| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00649/и |
| Дугаар | 00072 |
| Огноо | 2020-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00072
| 2020 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2020/00072 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2 дугаар байр, 3 давхар, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ..... тоотод оршин суух, Я овогт Г-ийн Б //-д холбогдох,
3,041,487.39 /гурван сая дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 153/2019/00649/и индекстэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан /онлайн/, хариуцагч Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар Хадгаламж банкны эрх хүлээн авагчийг томилсон. Үүний дараагаар банкны эрх хүлээн авагчид Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар Хадгаламж банкны бүрэн эрх хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжин ирсэн байдаг. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банканд шилжүүлж Хадгаламж банк дахь чанаргүй актив буюу банкны эрх хүлээн авагчийн тэнцэл үлдсэн. Үүнд Д.Гүнчин болон Г.Б нарт олгосон чанаргүй зээл хамаарч байгаа. Иймд бид нарын зүгээс Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Д.Гүнчин, Г.Б нар нь Хадгаламж банктай 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр анх тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 179,888 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай авч байсан. Үүний дараагаар 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 182,056 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 182,764 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 181,821 төгрөг буюу нийт 16 удаагийн зээлийн гэрээг байгуулж тэтгэврийн зээл авч байсан. Хамгийн сүүлд 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээг байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 4,468,026 төгрөг дээр 1,975,860 төгрөгийг нэмж олгон, нийт 6,440,887 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авч ашигласан байдаг. Зээлдэгч нь зээл авч ашигласнаасаа хойш нийт зээлийн үндсэн төлбөрт 6,495,036.97 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 939,461.33 төгрөг, нийт 7,334,498.30 төгрөгийг төлсөн байдаг. Өнөөдрийн байдлаар зээлийн хүүд ямар нэгэн төлбөр төлөөгүй. Зээлдэгч Д.Гүнчин болон Г.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ цаг хугацаанд нь буцаан төлөөгүй байдаг. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлага гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй банкийг хохироож байна. Зээлдэгч Д.Гүнчин, Г.Б нар нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 2,612,820.48 төгрөг, зээлийн хүүд 428,666.91 төгрөг, нийт 3,041,487.39 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь Д.Гүнчин нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 002103 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар нас барсан нь тогтоогдсон байдаг. Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар зээлдэгч Г.Бд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Г.Бгаас 3,041,487.39 төгрөгийг гаргуулан Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож өгнө үү....2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хариуцагч нь үндсэн зээлд 3,828,065.93 төгрөг, зээлийн хүүд 87,222.02 төгрөг, нийт 3,915,287.95 төгрөгийг төлсөн байна....Манай банк 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр татан буугдаад банкны эрх хүлээн авагчийг Монгол банкнаас томилсон байдаг. Үүний дараагаар зарим актив, пассив хөрөнгүүдийг Төрийн банк руу шилжүүлсэн байдаг. Төрийн банкнаас бид нар руу буцааж зарим чанаргүй актив, пассивыг шилжүүлсэн...2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Төрийн банкинд шилжүүлээд Төрийн банк чанаргүй зээлийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буцаад манайд шилжүүлсэн. Шилжүүлж ирээд ажиллагаа манай ажиллагаа хийгдээд явж байгаа....2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дууссан.... Д.Гүнчин нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан....Хариуцагч нь хамгийн сүүлд 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 408.30 төгрөгийг төлсөн байна....гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Д.Гүнчин нь 2012 онд нас барсан бөгөөд тэтгэврийн зээлтэй байсан. Намайг улсад ажил хийдэг учраас нийгмийн даатгалын дэвтрээрэээ хамтран зээлдэгчээр орж зээл авч байсан. Тухайн үед манай аав тусдаа амьдралтай байсан. Манай аав 2012 оны 12 дугаар сард нас барахдаа тэтгэврийнхээ зээлийг аваад 7 хонож байсан. Би Төрийн банктай ирж уулзаад нас барсны мөнгө болон 2 сарын тэтгэврийн мөнгийг авахгүйгээр зээл рүү нь хийгээд 2,000,000 төгрөг үлдсэн талаар хэлж байсан. 2013 онд миний отгон эрэгтэй дүү хавдар тусаад Улаанбаатар хотод 2 жил байр хөлслөөд байх хугацаандаа дахин Төрийн банктай уулзаад 2,000,000 төгрөг нь нэмэгдчихсэн байсан. Энэ талаар Төрийн банкнаас асуухад хүү нэмэгдсэн талаар хэлэхээр нь хүүг зогсоож болдоггүй юм уу гэж асуухад шүүхээр оруулаад зогсоогоод төлөх боломжтой гэж хэлж байсан. Төрийн банкны зүгээс 2014 оноос хойш чимээгүй байж байгаад 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын Төрийн банкнаас н.Мөнхбат гэдэг хүн залгаад аавын чинь зээлийн үлдэгдэл төлөгдөөгүй байна гэж ярихаар нь ямар шалтгаанаар 6, 7 жилийн дараа зээлийн талаар ярьж байгааг асууж байсан. 2013 оны сүүлээр Төрийн банкны ахлах теллер казак залуу над руу яриад таныг төлөх боломжгүй бол шүүх рүү явуулаад хаагддаг гэж хэлж байсан. Над руу дахин залгаад зээлийн талаар хэлэхээр нь оны сүүлч болсон учраас төлөх боломжгүй, он гаргаад төлөх талаар хэлсэн боловч 11, 12 сардаа багтаагаад төлөх шаардлагатай бөгөөд төлж чадахгүй бол шүүхэд өгнө гэж хэлсэн. Зээлийн төлөлт дээр хугацаа байх ёстой. Ямар шалтгаанаар 6-7 жилийн дараа тэтгэврийн зээлийг нэхэмжлээд байгааг гайхаад байна. Хугацаатай байдаг баймаар юм. Би өөрөө Төрийн банкаар дамжуулж цалингаа авдаг бөгөөд бага дүү тэтгэмж авдаг. Тухайн үед хэлээд нэхэж байсан бол төлөөд дуусгачих байсан. Надад Төрийн банкны эдийн засагч 2,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа талаар хэлж байсан. Засгийн газраас тэтгэвэр тэглэгдэх талаар сонссон. Хэрвээ төрөөс тэтгэврийн зээлийг тэглэгдэхгүй бол 2020 оны 6 дугаар сар гэхэд 2,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 1,041,487.39 төгрөгийг төлөх боломжгүй....Манай аав 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан юм байна....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Г.Бд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,612,820.48 төгрөг, зээлийн хүү 428,666.91 төгрөг, нийт 3,041,487.39 /гурван сая дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд ....Миний аав Д.Гүнчин нь 2012 онд нас барсан бөгөөд тэтгэврийн зээлтэй байсан, ....Ямар шалтгаанаар 6-7 жилийн дараа тэтгэврийн зээлийг нэхэмжлээд байгааг гайхаад байна. Хугацаатай байдаг баймаар юм....Хэрвээ төрөөс тэтгэврийн зээлийг тэглэгдэхгүй бол 2020 оны 6 дугаар сар гэхэд 2,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 1,041,487.39 төгрөгийг төлөх боломжгүй.... гэж тайлбарлав.
Хадгаламж банк ХХК-ийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жил хүртэл хугацаатайгаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, улмаар удаа дараа Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ сунгаж байсан болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А-30 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А-28 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр, Ч.Аварзэд нь Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн, М.Энхтөр нь Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус томилогдсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Банкны ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6-13, 80 дугаар тал/
Иймээс Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Д.Гүнчин, хариуцагч Г.Б нар нь Хадгаламж банкны 1118 дугаар салбараас 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 12 удаа тэтгэврийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4,468,026 төгрөг дээр 1,975,860 төгрөгийг нэмж олгон, нийт 6,440,887 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэтгэврийн зээлийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 18-29 дүгээр тал/
Харин 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд байгуулсан Тэтгэврийн зээлийн гэрээний үүрэг биелэгдэж, гэрээ байгуулсан хугацаа нь дараагийн тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдах үед дуусгавар болсон байгаа болохыг дурдав. /хх-ийн 14-17 дугаар тал/
Үндсэн зээлдэгч Д.Гүнчин нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь №0000158349 дугаар нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан тайлбар зэргээр нотлогдлоо. /хх-ийн 56 дугаар тал/
Хамгийн сүүлд буюу 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Тэтгэврийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан тэтгэврийн зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид тэтгэврийн зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 4,468,026 төгрөг дээр 1,975,860 төгрөгийг нэмж олгон, нийт 6,440,887 төгрөг авч, үндсэн зээлд 3,828,065.93 төгрөг, зээлийн хүүд 87,222.02 төгрөг, нийт 3,915,287.95 төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Г.Бг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Үндсэн зээлдэгч Д.Гүнчин нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Г.Бгаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүснэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шаардах эрхтэй байна.
Гэтэл Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна., мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн хугацаа болох 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд хариуцагч Г.Бгаас зээлийн төлбөрийг шаардаж байсан, эсхүл тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.
Тэтгэврийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх бөгөөд энэ хугацаанаас тоолоход нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь зээлийн төлбөрийг Г.Бгаас шаардах эрх дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бд холбогдох, нийт 3,041,487.39 /гурван сая дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 63,614 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бд холбогдох, нийт 3,041,487.39 /гурван сая дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян долоон төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж 63,614 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ