Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00082

 


 

 

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2020/00082

Жаргалант сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10 мянгатын 14-14 тоотод оршин суух, Ш овогт Д-ийн Б //-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Б багт оршин суух, Х овогт Ц-ийн Гн //-д холбогдох,

гэм хорын хохирол 1,277,500 /нэг сая хоёр зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 153/2019/00669/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, иргэдийн төлөөлөгч Д.Бямбацэрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, хариуцагч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б миний бие нь хүү Б.Жавхлан, өөрийн ээж З.Дулмаа, төрсөн дүү Д.Отгонцэцэгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-10 тоотод амьдардаг. Эхнэр Ц.Дуламсүрэн нь 10 гаруй жилийн өмнө салсан. Хүү Б.Жавхлан нь миний асрамжид үлдсэн.

Миний ээж Ц.Дулмаа нь олон жил группт байсан, хүний асаргаанд байдаг. Миний төрсөн дүү Д.Отгонцэцэг нь мөн булчингийн сулрал өвчний улмаас 70 хувийн группд байдаг. Миний хүү Б.Жавхлан нь гэр бүлд байгаа өвчтэй хүмүүсээ асрахад гол үүргийг гуйцэтгэдэг.

Миний хүү Б.Жавхлан нь 2007 оны 06 сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд одоо 12 настай. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн 7В ангид суралцдаг.

Д.Б миний бие нь булчингийн сулрал өвчний улмаас одоо 70 хувийн группт байдаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, өрхийн орлогогүй юм.

2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед миний хүү Б.Жавхланг Г овогтой Мандалбаяр зодож баруун гарыг нь хугалсан.

Энэ асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн байгууллагаас Г овогтой Мандалбаярыг яллагдагчаар татаж шалгасан боловч Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5/18 дугаар Тогтоолоор яллагдагч Г.Мандалбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тоггоогдож байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний хүү Б.Жавхлан нь Г.Мандалбаярт зодуулсны улмаас гар нь хугарч, шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 725 дугаар дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон. Б.Жавхлан нь гэмтлийн улмаас хичээлдээ 2 сар гаруйн хугацаанд хичээлдээ явж чадаагүй.

Хүүгээ эмчлүүлэх болон бусад зардалд нийт 1,277,500 төгрөг зарцуулсан. Г.Мандалбаярын хууль ёсны асран хамгаалагч болох эцэг Ц.Г нь уулзаж хохирол барагдуулна гэдэг боловч 40,000 төгрөгнөөс өөр юм өгөөгүй.

Иймд Б.Жавхланг Г.Мандалбаяр зодсоны улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учруулснаас бидэнд учирсан хохирол болох 1,277,500 /нэг сая хоёр зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг Г.Мандалбаярын хууль ёсны асран хамгаалагч Ц.Ггээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрсэн. Эвлэрснээ өмгөөлөгчөөрөө тайлбарлуулья гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б нь анх шүүхэд гэм хорын хохирол 1,277,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаас өмнө зохигчид уулзаж, 520,000 /таван зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагч Ц.Г нь төлөхийг зөвшөөрч, үүнээс 200,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэгдэл 320,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 757,500 /долоон зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг татгалзаж эвлэрсэн гэв.

Хариуцагч Ц.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаас 520,000 /таван зуун хорин мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнээс 200,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэгдэл 320,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 757,500 /долоон зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг татгалзаж эвлэрсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Ц.Гд холбогдуулан гэм хорын хохирол 1,277,500 /нэг сая хоёр зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 520,000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөс 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэгдэл 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Д.Бд төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 757,500 /долоон зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Ц.Ггээс гаргуулахаас татгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, хариуцагч Ц.Г нар эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Отгонцэцэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэгт эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 4 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШЗ2019/02512 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Б-ыг гэм хорын хохирол 1,277,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,210 /гучин таван мянга хоёр зуун арав/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Ггээс 520,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,250 төгрөгийн тал хувь болох 8,125 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Ц.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Гд холбогдох, гэм хорын хохирол 1,277,500 /нэг сая хоёр зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 520,000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөс 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэгдэл 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Д.Б-д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 757,500 /долоон зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Ц.Ггээс гаргуулахаас татгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, хариуцагч Ц.Г нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШЗ2019/02512 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Б-ыг гэм хорын хохирол 1,277,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,210 /гучин таван мянга хоёр зуун арав/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Ггээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,125 /найман мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Ц.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ   Л.ТҮВШИНЖАРГАЛ