрөхөд нэг ч удаа уулзаагүй, охиноо авч явдаг. Эвлэрүүлэн зуучлал дээр дахин очоод эвлэрэхгүй учраас гэрлэлтээ цуцлуулах саналтай байна....Бид хоёр ярилцах гэж зөндөө үзсэн....Би энэ хүнтэй дахин шүүхийн танхимд таармааргүй байна. Охинтойгоо уулзуулна мэдээж миний охин ааваа санаж байгаа. Охиноо уулзуулахгүй байх надад шалтгаан байхгүй, тийм эрх ч байхгүй гэж би боддог. Энэ танхимд яах гээд суугаад байна вэ гэхээр гэрлэлт цуцлуулах гэж сууж байна....Заавал нэгнийгээ зодож, алж байж ноцтой шалтгаан байх албагүй биз дээ, нэгэнт сэв суучихсан харилцаа цаашид болохгүй, жил гаруй тусдаа амьдарсан. Одоо ахиад хамт амьдарвал амьдрал болохгүй, та одоо ахиад бид хоёрт хугацаа өгөөд гаргавал ямар ч нэмэргүй. Б.Ө хот руу яваад бид хоёр уулзахгүй, тусдаа амьдарснаас хойш 2018 оны 12 дугаар сард уулзсан. Намайг хардаад ажил хийлгэдэггүй байсан. Би ажлаасаа өөрөө өргөдөл өгөөд гарсан. Намайг хагалгаанд ороход эргэж ирээгүй гэж яриад байна. Хагалгаанд ороход нь би араас нь хотод очиход зөрөөд Ховдод ирчихсэн байсан. Надтай хэрэлдээд тусдаа явчихаад хамт амьдрах хүн байтал надтай биш ээжтэйгээ очиж хагалгаанд орсон. Надад гомдох эрх байхгүй, би одоо хоёулаа болье амьдаръя гэхэд чи миний ээжээс очиж уучлалт гуй гэж хэлсэн. Би хадам ээжийн өмнө уучлалт гуйхаар хэрэг хийгээгүй, би уучлалт гуйхаар бол Б.Өаас л уучлалт гуйна. Хүний эцэг эх амьдралд оролцолгүй л яахав. Би хүүхдээ төрүүлээд 1 жил гаран хадам ээжтэйгээ хамт амьдарсан. Энэ хугацаанд хадам ээжтэйгээ нэг ч удаа хэрүүл хийж үзээгүй. Би өөрийгөө хүний бэр шиг л байж, хоолын хийж, хувцасын угаагаад байж байсан гэж боддог. Цаашид эвлэрэх ямар ч бодол алга, та эвлэрүүлэх хугацаа өгөөд хэрэггүй, би Б.Өт Хөвсгөл яваад амьдаръя гэж хэлж үзсэн үүнийг хүлээж аваагүй, авахгүй юм байна....Хүүхдээ бодоод амьдаръя гэсэн ч сонин харилцаатай, таарч тохирохгүй амьдралд хүүхэд байснаас ээжтэйгээ хоёулаа байсан нь дээр гэж би бодсон....Эд хөрөнгийн талаар маргаагүй....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө нь Н.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 8401000121 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр охин Ө.Т төрсөн болох нь №8401000279 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 4, 5 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Н.Д нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхэд зохигч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Ө.Тг хүүхдэд тавих эхийн халамжийг харгалзан хүүхдийг эх Н.Дгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ө.Тг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Б.Өын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Өаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Н.Д саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өт олгохоор тогтлоо.
Хариуцагч Н.Д нь шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулан гэж тайлбарласан ба хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд шаардлага гаргаагүй учир энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Харин Н.Д нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг, зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар О овогт Б-ийн Ө /, Т овогт Н-ын Д // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Ө.Т эх Н.Дгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Б.Өт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч Н.Дд тус тус даалгасугай.
4.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өт олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ