Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0772

 

 

 

 

 

 

 

 

“Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай     

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга   

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа    

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Н.У, түүний өмгөөлөгч Г.Х, Б.С     

      Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  “Э” СӨХ

Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

                    Нийслэлийн Хяналт шалгалтын газар

  Гуравдагч этгээд  “Т” ХХК  

                               Н.У

                              “Х” ХК  

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан "хууль бусаар машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, хойд талд орц гарц таглаж (СӨХ-ийн эзэмшил буюу нийтийн дундын эзэмшил газарт) зогсоолын эрхийн бүртгэл хийснийг хууль бус бөгөөд түүний улмаас тус байрны оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, бүртгэл хийсэн дээрх захиргааны актыг хүчингүй болгох”, “Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан "Хяналт шалгалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 22 автомашин гэснийг буюу холбогдох хэсгийг хүчингүй болгож, батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөхийг даалгах” тухай       

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0639 дүгээр шийдвэр         

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:     

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х, Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул  

Хэргийн индекс: 128/2024/0703/3    

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч “Э” СӨХ-ноос Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан "хууль бусаар машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, хойд талд орц гарц таглаж (СӨХ-ийн эзэмшил буюу нийтийн дундын эзэмшил газарт) зогсоолын эрхийн бүртгэл хийснийг хууль бус бөгөөд түүний улмаас тус байрны оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, бүртгэл хийсэн дээрх захиргааны актыг хүчингүй болгох”, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан "Хяналт шалгалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 22 автомашин гэснийг буюу холбогдох хэсгийг хүчингүй болгож, батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.      

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0639 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Э" СӨХ-оос Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206064225 дугаар бүртгэлд Н.Уранчимэгийг бүртгэсэн 000748759 дугаартай гэрчилгээг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дүгээр дүгнэлтийн "22 авто машины зогсоолтой" гэснийг тус тус хүчингүй болгож, авто машины зогсоолын батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөн батлахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.             

3. Давж заалдах гомдлын агуулга:  

Гуравдагч этгээд Н.У, түүний өмгөөлөгч Г.Х, Б.С нар давж заалдах гомдолдоо:      

“...Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж хуульчилсан байдаг. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.6.-д орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг ойлгоно гэж заасан. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4-т дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэж заасан.

Эндээс В1 давхрыг сууц, өрөө, орон сууцны гаднах талбайд байрладаг авто зогсоол биш, уг В1 давхар тус орон сууцны бүх оршин суугчид орж гардаггүй, зөвхөн тухайн В1 давхарт авто зогсоолтой 20 иргэнд л хамааралтай байна. Анхан шатны шүүх сууц өмчлөгчдийн холбоог орон сууцны гаднах талбайд тухайн орон сууцны бүх оршин суугчид хамаарах нийтийн эдэлбэр газарт орц гарц хааж, машинаа байрлуулдаг мэтээр СӨХ нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, тухайн орон сууцны бүх оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөн мэтээр, мөн В1 давхраар бүгд дамжиж орж гардаг мэтээр СӨХ нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Сууц өмчлөгчдийн холбоо нь хэрэг маргаанд бүх оршин суугчдаас итгэмжлэл аваагүй өөрөөр хэлбэл маргаан бүхий В1 давхарт машинаа байрлуулдаггүй этгээдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хэрвээ эрхтэй бол оршин суугчаас бүгдээс нь итгэмжлэл авах байжээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий В1 давхарт машинаа байрлуулдаг эрх ашиг нь зөрчигдсөн этгээдүүдээс итгэмжлэл, зөвшөөрөл авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Оршин суугчдын бүгдийнх нь эрх ашгийг зөрчсөн талаар өргөдөл гомдол хэрэгт авагдаагүй байхад СӨХ нь тэднийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхад анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

СӨХ-ны эрх ашиг хэзээ үүссэн цаг хугацаа нь маргаан бүхий акттай шууд хамааралтай байх бөгөөд СӨХ В1 давхрыг захиалж бариулаагүй байхад маргаан бүхий акт гарснаас хойш үүсгэн байгуулагдсан цаг хугацааны хувьд СӨХ-ны эрх ашиг хэрхэн, яаж, үүсээд, хэрхэн хөндөгдөж байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийсэнгүйд гомдолтой. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь СӨХ байгуулагдахаас өмнө “Т” ХХК-иас 2017 онд тус орон сууцны барилгын зоорины давхрын 22 авто машины зогсоолын ажлыг зургийг "Г" ХХК-иар боловсруулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дугаар дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Маргаан бүхий орон сууцны В1 давхрын зураг төслийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрч баталсан байх бөгөөд анх 2015 онд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Эрчим хүчний барилгын зоорины хэсэгт 20 авто машины гараашны зориулалттайгаар зураг төслийг боловсруулсан байсныг улмаар 2017 онд "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын 12 давхар, 22 автомашины дулаан зогсоолтой, болгон өөрчилж, үйлчилгээтэй, 90 айлын зориулалттай барилга нь барилга байгууламжийн зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу батлагдаж, комисс нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзэж ашиглалтад оруулжээ.

Гэвч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон "... Гуравдагч этгээд нарын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан бөгөөд уг актын улмаас машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, талд орц гарц таглаж (СӨХ-ийн эзэмшил буюу нийтийн дундын эзэмшил/ зогсоолын эрхийн бүртгэл хийснийг хууль бус бөгөөд түүний улмаас тус байрны оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг зөрчигдсөн болохыг тогтоож..." гэх шаардлагаас захиргааны ямар актын уг эрх ашиг нь зөрчсөн гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчаар Улсын бүртгэлийн хэлтэс болон Хяналт шалгалтын газрыг татах атлаа шүүхийн хүчингүй болгох актад хариуцагч бус этгээд болох архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан этгээдийн гаргасан зураг төсөлд шүүх дүгнэлт хийж шийдвэрээ гаргажээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дугаар дүгнэлт, түүнийг үндэслэж гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох атлаа архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг, төсөлд дүгнэлт хийж, шийдвэрээ гаргах нь бүүр ойлгомжгүй буюу тухайн үеийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь батлагдсан зураг төслийн дагуу барилга баригдсан эсэхэд хяналт тавьж комиссын дүгнэлт гардаг байхад, комисс нь архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг төслийг баталдаг захиргааны байгууллага мэтээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталдаг, хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй мэтээр шүүхийн шийдвэрийн 11, 12 дугааp дүгнэлтэд Хяналт шалгалтын газарт хуулиар олгогдоогүй 22 авто зогсоолын газрыг 20 болгон өөрчлөхийг даалгаж, анхны буюу 20 авто зогсоолын зураг төслөөр нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахыг тус тус даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Зүй нь хариуцагчаар архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан байгууллагыг нэхэмжлэгч хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байтал жинхэнэ хариуцагчийг оролцуулалгүйгээр түүнд хамаарах шаардлагыг захиргааны өөр байгууллага болох Хяналт шалгалтын газарт хийхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг Хяналт шалгалтын газар баталдаггүй, өөрчилдөггүй, хүчингүй болгодог этгээд биш бөгөөд нөгөө талаас доод шатны газар байгууллага нь дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, батлах эрхийг хуулиар эдлэхгүй болно.

Энэ эрхийг Засгийн газрын 2019 оны "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 3.4-т "Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг нийслэлийн ерөнхий архитектор батална" гэж заасны дагуу өөрчлөх, хүчингүй болгох эрхийг эдэлдэг. Тиймээс хуучны Мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагыг эрх үүргийг хэрэгжүүлдэг Нийслэлийн хяналт шалгалтын газарт архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй болно.

Нөгөө талаас нэхэмжлэгчийн гомдлын дагуу хуучнаар Мэргэжлийн газрын ахлах байцаагч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-07-111/112 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж байсан байх бөгөөд нэхэмжлэгчийн талд акт гаргаж байсан байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагыг нэхэмжлэгч хариуцагчаар тодорхойлсон нь бүр ойлгомжгүй байна. Мөн энэ өдрөөс буюу дүгнэлт гаргасан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байх бөгөөд хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байна. Улсын бүртгэлийн байгууллага нь улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо архитектур төлөвлөлтийн зургийг үндэслэж шийдвэрээ гаргадаг болохыг шүүх анхааралдаа авахыг хүсье.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0639 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.     

ХЯНАВАЛ:  

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” СӨХ-оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.        

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.   

 

2.1. Нэхэмжлэгч “Э” СӨХ-ноос Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан "хууль бусаар машины зогсоол бус газарт буюу цахилгаан шатны орох хаалганы өмнө, хойд талд орц гарц таглаж (СӨХ-ийн эзэмшил буюу нийтийн дундын эзэмшил газарт) зогсоолын эрхийн бүртгэл хийснийг хууль бус бөгөөд түүний улмаас тус байрны оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, бүртгэл хийсэн дээрх захиргааны актыг хүчингүй болгох”, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан "Хяналт шалгалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 22 автомашин гэснийг буюу холбогдох хэсгийг хүчингүй болгож, батлагдсан анхны зургаар 20 болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.     

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, 52 дугаар байрны 21 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх бөгөөд 22 тоот авто зогсоолын өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206064225 дугаарт Н.У-ийн нэр дээр  бүртгэгдсэн байна.[1]

2.3. Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2015 онд анх “Г” ХХК-ийн боловсруулсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны “Эрчим хөгжлийн төв”-ийн 88 айлын орон сууцны барилгын зоорийн давхарт 20 автомашины зогсоолын зориулалттайгаар  зураг төслийг баталсан,[2] “Т” ХХК-иас 2017 онд дахин “Г” ХХК-иар 90 айлын хүчин чадал бүхий, зоорийн давхарт 22 /2 автомашины зогсоол нэмсэн/ автомашины зориулалттай орон сууцны барилгын зураг төслийг боловсруулсан[3], үүний дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дүгээр дүгнэлтээр[4] тус барилгыг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулжээ.   

2.4. Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-07-111/112 дугаар дүгнэлтээр “...Эрчим хүчний хөгжлийн төв"-ийн захиалгаар "Гэрэгэ дизайн" ХХК-ийн боловсруулсан "Эрчим хүчний төв”-ийн 88 айлын орон сууцны барилгын ТХ-1 маркийн зураг төсөлд зоорийн давхрын байгуулалтад УЗ-У4 тэнхлэг хооронд буюу зорчих хэсэгт 2 ширхэг автомашины байрлуулахаар тусгасан байгаа нь MNS 5342:2007"-ийн 4.7-заалтыг зөрчсөн байна. Мөн "Түмэн алт" ХХК нь Э дугаар байрны зоорийн давхарт барилгын зураг төсөл зөрчиж дулаан зогсоолуудыг хааж хана өрсөн байгаа нь "Барилгын тухай" хуулийн 46 дугаар зүйл 46.1.3-д /барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх/ заалтыг зөрчсөн байна. Орон сууцны Э дугаар байрны зоорийн давхарт байрлах 12 тоот зогсоолын зорчих хэсгийг хааж хана барьсан, зогсоолын тэмдэглэгээ хийж 2 автомашины зогсоолыг нэмсэн нь Монгол Улсын стандарт "Авто зогсоол, ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007"-ийн 4.7-д /Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хоорондын хөдөлгөөнийг хааж автомашин байрлуулахыг хориглоно./ заалтын шаардлагыг хангахгүй байна...” гэж; Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 033/14 дүгээр дүгнэлтээр “...Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага" MNS 5342:2007 стандартын 4.4, 4.5 дугаар заалт: "Авто зогсоол” БНбД 21-05-10 норм дүрмийн 5.25 заалтаар авто тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулах талбайн хамгийн бага хэмжээг тодорхойлсон байдаг. Зогсоолын урт 5 м, өргөн 2/3 м байна. 4.6 дахь заалт: Авто тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахдаа автомашин хоорондын зай 0,5 м байна гэсэн заалтыг зөрчиж УЗ-У4 тэнхлэг хооронд 21 болон 22 дугаар бүхий зогсоол үүсгэн зорчих хэсэг болон авто зогсоолын зай хэмжээ зөрчиж автотээврийн хэрэгсэл байрлуулсан. Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын 7.7 дахь заалт: Зогсоолын авто тээврийн хэрэгсэл байрлах байрлалыг цагаан зураасаар, аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэнэ. Зогсоолын зориулалтын байрлалаас бусад хэсэгт авто тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно. 4.7 дахь заалт: Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хоорондын хөдөлгөөнийг хааж, автомашин байрлуулахыг хориглоно гэсэн норм стандартын заалтуудыг зөрчиж, зам гарц, зорчих хэсгийн хааж УЗ-У4 тэнхлэг хооронд авто тээврийн хэрэгсэл байрлуулсан нь батлагдсан 20 автомашины зогсоолын ажлын зураг төсөл зөрчсөн байна. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмүүдийн хэрэгжилтийг хангуулан болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэд эрүүл мэнд, амь насаар хохирох, ихээхэн хэмжээний эд материалын хохирол учрах зэрэг эрсдэлтэй гэж дүгнэж байна. Дээрх зөрчил дутагдлыг арилгуулан барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.” гэсэн дүгнэлтүүд гарчээ.[5]    

2.5. Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын[6] холбогдох заалтуудыг зөрчиж цахилгаан шатны өмнө болон хойд хэсгүүдэд 21, 22 тоот автомашины зогсоолыг нэмсэн байхад үүнд үзлэг шалгалт хийсэн гэх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссоос хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь хуульд нийцээгүй байх бөгөөд энэ нь улсын байцаагчийн дүгнэлт болон газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр[7] нотлогдож байна.  

2.6. Улсын бүртгэлийн тухай хуулийн /2009/ 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална”, 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна”, 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”,  11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.” гэж тус тус заасны дагуу нэгэнт маргаан бүхий 22 тоот авто машины зогсоолын өмчлөх эрх дээр дурдсан стандартын[8] холбогдох заалтуудыг зөрчиж үүссэн учир улсын бүртгэлийн Ү-2206064225 дугаарын бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.  

2.7. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай

орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр

зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны

байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” ойлгохоор, 12 дугаар зүйлийн 12.1-д “Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ” гэж, мөн орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарах эд хөрөнгийг уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “орон сууцны байшингийн ..., машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж тус тус зааснаар “Э” СӨХ-ны гүйцэтгэх захирлаас цахилгаан шатны өмнө болон хойд талд орц, гарц таглаж 21, 22 тоот автомашины зогсоолын эрхийн бүртгэл хийсэн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учраас энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

2.8.  Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааран барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дараах байгууллагад хүргүүлнэ”, 2.2.2. энэ дүрмийн 2.2.1-д зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Хяналт шалгалтын газар нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа нь хариуцагчийн хариу тайлбар болон тус байгууллагын https://www.inspection.ub.gov.mn/# гэх албан ёсны сайт буюу нийтэд илэрхий баримтаар нотлогдож байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох хариуцагчийг зөв тодорхойлсон байна.      

2.9. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 033/14, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-07-111/112 дугаар тус тус дүгнэлтээр 21, 22 дугаар автомашины зогсоолыг нэмсэн нь холбогдох стандартыг зөрчсөн гэж үзсэн, мөн тус 2 автомашины зогсоолыг нэмсэн 2017 оны зураг төслийг үндэслэж гарсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017/309 дүгээр дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс “... хууль тогтоомжид нийцэхгүй зураг төслийг үндэслэж Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актын улмаас холбогдох улсын бүртгэл хийгдсэн... анхны зургаар 20 болгон өөрчлөх нь оршин суугчид болон хууль ёсны зогсоол өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхол, мөн зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байх стандарт, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол хохирол учрах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

                      ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА   

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 46 дахь тал

[2] 1 хавтаст хэргийн 147 дахь тал

[3] 2 хавтаст хэргийн 73 дахь тал

[4] 1 хавтаст хэргийн 95-98 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 9-10 хуудас 

[6] 1 хавтаст хэргийн 41-44 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 110 дахь тал

[8] 1 хавтаст хэргийн 41-44 хуудас