Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00028/и |
Дугаар | 00081 |
Огноо | 2020-02-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 00081
2020 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2020/00081 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, ...тоотод байрлах, Мөнхбумууд ХХК /5/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн .......... тоотод оршин суух, О овогт Л-ын Т //-д холбогдох,
8,249,000 /найман сая хоёр зуун дөчин есэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 153/2020/00028/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК нь ноос, ноолууран сүлжмэл хувцасны үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм.
Хариуцагч Л.Т нь 2017, 2018 онуудад нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-иас 18,864,900 төгрөгийн ноос, ноолууран бүтэгдэхүүн худалдан авсан.
Худалдан авсан барааны үнээс Л.Т нь 4,950,000 төгрөгийн төлөлт хийж, 5,665,000 төгрөгийн үнэ бүхий бараа буцааж, одоогийн байдлаар 8,249,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжпэгч Мөнхбумууд ХХК-иас барааны үнийн үлдэгдэл 8,249,000 төгрөгийг төлөх шаардлагыг удаа дараа хариуцагч Л.Тд тавихад барааны үнийн үлдэгдлийг төлнө гэж хойшлуулсаар өдийг хүрлээ.
Иймд хариуцагч Л.Таас 8,249,000 /найман сая хоёр зуун дөчин есөн мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-д олгохыг хүсье гэжээ.
Хариуцагч Л.Т шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: Мөнхбумууд ХХК-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Бараа бүтээгдэхүүн авч борлуулалт хийж байсан үлдэгдэл 8,249,000 төгрөгийг 2020 оны 5 сарын 01-ний дотор төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүсэлтээ: Нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би нэхэмжлэлийн шаардлага 8,249,000 /найман сая хоёр зуун дөчин есэн мянга/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөрт багтаан төлж, барагдуулах хариуцагч Л.Тын шүүхэд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд Мөнхбумууд ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг гардуулахыг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Л.Тд холбогдох, 8,249,000 /найман сая хоёр зуун дөчин есэн мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,249,000 /найман сая хоёр зуун дөчин есэн мянга/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,000 төгрөгөөс 73,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 66 төгрөг, 8,249,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 146,934 төгрөгийн тал хувь болох 73,467 төгрөг, нийт 73,533 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Таас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 73,467 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Л.Т нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Тд холбогдох, 8,249,000 /найман сая хоёр зуун дөчин есэн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,249,000 /найман сая хоёр зуун дөчин есэн мянга/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,000 төгрөгөөс 73,467 /далан гурван мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж нийт 73,533 /далан гурван мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Таас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 73,467 /далан гурван мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мөнхбумууд ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ