Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 00088

 


 

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00088

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, А овогт Ц-ийн А //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 153/2020/00039/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ц.Аптанцэцэг миний бие 1969 онд төрсөн. Миний бие 1985 оны 06 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1985 онд 8 жилийн дунд сургуулийг төгссөнөөс хойш эцэг эхийн хамт Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад Шинэ зам нэгдэл тартал, мөн нэгдэл тарснаас хойш 2020 оны 01 дүгээр сар хүртэл малчнаар ажиллаж, амьдарч байна.

1990 оноос 2000 оныг дуустал нөхөн бичилт хийлгэсэн. Би 1993 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Д.Цамбалхүндэвтэй гэр бүл болсон. Би 3 хүүхэдтэй.

Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч Шинэ зам нэгдэлд анх малчнаар ажилд орсон гарсан тушаал байхгүйн улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд Ц.А намайг 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:...Ц.А нь 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үеэр Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдүгээр 10 жилийн сургуулийн 10б ангийг төгссөн байгаа. Хүсэлт гаргагч Ц.А нь Ховд аймгийн Чандмань суманд 1969 онд төрсөн. 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн.

1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж, амьдарч ирсэн. Ц.А нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэл тарсны дараа буюу өнөөдрийг хүртэл 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт ажиллаж, амьдарч байгаа.

Ц.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан улсаас 1990-2000 оныг тооцуулсан. Ц.А нь 1993 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр болох Д.Цамбалхүндэвтэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлсэн хүн юм. Ц.А нь өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч малчнаар ажиллаж байсан талаарх орсон, гарсан тушаал, шимтгэл төлсөн баримт зэрэг нь архиваас олдоогүй учраас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байгаа.

Иймд нэхэмжлэгч Ц.Аийг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1989 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ар түмт овогт Цэндээгийн Аийг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж өөрчилсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Ц.А нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1115 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.Цэндээгийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадын 1988-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Уламбаярын ...Би 1970 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилд нэгдэл тартал ажилласан....Ц.Аийн эцэг, эхтэй нь манайх нэг нутагт айл саахалт олон жил хамт явж нэгдлийн малыг олон жил хамт малласан. Ц.Аптанцэцэг нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад ...нэгдэл тарах хүртэл эцэг, эхийн хамт бог мал маллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Пүрэвжалын ....Би 1978 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилд орж 1990 он хүртэл ажилласан....Ц.А нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад мал маллаж байгаад хүнтэй суусан хүн хөдөөнөөс холдож үзээгүй байх.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 49 дугаартай Цэндийн А нь тус сургуулийг 1988 онд Б.Сэр-Од багштай 10б ангийг 570194 дугаартай боловсролын үнэмлэхтэй төгссөн болохыг тодорхойлов гэх бичвэртэй албан бичиг, тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 10 дугаар анги төгсөгчдийн гэрэл зураг бүхий анкетад Овоотод томилов гэх бичвэртэй баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 9-10, 32-33, 34-35, 45-46 дугаар тал/

 Нэхэмжлэгч Н.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 0778143 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11 дүгээр тал/

 Хавтаст хэргийн 13-14 дүгээр дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Уламбаяр, Г.Пүрэвжал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ц.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Аовогт Ц-ийн А //-ийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ