Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 56

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Б.Дэлгэрдалай, шүүгдэгч Б.Хуягбаатар, түүний өмгөөлөгч Э.Ганбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-362) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Насанцогт овогт Бойжирын Хуягбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2794 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:  

Насанцогт овогт Бойжирын Хуягбаатар, Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувийн оёдлын цех ажиллуулдаг, ам бүл нэг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, 15 дугаар байр, 1-2 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар УХ62070711, урьд дөрвөн удаа ял шийтгүүлсэн.

-Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1. дэх хэсэгт зааснаар 600 төгрөгийн торгох ял,

-Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2. дахь хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял,

-Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1. дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ял дээр Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2. дахь хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 3 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 14 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял,

-Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2. дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгджээ.

Холбогдсон хэргийн талаар: (яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

Яллагдагч Б.Хуягбаатар нь ялтайд тооцогдох хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Бөөний худалдааны 24 дүгээр байрны 13 тоотод иргэн Г.Ганбаяртай найз бүсгүйгээ өмөөрч маргалдан зодож, хутгаар хөл, гар руу нь хатгаж бие мах бодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Б.Хуягбаатар: 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр найз бүсгүй Амарзаяатай хамт түүний гэрт байсан. Тэр үед найз бүсгүй минь жирэмсэн болсон гэсэн тул бид хоёр баяраа тэмдэглэсэн. Тэгээд бид хоёр нэг давхарт байдаг Баясгалангийн гэрт орсон. Тэднийд байхад гаднаас Ганбаяр орж ирээд, хамт уусан. Архи ууж байх үед Ганбаяр, Амарзаяатай муудалцаад байсан. Бид архиа уучихаад унтацгаасан. Миний араар Амарзаяа, түүний цаана Ганбаяр унтсан. Би Амарзаяаг тэврээд унтаж байтал, тэрээр хойшоо түлхээд сонин хөдөлсөн. Тэгэхээр нь би босоод хартал Ганбаяр Амарзаяагийн өмдийг өгзөгнийх нь дунд хүртэл шувтлаад, өмд рүү нь гараа хийчихсэн байсан. Түүнийг хараад миний уур хүрсэн тул түүнийг цохиж унагаад, харин айлгах зорилгоор эсгүүр хийдэг жижиг хутгаар хэд хэдэн удаа хатгасан. Ганбаяр шалан дээр дуссан цусаа угаана гэж угаалгын өрөө орчихоод гараад явчихсан байсан. Маргааш нь би Ганбаяраас уучлал гуйгаад эм тарианы мөнгө өгнө гэдгээ хэлсэн. Хэрэг бүртгэлтийн шатанд би бүх хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гээд надтай эвлэрсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их хамарсаж, өөртөө дүгнэлт хийж байгаа бөгөөд удахгүй төрөх хүүхдийнхээ төлөө цаашид ирээдүйн зорилготой, завгүй амьдарна гэж бодож байгаа. Иймд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.   

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2601 2794 дугаартай хэргээс)

1. Хохирогч Г.Ганбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед зуслангаас ирээд хажуу байранд амьдардаг Баясгалан ахынд орсон чинь эхнэр Гэрэлээ, Мөнхөө гэдэг ах, бас танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байсан. Баясгалан ахын эхнэр Мөнхөө гэдэг хүнтэй архи ууж байгаад надад архи хундагалж өгчихөөд сууж байтал, унтаж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эмэгтэй нь босож ирээд, намайг “чи хэзээ орж ирсэн юм бэ” гээд элдвээр хэлж байгаад буцаад унтсан. Дараа нь хамт унтаж байсан эрэгтэй нь босож ирээд, надтай танилцаад ганц нэг хундага юм хувааж уучихаад, унтах гээд бүгд хэвтэх үед би тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эмэгтэйн хажуугаар орж хэвтсэн. Би хажууд хэвтэж байсан эмэгтэйн өмд рүү гараа хийтэл босож ирээд өөдөөс хэрүүл өдөөд байхаар нь “амаа тат” гээд хэлчихсэн чинь хамт байсан эрэгтэй нь “ах нь халхын атаман 22 жил шоронд суусан” гэхээр нь би “таны атаман гэж юу байсан юм, өдий насалчихаад хулигаан гээд байхдаа яадаг юм” гэсэн чинь тэр ах хаанаас ч юм хутга гаргаж ирээд үзүүрээс нь барьж байгаад над руу дайрч хөл гар руу хатгасан тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад хэвтсэн чинь дээрээс толгой руу дэвсээд хэл амаар доромжлоод байхаар нь “ахаа би цусаа угаачихья гээд, 00-ын өрөө орсон чинь араас хүрч ирээд гаргахгүй байхаар нь хувинтай ус аваад шалаа угааж байтал намайг нэмж өшиглөсөн тэгэхээр нь би “шалны алчуураа мушгаад ирье цус болчихлоо” гэж хэлээд алчуураа аваад тэндээс зугтааж гарсан. Өглөө нь буцаад Баясгалан ахынд орсон чинь Баясгалан ах эхнэрийн хамт сэрчихсэн намайг зодсон хүн байгаагүй. Тэнд цаг гаран хүлээж байтал нөгөөх эрэгтэй гаднаас орж ирээд, надаас уучлалт гуйсан. Тэрээр буцаад ирнэ гэхээр нь хүлээсэн болов ч ирээгүй, маргааш нь ч ирээгүй. Тиймээс нөгөөдөр нь өргөдөл өгсөн. Би Баясгалан ахын найз Хуягбаатар гэдэг хүнтэй хамт явсан хүүхнийг нь унтаж байхад нь араас нь оролдчихсон чинь тэр эрэгтэй хүүхнээ өмөөрч намайг хутгаар гар, хөл, толгойн дагз хэсэгт хатгаж, хөлөөрөө толгой нүүр рүү өшиглөж, дэвссэн, элэг рүү нэг удаа өшиглөсөн. Одоо миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Хуягбаатар надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул Хуягбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас),

2. Гэрч Г.Гэрэлтуяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 19-ний орой яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй нөхөр Баясгалангийн хамт гэртээ байж байтал гаднаас Баясгалангийн найз Хуягбаатар манай дөрвөн давхарт амьдардаг Амарзаяагийн хамт нэг шил архитай орж ирээд бид дөрөв авсан архийг нь хуваагаад ууж байтал манай ойролцоо амьдардаг Ганбаатар орж ирээд дахин нэг шил архи аваад тэрийг нь хувааж уусан. Ахиад нэг шил архи авах үед би Амарзаяатай унтахаар жижиг өрөөнд орсон. Баясгалан том өрөөнд унтаад үлдсэн. Хуягбаатар, Ганбаяр хоёр архиа хувааж уугаад сууж байсан. Тэгээд унтаж байтал Хуягбаатар Ганбаяр хоёр маргалдаж байгаад хоорондоо зодолдох чимээ гарахаар нь босоод харсан чинь Хуягбаатар “энэ муу бацаан намайг цохиод авлаа” гээд хоорондоо зодолдоод байсан. Ганбаярын нүүр цус болчихсон харагдсан. Манай нөхөр тэр хоёрыг салгаад Ганбаяр угаалгын өрөөнд орж цусаа угааж байгаад гараад явчихсан. Маргааш нь үдээс өмнө манайд орж ирээд дахин архи ууж байгаад гараад явсан. Хамт архи  ууж байгаад унтахаар хэвтэх үед Ганбаяр Хуягбаатартай хамт явсан Амарзаяагийн өмдөнд гараа хийж оролдсоноос болж хоорондоо муудалцсан гэж байсан. Би тэр хоёрыг зодолдож байхыг харсан. Хуягбаатар Ганбаярыг гараараа нүүрэнд нь цохиж хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан, яг хэдэн удаа юугаар хаана нь цохисон гэдгийг хараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

3. Гэрч С.Амарзаяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед ажлаа тараад найз эмэгтэй Сайнаагийн хамт гэртээ ирээд замаараа авсан пивоо хувааж уусан. Ахиад нэг шил архи аваад түүнийгээ хувааж ууж байгаад найз Хуягбаатарын 86177140 дугаарт залгаад “хаана байгаа юм” гээд асуусан чинь “доор Баясаагийнд байна” гэхээр нь бид хоёр ууж байсан архиа орхиод Баясаагийнд орсон чинь үүдэнд нь Хуягбаатар намайг хүлээгээд зогсож байсан. Баясгалан ахынд ороод нэг шил архи хувааж уусан чинь найз Сайнаа гэртээ харьсан. Тэгсэн гаднаас зүс таних Ганбаяр хоёр шил архитай орж ирсэн. Тэрийг нь бүгд хувааж ууцгаасан. Тэр үед Ганбаяртай би үл ялих шалтгаанаас болж маргалдаж байгаад больсон. Тэгээд бүгд согтоод Баясгалан ахын жижиг өрөөнд Гэрэлээ эгч Хуягбаатар, Ганбаяр бид нар газар зэрэгцээд унтсан чинь Ганбаяр миний ард хэвтэж байснаа миний өмдийг хагас шувталчихсан байсан тэрийг Хуягбаатар мэдчихээд “чи миний нүдэн дээр миний хүүхнийг оролдоод байхдаа яадаг юм” гээд Ганбаярыг татаж босгоод барьцалдаж аваад ноцолдоод эхэлсэн. Удалгүй Баясгалан ах том өрөөнөөс орж ирээд тэр хоёрыг салгасан. Намайг унтаж байхад Ганбаяр оролдсоноос болж намайг өмөөрч Ганбаяртай муудалцсан. Би тэр хоёрыг зодолдож байхыг хараагүй, нэлээн согтолттой байсан тул цохиж зодож байгааг хараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15947 дугаартай: “Г.Ганбаярын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний дээд зовхи, цох, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, баруун бугалга, шуу, бугуй, баруун гарын эрхий, долоовор хурууны уг, зүүн бугалганы хатгагдсан шарх, зүүн суганы ар гадаргуунд хатгагдсан шарх, цус хуралт, дагзны хуйхны хатгагдсан шарх, баруун гуяны гадна дээд гадаргуунд хатгагдсан шарх, зүүн гуяны дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас),

5. Шүүгдэгч Б.Хуягбаатарын хэрэг бүртгэлтэд сэжигтнээр өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед Баясгалангийн гэрт Баясгалан, түүний эхнэр Гэрэлтуяа бид гурав гаднаас 1 шил архи худалдаж аваад түүнийгээ хувааж уугаад яриад сууж байтал найз эмэгтэй Амарзаяа утсаар залгаад “намайг гэртээ хүрээд ирээч” гэхээр нь би “Баясагийнд байна” гэсэн чинь Амарзаяа гаднаас орж ирсэн. Бид дөрөв авсан архиа хувааж уугаад сууж байтал зүс таних Ганбаяр хоёр шил архитай орж ирсэн. Тэрийг нь хувааж ууж байтал найз эмэгтэй Амарзаяа Ганбаяр хоёр хоорондоо урьдын болсон явдлаасаа болж маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би “болио” гээд Амарзаяаг болиулсан. Би уусан архиндаа халаад нэг хэсэг унтчихсан байсан. Амарзаяа Ганбаяр бид хоёрын голоор ороод намайг тэврээд унтаж байтал нэг мэдсэн чинь Ганбаяр Амарзаяаг цаашаа хараад унтаач гэж байсан тэгэхээр нь би Амарзаяаг тэвэрсэн чинь Амарзаяагийн өмд хагас шувтарчихсан байхаар нь би Ганбаяр хандаж “чи миний дэргэд миний найз эмэгтэйг шаах гэж байгаа юм уу” гэсэн чинь өөдөөс согтуурхаад хэг ёг гэхээр нь би босож ирээд Ганбаяртай барьцалдаж аваад халаасанд байсан эвхдэг хутга байсныг гаргаж ирээд Ганбаярыг айлгах маягаар гар хөл орчимд нь 4-5 удаа хатгасан. Зүүн шанаанд нь гараараа цохисон чинь Баясгалан цаанаас орж ирээд бид хоёрыг салгасан. Миний найз эмэгтэйг согтуу унтаж байхад нь оролдсоноос болж найз эмэгтэйгээ өмөөрч Ганбаярыг цохиж хутгаар хутгалсан. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзон байхгүй. Би Ганбаярт хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ганбаяраас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн, хохирлын маргаангүй болсон... гэх мэдүүлэг (хх-ийн 34-35 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Б.Хуягбаатарын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн: Би бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас),

Мөн шүүгдэгч Б.Хуягбаатарын хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50 дугаар хуудас), шүүхийн таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, суллагдсан баримтын баталгаажсан хуулбар (хх-н 54-66), хувийн оёдлын цех ажиллуулдаг гэх баримт (хх-ийн 106 дугаар хуудас), “Хаан” банк дахь дансны хуулга (хх-ийн 108-113 дугаар хуудас....) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ. 

Хэрэг бүртгэлтийн шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн, хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг, дадлага, тушлагатай, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Хуягбаатар нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Хуягбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу урьд шийтгүүлсэн гэмт хэргийн ялгүй болох хугацаа дуусаагүй байх үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Бөөний худалдааны 24 дүгээр байрны 13 тоотод Баясгалан, Г.Гэрэлтуяа, С.Амарзаяа, Г.Ганбаяр нартай архидан согтууржээ. Гэтэл хохирогч Г.Ганбаяр нь шүүгдэгч Б.Хуягбаатарын найз бүсгүй С.Амарзаяаг унтаж байх үед өмдийг нь шувталж, өмд рүү нь гараа хийсэн байсныг Б.Хуягбаатар хараад, найз бүсгүйгээ өмөөрч, хохирогчийн зүй бус үйлдлээс улбаалсан хувийн сэдэлтээр хохирогч Г.Ганбаярыг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Хуягбаатарын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч Г.Ганбаяр, гэрч Г.Гэрэлтуяа, С.Амарзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15947 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Б.Хуягбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл: шүүгдэгч Б.Хуягбаатарыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “хохирогч Г.Ганбаярын бусдын найз бүсгүйн өмдийг хагас шувталсан зүй бус үйлдэл”-тэй холбоотой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Хуягбаатарыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50) болон ял шийтгүүлсэн тогтоолууд, суллагдсан баримт (хх-ийн 54-66)-аар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Хуягбаатар нь:

-Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1. дэх хэсэгт зааснаар 600 төгрөгийн торгох ял,

-Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2. дахь хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял,

-Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1. дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ял дээр Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2. дахь хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 3 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 14 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял,

-Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2. дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 14 жил 9 сар 23 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 8 хоногийн ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 6 жил 1 сарын хугацаагаар биечлэн эдлэх хорих ял тогтоосон байна.

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоногийн хорих ялаас тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзжээ.  

Шүүгдэгч Б.Хуягбаатар нь суллагдсан өдрөөс хойш 5 жил 9 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн тул түүний тэнссэн ялыг нэмж нэгтгэхгүй.

Харин түүний урьд шийтгүүлсэн гэмт хэргийн ялгүй болох хугацааг тоолоход Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл бий эсэхийг шалгаж үзье. 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн “и” заалтад түүний шийтгүүлсэн гэмт хэргийн ялгүй болох хугацааг 10 жилээр хуульчилсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Хуягбаатар нь урьд БНМАУ-ын 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85 дугаар зүйлд заасан “хүнийг санаатай алсан” гэмт хэрэгт 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5 сар 16 хоногийн ялаас тэнсэн суллагдсанаас хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5. дахь хэсэгт заасан 10 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул түүнийг ялтай гэж үзнэ.

Мөн “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3. дахь хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч Б.Хуягбаатарын ялгүй болох хугацааны үлдсэн хэсгийг өршөөлд хамааруулахгүй.

Хохирогч Г.Ганбаяр нь хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагч Б.Хуягбаатартай сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрөө бүрэн авсан байх боловч шүүгдэгч Б.Хуягбаатарын урьд шийтгүүлсэн гэмт хэргийн ялгүй болох хугацаа дуусаагүй буюу тэрээр “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд биш” тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл алга.

Шүүгдэгч Б.Хуягбаатар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг тус тус ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, эдгээрийг харгалзан шүүх түүнд торгох ял оногдуулав.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Хуягбаатар нь хохирогчид нийт 2.500.000 төгрөг өгч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Иймд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Хуягбаатар нь гурав хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Г.Ганбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Б.Хуягбаатар нь энэ хэрэгт 3 (гурав) хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж буй нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр тэнцүүлж, торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 см урт ажлын хэсэгтэй, төмөр бариултай, нэг ширхэг эвхдэг хутгыг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах ажлын хэсэг”-т шилжүүллээ.

Шүүх шүүгдэгч Б.Хуягбаатарт торгох ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн гадагш явж болохгүй тухай баталгаа авч, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Насанцогт овогт Бойжирын Хуягбаатарыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хуягбаатарт гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 (нэг сая нэг зуун тавин хоёр мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Хуягбаатарын цагдан хоригдсон гурав хоногийг цагдан хоригдох үед мөрдөгдөж буй нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, торгох ялаас 720.000 (долоон зуун хорин мянга) төгрөгийг хассугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хуягбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх 3 (гурав) жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Хуягбаатар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гурав хоног цагдан хоригдсон, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Г.Ганбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 см урт ажлын хэсэгтэй, төмөр бариултай, нэг ширхэг эвхдэг хутгыг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах ажлын хэсэг”-т шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хуягбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хуягбаатарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.БАТАА