Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0216

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Г.Б

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Н. нарын хоорондын сонгуулийн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Г.Б, хариуцагч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Г. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Н.У-д холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн Н.У-ын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1452902 дугаартай шийтгэлийн хуудас илт хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан бөгөөд шийтгэлийн хуудас гаргах эрхгүй этгээд гаргасан гэсэн үндэслэлээр маргаж байна.

2. Иргэн Г.Б тус шүүхэд хандан 2022.1.21-ний өдөр гомдол гаргасан.

3. Гомдол гаргагч Г.Б шүүхэд гаргасан гомдолдоо: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Н.У гэх эрх бүхий албан тушаалтан нь иргэн Г.Б миний гаргасан гэх зөрчилд шийтгэл оногдуулах, шийтгэлийн хуудас бичих хуульд заасан эрхгүй бас үүрэггүй байна. Үндэслэл нь: Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрх үүргийг 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг 20.1-д Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна, 20.1.1.Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах, 20.1.2. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, 20.1.3. аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах, 20.1.4. хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гаргах, 20.1.5. энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагын удирдлага үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн эсхүл ажлаас нь чөлөөлсөн гэж үзвэл холбогдох байгууллагад эрхээ хамгаалуулахаар хүсэлт,  20.2. Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ, 20.2.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээдийн шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх хууль ёсны, 20.2.2. аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, 20.2.3. холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, 20.2.4. нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, 20.2.5. дансны өглөг авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээ гаргахаас нь өмнө хянан баталгаажуулах, 20.2.6.эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэглийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах, 20.2.7. аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө, туслалцаа авах, 20.2.8. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, 20.2.9. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, 20.2.10.аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх, 20.2.11. өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах, 20.2.12, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх, 20.2.13. эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах гэсэн хуулиар олгосон 5-н төрлийн эрх, 13-н төрлийн үүрэгтэй байна гэж эрх, үүргийг хуульчилсан байна.

Хуулиар баталсан дээрх эрх, үүрэг дотор иргэнд хамаарал бүхий зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулах, шийтгэлийн хуудас бичих зохицуулалт байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас..., мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэж заасан байна.

Нягтлан бодох бүртгэлийн хуулиар Нягтлан бодогчийн эрх, үүрэгт зөрчлийн хэрэгт холбогдох иргэнд шийтгэл, оногдуулах, шийтгэлийн хуудас бичих тусгайлан эрх олгогдоогүй байна. Бас зөрчил гаргасан иргэнд шийтгэл оногдуулах, шийтгэх хуудас бичих эрхийг Сангийн яамнаас сунгаагүй байна.

Хуульд заасан эрх үүрэг хүлээгээгүй, тусгайлан эрх үүрэг шилжүүлэн аваагүй этгээд үйлдсэн уг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Н.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н овогтой У нь Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч /Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч/-оор ажилладаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн ахлах болон улсын байцаагч нь мэргэшсэн нягтлан бодогч байна гэж зааснаар миний бие Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхээ 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр авсан, мэргэшсэн нягтлан бодогч. Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/37 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрхийг авсан. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн Засгийн газрын 2012 оны 170 дугаар тогтоолын 2.4 дэх хэсэгт заасны дагуу “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт улсын байцаагчийн эрх олгоно", 4.1. Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхээс гадна дараах эрхийг хэрэгжүүлэх хүрээнд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дэх хэсэгт заасны дагуу санхүүгийн тайлангийн тайлагналт, баталгаажуулалт, хадгалалтад хяналт тавих” -үйл ажиллагааг явуулсан. Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 тоот албан бичгээр Монгол улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Налайх дүүргийн 21 дүгээр тойрогт нэр дэвшсэн “Та бидний эвсэл” Э., “Шинэ эвсэл” Д.О, бие даан нэр дэвшигч Г.Б, бие даан нэр дэвшигч Г.Ч нарт хуульд заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж ирүүлээгүй зөрчил гаргасан тул зөрчлийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

Үүний дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 дахь хэсэгт заасан эрх бүхий нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.25 дахь хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан эрх бүхий нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй", мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.27 дахь хэсэгт  "Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдлоор шийтгэл оногдуулсан.Хэрэг шалгах явцад нэр дэвшигч Г.Б нь Архивын газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/43 тоот албан бичгээр 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Налайх дүүргийн 21 дүгээр тойргийн 18-р хэсэгт нэр дэвшсэн тухай, Үндэсний Аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 011462 тоот албан бичгээр сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй тухай нотлох баримтуудыг цуглуулж, зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчилд шийтгэл оногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд арга хэмжээ авах хүрээнд Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт 2007000729, 2007000730, 2007000731, 2007000732 дугаартай хэргүүд үүсэж, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаж хянуулсан. Үүнээс Иргэн Г.Б-д 2007000731 дугаартай хэрэг үүсэж шалгагдсан. Сангийн яамнаас 2018 онд байцаагчийн эрхийг 2 жилийн хугацаагаар олгосон бөгөөд сунгаагүй. Сунгуулахаар өргөдлөө өгсөн. Иймд миний бичсэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1452902 дугаартай шийтгэлийн хуудас бүхий захиргааны акт нь илт хууль бус гэж үзэхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч Г.Б-аас Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Н.У-д холбогдуулан “Улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1452902 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн Г.Б нь сонгуулийн зардлын дансаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3.  Г.Б нь гомдлын үндэслэлээ “... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар нягтлан бодогчийн эрх, үүрэгт зөрчлийн хэрэгт холбогдох иргэн шийтгэл оногдуулах, шийтгэлийн хуудас бичих тусгайлан эрх олгогдоогүй, зөрчил гаргасан иргэнд шийтгэл оногдуулах, шийтгэх хуудас бичих эрхийг Сангийн яамнаас сунгаагүй” гэжээ.

4.  Хариуцагчаас “... миний бие мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А37 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрхийг авсан” гэж тайлбарлаж байна.

5.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”, 6.22 дахь хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж тус тус заажээ.

6. Тодруулбал, сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч холбогдох зөрчлийг шалган, шийтгэл оногдуулахаар байна.

7. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч байна. Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч гэсэн ангилалтай байна”, 22.3 дахь хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно”, 22.6 дахь хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 170 дугаар тогтоолоор батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийн 2.1-д “Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч байна”, 2.2-т “Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно” гэж тус тус заасан.

8. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А37 дугаар “... Налайх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн Н.У ... нарт нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхийг 2 жилийн хугацаагаар олгосугай” гэсэн тушаалаас үзвэл хариуцагчийн улсын байцаагчийн эрх 2020  оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болжээ.

Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгуулахаар Налай дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 02/50 дугаар албан бичгээр Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт “... ерөнхий нягтлан бодогч Н.У нарын нягтлан бодох бүртгэлийн улсын байцагчийн эрхийг олгож өгнө үү” гэж хандсан байна.

9. Хариуцагч Н.У маргаан бүхий захиргааны актыг гаргасан буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр түүний улсын байцаагчийн эрх дуусгавар болсон, сунгуулахаар 2022 онд Сангийн яаманд хандсан, мөн хариуцагч шүүх хуралдаанд “... улсын байцаагчийн эрхийн хугацаа дууссан, одоогоор сунгагдаагүй байгаа” гэсэн тайлбар гаргаж байна.

10. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ”, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3 дахь заалтад “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тус тус зааснаар шийтгэл ногдуулах эрхгүй этгээд иргэн Г.Б-г торгосон гэж үзэх үндэслэлтэй.

11. Түүнчлэн шийтгэлийн хуудаст Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч гэж шийтгэл ногдуулсан байх тул гомдол гаргагчийн нягтлан бодогчид шийтгэл ногдуулах эрх хэмжээ байхгүй гэсэн тайлбар мөн үндэслэлтэй байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.6, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Г.Б-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1452902 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагч Г.Б-д олгосугай.

 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ