| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0018/Э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 240
2020 02 20 2020/ДШМ/240
Д.Д-ид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Д-ид холбогдох 1906009412713 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн Д, Улаанбаатар хотод 1997 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Кино урлагийн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 7; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Өлгийн 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/
Д.Д- нь 2019 оны 1 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Кино урлагийн дээд сургуулийн оюутан Б.Т-ийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий “Canon 5d” загварын зургийн аппаратыг, оюутан Б.Х-гийн 1,583,120 төгрөгийн үнэ бүхий “Canon 7d” загварын зургийн аппаратыг түр хэргэлээд буцааж өгөх нэрийдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-оос 400,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсөд олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ийм хэрэгт холбогдож, сургууль соёлоо цалгардуулж, гэр бүлийнхээ итгэл найдварыг алдсандаа маш их харамсаж байна. Би Кино урлагийн дээд сургуулийн төгсөх курсэд суралцдаг бөгөөд энэ жил сургуулиа төгсөх маш их хүсэлтэй байна. Та бүхэн үүнийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдолдоо: “... Д.Д- нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн үйлдсэн хэргийг шударгаар хүлээн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж, цаашид засарч хүмүүжихээ илэрхийлсэн. Хохирогчдын хохирлыг төлж барагдуулсан боловч хуулийн мэдлэг дутуугаас болж иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсөд учирсан хохирлыг төлөлгүй шүүх хуралдаанд оролцсон байна. Тэрээр Кино урлагийн дээд сургуулийн Зураг авалтын ангийн 4 дүгээр дамжаанд суралцдаг. Энэ жил сургуулиа төгсөж ажлын гараагаа эхлүүлэх, цаашдын ажил, амьдралаа шийдвэрлэх чухал мөч нь юм. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Д-, өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс бусдад учруулсан хохирлоо арилгаагүй гэсэн үндэслэлээр хорих ял оногдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг бичгээр ирүүлсэн тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Д- нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч Б.Т-т учирсан 1,500,000 төгрөгийн хохиролыг төлсөн баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хохирогч Б.Х-гийн зургийн аппаратыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн. Иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсөд учирсан 400,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирогчид хор уршиг учраад өдий хүрсэн цаг хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Д-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 1 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Кино урлагийн дээд сургуулийн оюутан Б.Т-ийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий “Canon 5d” загварын зургийн аппаратыг, оюутан Б.Х-гийн 1,583,120 төгрөгийн үнэ бүхий “Canon 7d” загварын зургийн аппаратыг түр хэрэглээд буцааж өгөх нэрийдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Т-ийн “... 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ангийн хүүхэд болох Дамдиндорж миний “Canon 5d” загварын зургийн аппаратыг “Хоёр хоног хэрэглээд өгье” гэж гуйж аваад өгөөгүй, хичээлдээ ирээгүй. Зургийн аппаратаа авах гэхээр “маргааш өгнө”, “нөгөөдөр өгнө” гэж хэлээд өгөхгүй яваад байсан ...” гэх /хх 10-11/,
хохирогч Б.Х-гийн “... 2019 оны 1 дүгээр сард дээд курсийн ах Дамдиндорж миний “Canon 7d” загварын зургийн аппаратыг “ах нь орой зураг авчихаад маргааш өгье” гэж хэлээд авсан. Маргааш нь сургуульдаа ирээгүй. Хэд хоногийн дараа сургууль дээр таараад аппаратаа асуухад “гэртээ орхисон байгаа, маргааш аваад ирье” гээд өгөхгүй худал хэлээд байхаар нь цагдаад хандсан ...” гэх /хх 19-20/,
иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсийн “... 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 1 тоот хаягт байрлах “Best-1” барьцаалан зээлдүүлэх газарт Д.Д- нь хар өнгийн “Canon 7d” загварын зургийн аппаратыг 400,000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн хугацаатай тавьсан. 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид зургийн аппаратыг өгсөн. Манайд 400,000 төгрөгийн хохирол учирсан...” /хх 25-26/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Б.Т-, Б.Х- нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 7, 8/, “Canon 7d” зургийн аппаратыг зээлийн барьцаанд тавьсан гэрээ /хх 15/, уг зургийн аппаратыг хохирогч Б.Х-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 43/, эд зүйлийн үнэлгээ /хх 38-39/, шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д- нь хохирогчдын эд хөрөнгийг түр хэрэглэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн аваад зээлийн барьцаанд тавьж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүгдэгч Д.Д- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Т-, Б.Х-, иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгс нар түүнд гомдол, саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Д.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, одоо 21 настай, их сургуулийн төгсөх дамжааны оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн зүйл, хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Д.Д- нь иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсөд 436,000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
3. Шүүгдэгч Д.Д- нь энэ хэрэгт нийт 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН