Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 00080

 


 

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2020/00080

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын тоотод оршин суух, Б овогт Р-ийн С /-ын нэхэмжлэлтэй,

садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 153/2020/00102/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, прокурор Т.Өсөхболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбасүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Тус шүүхэд миний эцэг С нь Рэнцэн буюу Рэнчингийн хүү мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний өвөө болох Боролдой овогт Доржийн Рэнцэн буюу Рэнчин нь 1905 онд төрсөн бөгөөд улмаар эцэг, эхийн гар дээр өсөөд лам болж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ганданпунцагчойлон хийдэд гавьж банзад цол хэргэмтэй байсан. Лам байх хугацаанд нь Монгол улсад хэлмэгдүүлэлтийн хар шуурганд миний өвөө өртөж Дотоод явдлын яамны шийдвэрээр 10 жилийн хорих ял өгсөн бөгөөд биеэр 5-6 жилийн хорих ялыг эдлээд бие нь маш муу суллагдаж ирээд гэртээ нас барсан. Тухайн үед манай аав эцэг, эх, нэг эгч, нэг дүүгийн хамт амьдардаг байсан гэж хэлсэн. Баримтуудаар өвөөд дээр мал тоологдож байсан бөгөөд буцаагаад улсад хураагдсан талаар гарч ирээгүй. Мөн аав маань 1946 онд айлын 2 дахь хүү болж төрөөд ээжийнхээ асрамжид өсөж бойжоод 15-16 настай байхдаа Завхан аймгийн ТМС-д суралцаад төгсөж ирээд тэтгэвэрт гартлаа Монгол Улсын барилгын салбарт тасралтгүйгээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай аав 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Барилгачин цол тэмдэг авч байсан. Аав маань 2015 онд ходоодны хорт хавдар туссан. Манай аав дээрээ Сайнсүүл нэртэй нэг эгчтэй бөгөөд одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд насаараа мал маллаж амьдарсан хүн байдаг. Бага дүү Эрдэнэсүрэн нь Улаанбаатар хотод хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд улсад ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Эцэг эхээсээ 3-уулаа юм. Миний авга эгч Сайнсүүл нь 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд 78 настай, Эрдэнэсүрэн гэдэг дүү нь ааваас маань 5 насаар дүү. Бүгдээрээ одоо амьд сэрүүн байдаг. Эмээ маань хорт хавдар тусаад нас барж байсан. Миний бие Улаанбаатар хотод суралцаж байсан учраас нас барсан оныг нь санахгүй байна. Манай аав биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болоод хэвтэрт байдаг учраас миний бие аавынхаа өмнөөс итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна.

Иймд миний эцэг Б овогт Р-ийн С-ыг Д-ийн Р-ийн төрсөн хүү мөн болохыг тогтоож өгнө үү....Өмнө нь аав маань Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1990 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 364 дугаартай шүүхийн шийдвэрээр 1,000,000 төгрөгийн нөхөн олговрыг авч байсан.... Өмнө нь нэрийн зөрүү гараагүй учраас садан төрлийн холбоо тогтоогоогүй. Харин өнөөдөрийн хэлэлцэгдэж байгаа шүүх хуралдаанаар өвөөгийн нэр Рэнчин гэж буруу гарч ирсэн учраас садан төрлийн холбоо тогтоолгох шаардлагатай болсон....Б овогт Р Сыг Р-ийн төрсөн хүү мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1953 онд өвөө маань нас барсан юм байна....гэв.

Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу 10, 11 дүгээр хуудсанд авагдсан лавлагаа, 12 дугаар хуудсанд авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лзавлагаа, Үндэсний архивын лавлагаа /15-16/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн албан бичиг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Рэнцэнгийн Сыг Доржийн Рэнцэн буюу Рэнчингийн төрсөн хүү мөн болохыг тогтоох боломжтой гэж үзэж байна. Учир нь С гэдэг хүн 1999 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 364 дугаартай шүүхийн шийдвэрээр улс төрийн хэлмэгсэдэд олгодог нөхөн олговрыг авч байсан юм байна. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Энэ бүхнээс үзэхэд садан төрлийн холбоо тогтоох боломжтой гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.С нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Д-ийн Р нь 1938 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Онцгой бүрэн эрхт тусгай комиссын 2 дугаар хурлын тогтоолоор 10 жилийн хорих шийтгэгдсэн боловч Д.Р-д холбогдох хэргийг ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон сулласан болох нь ДХГ-ын дэргэдэх ТК-ын 1942 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр хурлын тогтоолын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/6981 дугаартай архивын лавлагааны хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 12, 13-14 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б овогт Р-ийн С нь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д Р-ийн төрсөн хүү мөн болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2188 дугаартай архивын лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 45/007398 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгч Боролдой овогт Рэнцэнгийн С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Доржийн Рэнцэн /Рэнчин/-ийн төрсөн хүү мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Бовогт Р-ийн С // нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д-ийн Р-ийн төрсөн хүү мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ